Би Э.Бат-Үүл эрх ашгийн зөрчилтэй гэж хэлсэн

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Би Э.Бат-Үүл эрх ашгийн зөрчилтэй гэж хэлсэн

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Н.Батаатай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн С.Эр­дэнийг нийслэлийн Ард­чилсан намын даргаас огцруулсан асуудал өнөөгийн улс төрийн хамгийн “халуун” сэдэв болж байна. Та хувьдаа энэ шийдвэрийг шударга гэж үзэж байна уу?

-Нийслэлийн Ард­чилсан намын даргын сонгууль болж, дарга өөрчлөгдсөн гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Намын дүрмээр бүх асуудлыг шийдэж явах ёстой. Тэр дагуу болсон бол ийм асуудал үүсэхгүй байсан. С.Эрдэнэ дарга ч “Тэр асуудлыг намын дүрмийн дагуу шийдсэн бол би ажлаа өгөхөд бэлэн” гэдгээ мэдэгдсэн. Миний хувьд намын даргын суудлыг авч намыг хагаралдуулахын тулд ийм алхам хийсэн гэж бодож байгаа. Намын хурал болохоор л намын даргыг солих тухай удаа дараа ярьдаг байсан. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд намын дүрэмд тодорхой заалт оруулсан байдаг.

-Та дүрмийн бус гэж үзээд байгаа энэ тайлбараа ямар дүрмээс жишээ авч хэлэв?

-Юун түрүүнд шинээр хуралд зохион байгуулах үедээ шинээр асуудал оруулахдаа хэлэлцэх асуудлын төслийг боловсруулж, хуралд оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлага байсан бол энэ саналынхаа төслийг хуралд урьдчилж оруулах хэрэгтэй байлаа. Гэтэл ийм зүйл огт хийгээгүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн Ардчилсан намын хурлаар С.Эрдэнэд итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцээд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан. Дүрэмд өмнөх хурлаар энэ асуудлыг хэлэлцэх хэрэггүй гэж үзсэн бол зургаан сарын дотор дахин хэлэлцэх гэж заасан байдаг. 

-Тэгвэл даргыг огц­руулах, тухайд эсэх талаар санал хураалт явуулах хэрэгтэй гэдэг саналыг хэн оруулж ирсэн юм бэ?

-Батдорж гэж нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн оруулж ирсныг хурлын гишүүд хүчээр шийдсэн. Бид “Та нар асуудлыг дүрмийн бусаар оруулж ирлээ” гэж хэлээд санал хураалтад оролцоогүй. Тэгээд гарч явангуут үлдсэн хэдэн хүн нь хэлэлцэж байна гээд л дүрмийн бус шийдвэр гаргасан.

-Та хувьдаа Батдорж гэдэг хүний саналын ард хэн байна гэж бодож байгаа вэ?

-Хурал даргалагч Билэгт бол тэр үед “Эрдэнэ чамайг хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байгаа учраас огцруулах гэж байна аа” гэж тодорхой хэлсэн. Энэ бол МоАХ-ны гишүүдийг  хооронд нь хагаралдуулах замаар нэгдмэл байсан нийслэлийн Ардчилсан намыг дарж авах гэсэн оролдлого. Тэгснээр хамтарсан Засгийн газрыг шүүмжлүүлэхгүй, Ардчилсан намын даргыг эсэргүүцэхгүй болгох гэсэн зохион байгуулалттай арга.

-Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэр үед Өмнөговь аймагт ажиллаж байсан. Иймд “Алтан гадас” гэхээс илүүтэй МоАХ-ын лидерүүд хоорондын зөрчил гэж тайлбарлах нэг хэсэг бий?

-Ерөнхийдөө асуудлын голыг хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байгаатай холбоотой гэдгийг хурал даргалагч тодорхой хэлснийг би сая хэлсэн. Тэгэхээр хамтарсан Засгийн газарт хэн байна вэ гэж бодоод үз л дээ. Хариулт нь аяндаа гарна байх.

-УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гишүүнтэй хэвлэлээр өрнүүлсэн маргаан нь С.Эрдэнэ даргыг албанаас нь буулгахад түлхэц болсон гэж бодож байна уу?

-Магадгүй. Би тодорхой нөлөө байна уу гэж харж байгаа. Э.Бат-Үүлтэй олон жил улс төрд хамт явсан, хувь хүнийхээ бас гэр бүлийн найзууд. Аливаа зүйлд эрх ашгийн зөрчил гэж байдаг. Би хурал дээр “Э.Бат-Үүл бол эрх ашгийн зөрчилтэй хүн. Ардчилсан хүчний холбоог доромжлох эрх тэр хүнд байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Ардчилсан хүчний холбоог МАХН-д урвагч гээд ярьж болохгүй. Бид өөрсдөө ч мэдээгүй байхад МАХН захиалга өгснийг Э.Бат-Үүл хаанаас олоод мэдчихдэг байна. Бусдыгаа тэгж дором­жилж болохгүй.

-Та түүнийг хурал дээр зүгээр ч нэг эсэргүүцээгүй “Энержи  ресурс”-ээс ав­лига авсан гээд хэлчихсэн юм биш үү?

-Би тэрнээс авлига авсан гэж хэлээгүй. Зөвхөн Э.Бат-Үүлийг ашиг сонирхлын зөрчилтэй, юугаа хийж тэр “Энержи ресурс”-ын нээлт дээр өөрийнхөө хийх ёстой ажлын хүрээнээс гадуур явж байдаг юм бэ. Би тэрийг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байна гэсэн. Ер нь би улс төрчид яаж мөнгө авдгийг  мэднэ, нотолно л гэж хэлсэн. Түүнээс бус би тэр компаниас мөнгө авсан гэж хэлээгүй. Би хэлснээ эргэж бодож амжаагүй байтал сайн санаат хүмүүс “Э.Бат-Үүлд Батаа таныг хахууль авсан гэсэн шүү, дарга аа” гэж яаравчлан хов хүргэсэн байна билээ.

-С.Эрдэнэ гишүүн ч тэр, Э.Бат-Үүл нь ч тэр нэг нэгнээ ямар гэмтэйг нь мэднэ гэдгээ хэвлэлээр зарласан. Таны хувьд дээр нь яаж мөнгө авдгийг нь нотолно гэж хэлсэн байна. Тэгэхээр та юуг, яаж нотлох вэ гэдгээ хэлэх  ёстой юм биш үү. Худлаа үгийг мянга давтахад үнэн болно гэх үг бий. Магадгүй тэр нотолгоо нь байхгүй бол шууд ийм хатуу үг чулуудаж чадахгүй баймаар юм?

-Э.Бат-Үүл бид хоёр бие биенээ багаасаа мэднэ. Тийм учраас өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдчихнэ. Үүнд хэвлэлийнхэн оролцоод байх шаардлагагүй.

-Э.Бат-Үүл гишүүн бол Монголын ард­чилсан хувьсгалтай холбоотойгоор мон­голчуудын хамгийн их хүн­дэлдэг хүн нь. Тийм болохоор хариуцлагагүй мэ­дэгдэл бүрийг түүн­тэй холбож ойлгох шаард­лагагүй ч зарим нэг дүгнэлтийг бол тодруулж асуух ёстой нь ойлгомжтой?

-С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёрын хувьд хэн хэнд нь залуу насандаа алдаж, оносон түүх байдаг л байх. Түүнээс бус Э.Бат-Үүл нэг их гэгээн цагаан, С.Эрдэнэ нь зараа шиг барзгар байна гэж байхгүй. Үүн шиг С.Эрдэнэ нь Н.Энхбаярын захиалгаар ажиллаад л, Э.Бат-Үүл нь захиалгаар ажилладаггүй гэж болохгүй. Тийм юм байдаггүй юм. Намайг хэн ч хэлэхгүй, нохойг хэн ч саахгүй гэдгээр тэр хүн бусдыг тэгж доромжилж болохгүй. Би 2006 оноос хойш нийслэлийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд С.Эрдэнэ дарга бид хоёр хамтдаа зүтгэсэн. С.Эрдэнийг доромжилно гэдэг бол намайг давхар  доромжилж байна гэсэн үг. Би хувьдаа МАХН-тай харилцдаггүй. С.Эрдэнийг МАХН-ын захиалгаар ажилласан гэж байгаа бол намайг ч бас тэгж хэлсэн л хэрэг.

-Танд нэлээд эмзэг туссан бололтой?

-Би Ард­чилсан хүч­ний холбоог    үүс­гэн  бай­гуулагчдын нэг. Энэ утгаараа Э.Бат-Үүлийн доромжлол надад ч бас хамаатай. Намайг ч бас до­ром­жилсон гэсэн үг. Э.Бат-Үүлийн тухай хэлсэн үгээ би хаана ч очсон баталж, но­толж чадна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж