Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы хүрээнд болсон “Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь“ сэдэвт дугуй ширээний уулзалтад байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд С.Батболд “Ийм чухал сэдвээр дугуй ширээний уулзалт зохион байгуулж байгаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд талархлаа илэрхийлье. Монгол  Улс сүүлийн 20 жилд ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн ахиц дэвшил олсон хэдий ч далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна” гэлээ. Ерөнхий сайд  транзит тээврийн зардлыг хөндөхдөө хөрш  зэргэлдээ БНХАУ-аас хамгийн ойрын боомт 1500 километрт байдаг. Транзит тээврийн зардал улам нэмэгдсээр байна. Монгол Улсын ДНБ-ний 8-10 хувийг транзит тээврийн зардал эзэлж байна. Энэ тоо манай улсын эдийн засаг, худалдааны хөгжилд ямархуу хүндрэл үзүүлж байгаа талаар  тайлбарлалаа. Өөр нэг анхаарал татсан хөндүүр сэдэв бол уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар малчдын болоод улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд  хэрхэн нөлөөлж байгааг Ерөнхий сайд мөн хэллээ.

Өнгөрсөн өвлийн зуднаар нийт малын 23 хувь нь хорогдож, амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчид нутгаа орхиж хотруу нүүж ирж байна. Энэ тохиолдолд ажлын байр олноор бий болгох зайлшгүй шаардлага гарч байгаа бөгөөд  уул уурхайн салбарт ийм боломж бий гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд дурьдаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн бодлого явуулж байгаагаа тайлбарлалаа.

Мөн Монгол Улсын туршлага нэн ядуу, буурай хөгжилтэй эмзэг улс орнууд иргэдээ боловсролтой болгох, мэргэжил эзэмшүүлэхэд илүүтэй анхаарч, баялаг бүтээгчдийг бий болгох ёстойг харуулж  байна. Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна гэлээ. Мөн эдийн засаг нь эмзэг, хөгжиж буй орнуудын хувьд  жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зээл, төсөл хөтөлбөрт хамруулахад дэмжлэг чухал байгааг ч Ерөнхий сайд  С.Батболд “Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцохдоо хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж