Байгаль орчны асуудлаар нээлттэй хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Байгаль орчны асуудлаар нээлттэй хэлэлцлээ

Баруун болон говийн бүсийн аймгуудыг хамруулсан “Байгаль хамгаалал-Бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг семинар Ховд, Өмнөговь аймагт өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. БОАЖЯ, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулсан энэ семинарт баруун бүсээс Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймаг, говийн бүсээс Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн удирдлага, мэргэжилтнүүд болон салбарынхан оролцов.

Баруун бүсийнхэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, говийн бүсийнхэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь нар биечлэн оролцож, яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, орон нутгийнхны санал бодлыг нээлттэй сонслоо. Энэ оны эхний хагаст батлуулсан “Ус үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, одоо боловсруулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөр, Монгол Улсын байгаль орчны мастер төлөвлөгөөний бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулахад орон нутгийн төлөөллөөс санал авч хэлэлцэх нь энэ семинар, хэлэлцүүлгийн үндсэн зорилго байв. Байгаль орчны шинэчлэгдсэн томоохон баримт бичгүүд болох “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас 2010 оны 4-р сард, “Ус үндэсний хөтөлбөр”-ийг 2010 оны 5-р сард УИХ-ын тогтоолоор тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Эдгээр хөтөлбөрийг холбогдох албан тушаалтан, иргэд, олон нийт сайтар ойлгон хэрэгжилтэд нь идэвхтэй оролцох нь юу юунаас чухал юм. Иймээс орон нутгийн мэргэжилтнүүд, оролцогчдын санал бодлыг чөлөөтэй сонсч, улсын эдийн засаг, нийгмийн ногоон өсөлт хангахад чиглэсэн шийдвэрт дуу хоолойг нь оруулж, үнэтэй санал зөвлөгөөг нь сонсохоор ийнхүү бүсүүдэд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байгаа юм. Төв болон зүүн бүсийн хэлэлцүүлэг семинар ирэх сард Дорнод, Дархан-Уул аймагт үргэлжлэх юм байна.

Б.Сүрэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж