Парламентын дур булаам эрчүүд

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Парламентын дур булаам эрчүүд

Ганц олдох амьдралдаа “сайхан” гэсэн тодотголыг хүртэж, хаа явсан
газраа хэн нэгний харцыг булаах нь хүн бүхэнд олдоод байдаг аз жаргал
биш. Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг эргэж харахгүй эр хүн ховор байдаг
шиг харахад харц дүүрэн, аятайхан эрчүүдийг бүсгүйчүүд бид аль хэдийнэ
онцолсон байдаг. Хэдийгээр улс төр хөөцөлдөж, УИХ-д орж ирсэн эрчүүдийг
эмэгтэйчүүд бид “эр хүн” талаас нь тэгтлээ анзаарч хардаггүй ч харц
булааж, хайр хүргэсэн эрхмүүд тэнд бас бий. Тиймээс бид энэ удаа УИХ
дахь аятайхан эрчүүдийг шилж сонгоод, онилохоор шийдсэн болохоор
бүсгүйчүүд ээ сонирхож үүнийг уншаарай :D

Хамгийн дур булаам эр хүн

УИХ-д
ийнхүү гурав дахь удаагаа сонгогдсон С.Баярцогтыг саарал ордонд суудаг
хамгийн дур булаам эр хүн гэж бүсгүйчүүд үнэлдэг. Нүдэнд дулаахан,
аятайхан, цэвэрхэн, тэгсэн атлаа цаанаа нууцлаг харагддаг тэрээр энэ бүх
гадаад байдлаараа бүсгүйчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг аж. Дур булаам
гэдэг үг эр хүнд тохирохгүй ч гэлээ яг л тийм мэдрэмжийг С.Баярцогт
сайд ордны бүсгүйчүүдэд мэдрүүлдэг байна. Эвслийн Засгийн газар
байгуулагдах энэ үед Сангийн сайдаар тодорсон тэрээр хамгийн анх МАХН-д
гишүүнээр орж, Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан ч 1996 онд
Социаль Демократ намд элсэж байсан түүхтэй. Энэ ч утгаараа намын нөхөд
нь түүнийг хааяахан Хувьсгалт намын гишүүн гэж ад үзэх нь бий. Харин
сүүлийн үед АН-ын шинэ дарга Н.Алтанхуяг нарын фракцад идэвхитэй элсэж,
Сангийн сайд хүртэл болж чадсан тэрээр намынхандаа болоод ард түмэнд
нэлээд нэр хүнд олох болсон. Гэхдээ түүний хэн байх нь хамаагүй ч
хамгийн дур булаам эр хүн гэдгээрээ бүсгүйчүүд бидний анхаарлыг яах
аргагүй татдаг билээ. Залуухан сайдын энэ рейтинг хэзээ ч унахгүй
бололтой. Магадгүй цагтаа “Жентельмен”-эр шалгарч байсан үнэхээр сайхан
залуу л улстөрд орж ирэхгүй бол С.Баярцогт бүсгүйчүүдийн хувьд “үнэтэй”
хэвээр байх болов уу.

Эгдүү хүргэм эрхэм

Өмнө нь Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан тэрээр энэ
удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар Увс аймгаас сонгогдсон билээ.
Сонгогдсон даруйдаа УИХ дахь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж
эхэлсэн түүнийг үнэхээр эгдүүтэй эр гэж бүсгүйчүүд ам булаалдан ярьдаг.
Жаахан хүүхэд шиг бугдгар хацартай, цэвэрхэн шар царайтай, биендээ
таарсан мах мариатай, нүдэнд дулаахан, зөөлөн харцтай гээд Ч.Хүрэлбаатар
гишүүнд бүсгүйчүүдийн анхаарлыг татах олон зүйл байдаг аж. Дээр нь
зүүсэн нүдний шил нь их зохих юм гэж нэгэн бүсгүй. хачир нэмж байсан
удаатай. Үнэхээр ч харах тусам эгдүү хүрмээр энэ эрхэм бүсгүйчүүд бидний
анхаарлыг татахгүй байхаас ч аргагүй юм. Тэгээд ч эгдүү хүр.гэм эрхэм
гишүүнд маань харах царайны муухай ааш, хэдэр зан байдаггүй бололтой.
Тэгэхээр энэ чигээрээ байж, эмэгтэйчүүдийн эгдүү, хайрыг хүргэж яваарай
гишүүн ээ.

Тачьяангуй залуу

УИХ-ын хамгийн залуу гишүүн гэдгээрээ ялангуяа бүсгүйчүүд бидний
анхаарлыг ихэд татаж байсан Лу.Гантөмөр гишүүн энэ удаа дахин УИХ-д орж
ирснээр хууччуулын тоонд зүй ёсоор орох болсон. Энэ ч утгаараа үргэлж
инээмсэглэн явдаг байсан гишүүний маань алхаа гишгээ, үс хэл, харц нүд
зэрэг нь сүүлийн үед өөрчлөгдөж, их л “баавар”-тай харагдах болжээ. Явж
байгаа, алхаж байгаа, харж байгаа, ярьж байгаа зэрэг нь цаанаа л юм
үзэж, нүд тайлсан шинжтэй болсон нь сүрийг улам ч үзүүлэх аж. УИХ-д хоёр
дахиа орж ирж байгаа юм чинь арга ч үгүй биз дээ гэж хүүхнүүдийн нэг
хэсэг нь өмөөрч байхад нөгөө хэсэг нь улс орныхоо төлөө хэтэрхий их
сэтгэл зовниж байгаа бололтой гээд хир халдаахыг огт хүсэхгүй. Эдийн
засгийн мэдлэгээрээ УИХ дахь гишүүдээс нэлээд чадвартайд нь тооцогддог
тэрээр ямартай ч УИХ-д орж ирсэн цагаасаа бүсгүйчүүдийн харцыг булааж,
хайрыг татаж эхэлсэн. Хөөрхөн, царайлаг төрсөн түүнийг хаанаас нь ч
харсан аятайхан залуу гэж бүсгүйчүүд үнэлдэг. Энэ олон сайхан үнэлгээг
бүсгүйчүүд түүнд харамгүй өгөхийн дээр хамгийн “тачъяангуй” залуу гэж
нэрлээд байна. Эхнэрээс нь өөр энэ үгийг хэлэх эрхтэй, “мэдлэгтэй” хүн
үгүй ч харахад л харцнаасаа тачъяангуй гэдэг нь харагддаг ажээ. Тэгэхээр
бүсгүйчүүдийн уран сэтгэмж нь эрчүүдийнхээс илүү өндөр хөгжсөн байдаг
бололтой.

Сайхан төрсөн Ч.Сайханбилэг

Нийслэлийн зүүн хэсэг болох Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдон суусан
Ч.Сайханбилэгийг сайхан төрсөн эр хүн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
“VIР та сувгаа бүү солиорой” гэсэн этгээд, дэгжин яриа бүхий
нэвтрүүлгээр социалист нийгмээсээ салж амжаагүй явсан үзэгч биднийг
алмайруулж байсан тэрээр тухайн үедээ ёстой л барууны соёл гээчийг
МҮТВ-ээр олон нийтэд хүргэж байсан гэмээр. Сонин, хачин нэвтрүүлэг
хүргэхийнхээ хажуугаар “сайхан төрсөн” өөрийгөө санамсаргүй байдлаар “Пи
Ар”-даж явсан тэрээр өөртөө тохирсон сайхан бүсгүйг эхнэрээрээ сонгож,
бас л шуугиан тарьсан удаатай. Харин эдүгээ УИХ-д орж ирсэн түүнийг
саарал ордны сайхан залуусын тоонд зүй ёсоор оруулж байна. Өндөр бие
хаа, шөрмөслөг гар хөл, цэвэрхэн цайвар царай, царайлаг төрх байдал гээд
сайхан төрсөн Ч.Сайханбилэгт “гоё” зүйл их бий.

Өндөр чийрэг биетэй Б.Чойжилсүрэн ч бас ганган залуу

Нэгэн удаа шинэхэн сэтгүүлч охин Хуульзүй, дотоод хэргийн сайд
Ц.Нямдоржийн хамгаалагч залуугаас “Гишүүнээ танаас ярилцлага авч болох
уу” гэж халааж байсан түүхтэй. Тэгвэл УИХ-ын шинэхэн гишүүн
Б.Чойжилсүрэнг энэ хэний хамгаалагч юм бэ гэж хэн нэгэн нь андууран
асууж байснаас үзэхэд залуухан гишүүн маань гишүүн гэхээсээ илүү хүдэр
чийрэг биетэй, хамгаалагч залуу шиг харагддаг бололтой. Тас хар нүд
хөмсөг, хөрслөг бор царай, хүдэр чийрэг биетэй Б.Чойжилсүрэн гишүүнийг
УИХ-ын сонгуулийн үеэр их хэмжээний мөнгө тараасан гэж ярих нь бий.
Ямартай ч эрдэм номын мөр хөөсөн эрхэм гэхээсээ илүү орчин үеийн ганган
залуу шиг харагддаг түүнийг УИХ дахь сайхан залуусын тоог нэмж ирсэн гэж
бүсгүйчүүд жиг жуг хийх болсон. Үргэлжлэлийг эндээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж