“Цагаан бэрс-2010” шатрын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

“Цагаан бэрс-2010” шатрын тэмцээн болно

Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны нэрэмжит “Цагаан бэрс-2010” өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах түргэвчилсэн /рапид/ тэмцээн энэ сарын 24, 25-нд тус ордонд болох гэж байна.

МҮЭСТО нь олон нийт, иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хүүхэд залуучуудын оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд, тэр дундаа хүүхэд залуучуудын дунд  шатрын  спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр 2007 оноос “Цагаан бэрс” шатрын клубыг ажиллуулж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд гурван жил дараалан тус клубын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулсан бөгөөд өмнөх жилийн тэмцээнүүдэд ОХУ, хөдөө орон нутгаас болон Улаанбаатар хотын нийт 25 шатрын клубын 250-450 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин, өрсөлдөж байжээ.

Энэ жил мөн МҮЭСТО-ны 35 жилийн ой тохиож байгаа ба ойн ажлын хүрээнд “Цагаан бэрс-2010” тэмцээнийг Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулах болсон байна.

“Цагаан бэрс-2010” улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон аймгуудын БТСГ, шатрын клубууд болон шатар сонирхогч хүүхэд, багачууд өргөнөөр оролцох боломжтой юм. Тэмцээнд 5-18 насны өсвөрийн тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөлд 8 хүртэлх нас, 8-10, 10-12, 12-14, 14-16, 16-18 нас гэсэн зургаан ангилалд өрсөлдөх ажээ.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас насны ангилал бүрт эхний таван байрыг шалгаруулах бөгөөд багийн дүнгээр шилдэг шатрын клубыг шалгаруулж, “Цагаан бэрс-2010” тэмцээний нэрэмжит цом гардуулах юм.

Тэмцээний бүртгэл энэ сарын 20-ноос 24-ний 13.00 цаг хүртэл МҮЭСТО-ны 306, 307 тоот өрөөнд үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70119908, 88011020 утсаар авах боломжтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж