Япон Швейцарийн алдааг давтаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Япон Швейцарийн алдааг давтаж байна

Он гарснаас хойш иений ам.доллартай харьцах ханш 10 хувиар өссөн билээ. Энэ сарын 14-нд евротой харьцах ханш нь сүүлийн найман жилд байгаагүй өндөр түвшинд  хүрч мөн л өсчээ. Энэ бүхэн нь Японы Засгийн газар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Хамгийн сонирхолтой нь тус улсын төв банк сүүлийн зургаан жилд анх удаагаа иен худалдаанд гаргаж, оронд нь ам.доллар авахаар шийдвэрлэсэн байна.

Японы экспортлогчдын өр­сөл­дөх чадвар, дотоодын хэрэглээ суларсан нь макро эдийн засагтаа сөргөөр нөлөөлж эхэлжээ. Авто­машин үйлдвэрлэлийн гигант “Тоёота” л гэхэд иений ам.дол­лартай харьцах ханш нэг нэгжээр дээшлэх тутамд 30 тэрбум иен буюу 351 сая ам.доллар алдаж байгаа юм. Үүнээс болж Японы Ерөнхий сайд Наото Кан тэргүүтэй бодлого боловсруулагчид хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Яг л Хятад юанийн ханшийг ам.доллараас уяж, бага түвшинд хүчээр барьсантай адил. Гэхдээ гашуун үнэн нь юу вэ гэвэл Японы тааруухан эдийн засгийн цаашдын төлөв байдалд иенийн ам.доллартай харьцах ханш суларснаас үл хамааран эрсдэл учирч байгаа явдал юм. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар, тус улс валютын асуудлаа цэгцэлж чадсан ч экспортлогчдод нь эрсдэл учирсаар байна. Үүний шалтгаан нь Японы дотоод өртэй холбоотой юм. Засгийн газрын бондын арилжаа дотоодын зах зээлд идэвхжиж байсан нь өр болон хувирсан. Иймэрхүү шалтаг, шалтгаан мундахгүй их байгаагаас хөрөнгө оруулагчид иен рүү хошуурах нь эргэлзээтэй юм.

АНУ-ын эдийн засгийн үзүү­лэлтүүд тааруухан гарах болсон. Үүнээс болж тус улсын төв банк болох Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бага түвшинд барих замаар ам.долларын ханшийг өөрсдөдөө таатайгаар өөрчлөхийг оролдож байна. Энэ нь гадны орнуудын валютыг ам.доллараас уяж, тогтворжуулах арга замыг үгүй хийж байгаа юм. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдаж, валютынх нь ханш чангарч байгааг ерөнхийдөө эрүүл байна гэж дүгнэж болох. Гэтэл Японы хувьд бүх юм эсрэгээрээ байна.

Зарим ажиглагчийн болгоом­жилж буйгаар, Японы араас шил даран хөдлөх орнууд цөөнгүй бий. “Reuters” агентлагийн мэ­дээлснээр Колумбын төв банк песогийн ханшийн өсөлтийг сул­руулахын тулд өдөр бүр 20 сая ам.долларын өртөг бүхий песогоор гүйлгээ хийхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Бразилийн бодлого боловсруулагчид гадны орон валю­тын ханшаа хүчээр унагаж, экспортлогчдынхоо өрсөлдөх чад­­варыг сайжруулахыг хэрхэвч зөв­шөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тайландад бахтын ам.доллартай харьцах ханш сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн учир мөн л олон улсын валют арилжаанд хөндлөнгөөс оролцохоор шийдвэрлэсэн. Филиппиний мөнгөн тэмдэгт песогийн “ногоон”-той харьцах ханш чангарч, сүүлийн хоёр жил дэх хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Өмнөд Солонгост ч иймэрхүү төлөв байдал ажиглагдаж байгаа юм. Азийн орнуудын сан­хүүгийн зохицуулагчид бүгд л ноён долларын эсрэг хөдөлж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тогтолцоогоо сэргээн засварлах нь урт хугацаа шаардагдах ажил учир ойрын үед валютын арилжаанд хүчээр нөлөөлөхийг зорьж эхэлсэн гэсэн үг юм.

Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Азийн орнуудын хөгжлийн төлөв байдал 2010” нэртэй тайлан гаргасан. Уг тайланд дурьдсанаар Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт, хөгжингүй орнууд дахь бодлогын бага хүү нь богино хугацаанд хөрөнгийн урсгалыг идэвхжүүлэх аж. Хөгжиж буй орнуудын хувьд одоохондоо ам.долларын ханшид нэг их санаа зовохгүй байгаа учир Азийн хөгжлийн банкны тайланд онцолсон зүйл удахгүй бодит биеллээ олно гэдэг сайшаалтай. Гэсэн ч Япон улс иений ханшийг сулруулах бодлого явуулж байгаад гадны орнууд тийм ч таатай хандахгүй байгаа юм.

Ажиглагчдын таамаглаж буй­гаар, валютын арилжаанд ийнхүү хөндлөнгөөс оролцоод эхэлбэл ихэнх тохиолдолд санаанд оромгүй сө­рөг үр дагаварт хүрэх нь бий. Жишээ нь, Швейцарийн төв банк энэ оны эхээр их хэмжээгээр евро худалдан авч, Швейцарийн фран­кийн ханшийн өсөлтийг зогсоохыг оролдсон. Гэтэл энэ арга үр дүнд хүрээгүйгээр үл барам өнгөрсөн долдугаар сард евротой харьцах ханш нь түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоосон юм. Швейцарийн төв банк еврод хэт найдсан нь франкийн ханшийг улам хөөрөгджээ.

Иений “амжилт”-ыг бууруулах зорилт тавьсан Японы эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого Швейцарийн алдааг өө сэвгүй давтаж байгаа юм. Валютын арилжаанд хөндлөнгөөс оролцох нь эерэг үр дүн авчирсан жишээ байхгүй гэдгийг дахиад хэлье. Үүнээс өмнөхөн санхүүгийн хямрал намжингуут иений ам.доллартай харьцах ханш аяндаа гурван хувиар буурсан тухай эдийн засагчид онцолж байсан юм. Урьдчилсан байдлаар тооцож үзэхэд валютын арилжаанд хүчээр нөлөөлөх гэсэн Японы эрх баригчдын бодлого дор хаяж хоёр их наяд иений өртөгтэй аж.

Японы төв банкныхан ирэх сарын 4 болон 28-нд хоёр удаа хуралдаж, хэрэгжүүлж буй бод­лого нь хэр оновчтой байгаа бо­лон эдийн засгийнхаа цаашдын тө­лөв байдлын талаар хэлэлцэх аж. Ам.доллар их хэмжээгээр ху­дал­даж авсан нь эхний хэдэн өдөрт иений ханшид нөлөөлсөн юм. Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний тэлэх бодлого баримтлах тухайгаа мэдэгдсэн. Үүнээс болж өчигдөр иений ам.доллартай харьцах ханш 0.7 хувиар өсчээ. Японы хувьд өн­гөрсөн долдугаар сард экспорт нь 23.5 хувиар нэмэгдсэн нь 2010 он гарснаас хойшхи хамгийн бага өсөлт­тэй гарсан аж. Хэдийгээр ахиц байгаа ч хурд нь алгуурхан саарч байна гэсэн үг. Японы төв банк 2008 оны арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүгээ 0.1 хувьд барьсаар байгаа. Тус улсын санхүүгийн зохицуулагчид өнгөрсөн сарын 30-нд хуралдахдаа нийт 10 их наяд иен буюу 118 тэрбум ам.долларын зээл олгосон тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, зээ­лийн бодлогоо эрчимтэй тэлж бай­гаа. Үүнээс болж энэ сард л гэ­хэд зээлдэгчдийн гарт эргэлдэж буй банкуудын хадгаламжийн хө­рөн­гийн хувь хэмжээ маш өндөр түвшинд хүрчээ. Мөнгөний тэлэх бодлого нь бүр туйлдаа хүрч байна гэхэд болно. Тун удахгүй Японы төв банк бодлогын хүүгээ 0.1 хувиас ч бууруулна гэдгийг ажиглагчид но­толж байгаа. Хэдийгээр ийн шүүмжлэгч олон байгаа ч тус улсын макро эдийн засгийн тогтолцоог сайж­руулахын тулд юу хийх ёстойг үнэн зөв хэлэх хүн алга л байна.

И.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж