“G mobile” археологийн дурсгал сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

“G mobile” археологийн дурсгал сүйтгэжээ

“G mobile” археологийн дурсгал сүйтгэж, антенаа байрлуулжээ

Үүрэн телефоны үндэсний оператор болох “G mobile” корпораци Ховд аймгийн Манхан сумын нутагт байрлах Ишгэн толгойн эртний хадны зургийн талыг хусч, сүлжээний антенаа байрлуулжээ. Уг хадны зураг нь археологчдын анхаарлыг ихээр татдаг ховор олдворт тооцогддог бөгөөд тус корпораци орон нутгийн аль өндөр гэсэн уул, хаданд очиж, өөрийн антенаа байрлуулдаг байна. Ингэхдээ дээрх байдлаар түүхийн ховор нандин дурсгалыг сүйтгэх байдал ихээр гаргадаг хэмээн саяхан тус нутгаар хайгуул хийгээд ирсэн архелогчид манай сонинд мэдээллээ. 

Баримт бодит байдал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хан хэнтий нурууны “Бурхан халдун” уулыг “Юнеско”-д  бүртгүүлэхийг зарлигыг болгосон нь ёстой нөгөө “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч боллоо. Чингис хаан болон их хоригийн булш бунхнаас эхлээд манай улсын түүхийн чухал цагийн дурсгалууд олноор хадгалагддаг энэ уулыг дэлхийн өвд бүртгүүлэх дээрх зарлиг гарахаас өмнө хоёр жилийн турш төрийн тахилгат тус уулын зүүн урд хэсэг буюу их хааны бунхан байж болзошгүй гэж эрдэмтдийн үздэг эртний бунхнаас ердөө долоон км зайтай газарт хууль бусаар алт олборлож байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Алтай хангай бүрд” компанийн үйл ажиллагааг иргэний  хөдөлгөөний  нэгдлээс бүрдсэн “Гал голомтоо  хамгаалах  хөх  монголчуудын нэгдэл”-ийнхэн хүчээр зогсоосон. Энэ бунхныг одоогоос зуу гаруй жилийн өмнө ухсан байдаг  бөгөөд 16 метр өргөн, 50 метрийн диаметртэй энэ бунхан нь эртний том хааны булш гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл ажээ. Энэ дурсгалыг Чингис хааных мөн үү биш үү гэдгийг судлаачид хараахан тогтоогоогүй байгаа ч археологийн үнэт дурсгал зүй ёсоор тооцогдох олдвор юм. Гэтэл энэ түүхэн ач холбогдол бүхий дурсгалаас ердөө долоохон метрийн зайд буюу төрийн тахилагат уг уулын зүүн урд хэсгээс “Алтай  хангай бүрд” гэдэг компани  хоёр жилийн турш хууль бусаар алт олборлож,  гол  мөрний  урсац  бүрдэлдэх  эх,  ой усны  сан  бүхий  газрын   хамгаалалтын бүсэд лиценз эзэмшиж, байгаль  орчинг   сүйтгэж,   уулнаас урсах  булгын  эхийг  далангаар  хаасан, алт угаасан  усаа  Сайханы  гол руу  асгаж байгаа зэрэг олон зөрчил гаргаж байгааг нутгийн иргэд иргэний хөдөлгөөнийхөнд мэдээлсэн байна. Хэнтийчүүд энэ талаархи мэдээллийг өмнө нь удаа дараа төрийн байгууллагад мэдээлж байсан ч төрөөс ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм. Ийм байдлаар төр  хуулиа  хэрэгжүүлэлгүй, монгол цагдаагаар хамгаалуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг “дэмжсэн” тул нутгийн иргэд төрийн бус байгууллагуудад хандаж, эцэг  өвгөдийнхөө  олон зуун  жилийн турш  шүтэж ирсэн  онгон  байгалиа  хамгаалж тэмцэхэд хүрсэн байна. Гэтэл бүх зүйл өнгөрч, хятадын компанийн үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийнх нь түлхүүр цоожийг иргэний хөдөлгөөнийхөн  хураасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тахилгат, дархан цаазат уулаа хятад “ах” нараараа ухуулж, сэндийчүүлээд байж болохгүй юм байна. Үүний оронд өмнөх ерөнхийлөгчийнх нь үед ч яригдаж байсан дэлхийн өвд нь бүртгүүлчихвэл нэр төрийн асуудал гэдгийг ухаарч, Бурхан халдун уулыг Юнескод бүртгүүлэх чиглэлийг Засгийн газарт сая нэг юм өгөв. Нутгийн минь зүүн хязгаарт ийм явдал өрнөж байх зуур Ховд аймгийн Манхан суманд байрлах Ишгэн хадны зургийн талаас илүү хэсгийг үүрэн телефоны үндэсний оператор хэмээн өөрсдийгөө нэрэлдэг “G mobile” корпорацийнхан хусч үгүй хийжээ.

Тэдний сүлжээний антенаа байрлуулахын тулд хуссан Ишгэн хадны зураг нь ганц манай улсад битгий хэл, дэлхийд ховорт тооцогддог палеолитийн үеийн чухал олдвор ажээ. Энэ зургийг 1979 онд алдарт эрдэмтэн Аклодниковоор ахлуулсан Монгол, Зөвлөлтийн хамтарсан экспедиц хайгуул хийж яваад олсон юм. Энэ багт монголын талыг төлөөлж одоогийн ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал, професор, Монгол Улсын гавъяат зүтгэлтэн Д.Цэвээндорж явж байсан юм. Тэрбээр энэ үед  Ишгэн толгойн хадны зургийг анх олж харсан байдаг. Энэ зурагт манай нутагт эрт үед амьдарч байсан бар дүрсэлсэн байсан нь тухайн үедээ эрдэмтдийн анхаарлыг татаж байжээ. Мөн зэрлэг үхэр, адуу зэргийг Европ, Франц, Орост чулуун зэвсгийн үед хадан дээр чулуугаар цохиж дүрсэлдэг аргаар зурсан байсан юм. Энэ нь одоогоос 20 орчим мянган жилийн өмнөх урлагын бүтээл болохыг илтгэж байгаа юм. Үүнтэй адил аргаар зурагдсан палеолитийн үеийн олдвор одоогоор Цэнхэрийн агуй, Хад үзүүр, Рашаан хадны гэх зургууд л манайд бүртгэгдээд байна. Ийм олдвор нь монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох археологийн дурсгалд тооцогддог юм. Гэтэл ийм дурсгалыг манай үндэсний хэмээн элгэмсдэг  опетатор хусч, сүйтгэсэн нь үндэстнийхээ эрх ашгийг уландаа гишгилсэн асуудал боллоо. “G mobile” корпорацийнхны түүхийн он цагийн бичээсийг сүйтгэсэн алхамаа зөвтгөдөг “Археологийн үнэт олдвор гэдгийг мэдээгүйгээс зургийг хусч, антенаа зоосон. Одоо энэ газарт хашаа хайс барьж, нутгийн иргэдийн хамгаалалтад өгсөн” хэмээх  тайлбарт  түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн хариултаас өөр юу зохилтой вэ. Ийм алхам нь үндэсний хэмжээний хэмээн өөрсдийгөө тодорхойлсон отгон опетарторын маань нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрхэн биелүүлэх бол.

С.Бат-Эрдэнэ: Ишгэн хадны 3/1 хэсэг нь хусагдсан байсан

Энэ талаар Археологийн дурсгалыг авран хамгаалах төвийн гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Дэлхийн өвд бүртгэгдэх Бурхан халдун уулыг хятадын нэг компани сэтэлж, алт олборлож байсан. Үүнийг нь иргэний хөдөлгөөнүүд таслан зогсоосон. Энэ ууланд археологийн ямар дурсгалууд хадгалагддаг юм бэ?

-2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай сургуулийн багш Ж.Баярсайхан, “Анод” банкны Н.Даваа нар тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярт Бурхан халдун уулын их овоо хэмээн нэрлэдэг газарт Чингисийн бунхан байгаа гэх үндэслэл бий гэдгийг харуулсан байдаг. Энэ нь уг овооноос 20 метрийн гүнд хөндий хэсэг байгаа гэдэг нь сансраас тогтоогддог юм. Тиймээс энэ хэсэгт их хааны бунхан байх магадлалтай гэдгийг Ерөнхийлөгч Н.Энхбаярт ойлгуулж, улмаар уг уулыг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг хөндсөн. Үүнээс хойш удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдож, энэ асуудал намжсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт уг уулыг БНХАУ-ын “Алтай хангай бүрд” компани сэтэлж, олборлолт явуулж байгаа мэдээлэл гарсан. Үүнтэй зэрэгцэн дахин энэ уулыг Юнескод бүртгүүлэх асуудал гарч ирээдбайна. Энэ ууланд Чингисийн бунханаас эхлээд манай хаад, ноёдын олон булш, бунхан хадгалагддаг тул археологийн чухал ач холбогдол бүхий бүс нутаг яахын аргагүй мөн.

-Энэ компаниас гадна археологийн түүх дурсгалыг сүйтгэж байгаа олон компани байдаг гэсэн. Тэдгээрийн талаар?

-Манайх өнгөрсөн жил Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй уул уурхайн компани олборлолт явуулж байгаа газартаа археологийн судалгаа хийсэн эсэх талаар мэдээлэл авахаар УМХЕГ-тай хамтран албан тоот явуулсан. Гэтэл  “Бороо гоулд”, “Кү Жи Экс” зэрэг гурван газраас  л хариу ирсэн. Энэ бол хангалтгүй тоо. Дэлхийн бусад оронд уул уурхайн олборлолт явуулахаасаа өмнө заавал археологийн судалгааг явуулсан байх шаардлагатай байдаг. Манайд өнөөдөр байдал ийм л байна. Ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниас жишээ татвал, “АПУ” компани 2008 оноос Богдын музейг тойруулаад хашаагаа барьсан. Бид тус музейнхэнтэй уулзаж, ярилцсны эцэст  “АПУ” компанид ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг оролдсон. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрч чадаагүй л байна. Уг нь Засгийн газрын тогтоолоор Богдын музейн газрын эзэмших гектор талбайг зааж өгсөн байдаг. Гэтэл Богдын музейн эзэмшлийн газарт “АПУ” компани хашаагаа бариад удаж байна.

-Үүнээс гадна “G mobile” корпорацийнхан Ишгэн хадны зургийг сүйтгэсэн. Энэ талаар?

-Үүрэн телефоны операторууд өндөрлөг газарт сүлжээний антенаа байрлуулах зорилгоор хадны зургийг сүйтгэх асуудал энгийн асуудал болоод байна. Энэ үед археологийн болон түүхийн ач холбогдол бүхий олдворуудыг устгадаг. Ишгэн толгойн хадны зургийн хувьд үүрэн телефоны оператор хусаад антенаа зоосон. Үүний дараа хашаа барьж, нутгийн иргэдийн хамгаалтад өгсөн. Гэхдээ энэ үед уг зургийн 3/1 нь бараг устсан. Энэ нь мэдээж дахин сэргэхгүй. Энэ мэтчилэнгээр өөрсдөө мэдээгүйгээс болж, түүх дурсгалын үнэт зүйлсийг манайхан устгах явдал цөөнгүй бий.
 
-Энэ мэтчилэнгээр түүхийн дурсгал сүйтгэж байгаа байгууллагуудад хуулийн дагуу ямар арга хэмжээ авдаг юм бол? 

-Хувь хүнийг 25.000-30.000, албан байгууллагыг 250.000-300.000 төгрөгөөр торгох арга хэмжээ л авдаг. Энэ нь үнэндээ огт тохироогүй арга хэмжээ л дээ. Тэгэхэд археологийн нэг экспедиц гарч судалгаа хийхэд, хамгийн багаар бодоход, 20-30 сая төгрөгийн зардал гаргадаг. Ийм байдлыг таслан зогсоохын тулд хамгийн гол нь уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниудад лиценз олгохдоо эхлээд археологийн болоод палеонтлогийн судалгааг хийлгэсэн байдлыг нь үндэслэж олгодог болох хэрэгтэй. Тэгвэл энэ асуудлын ихэнх нь цэгцэрнэ.

С.Энхзаяа.

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж