Япончууд ”Дэнжийн 1000”-ын газрыг авах нь

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Япончууд ”Дэнжийн 1000”-ын газрыг авах нь

Японы бизнесмэнүүд нийс­лэлийн Засаг дарга Б.Мөнхбаяртай уулзжээ. Тэдний зорилго Япон маягийн орон сууны хорооллыг нийслэлд сүндэрлүүлэх аж. Арлын орны барилгын салбарт нөлөөгөө тогтоосон, туршлагатай найман бизнесмэн зуучлагчаараа Ишико Нобуаки гэдэг эрхмийг сонгожээ. Ишико Нобуаки бол Япон, Монголын соёлын харилцааны гүүр болсон нэгэн. Шоу-мэйкер, продюссерийн мэргэжилтэй тэрбээр 1990 оноос хойш 60 гаруй удаа Монголд ирж “Жайка”-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон. Тодруулбал, Майдар бурхан тахих ёслол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд “Жайка”-ийн хөтөлбөрөөр багагүй хөрөнгө оруулалт хийсэн юм. Япончууд Монголд мод тарих аян өрнүүлэхэд ч ноён Ишико Нобуаки гол үүрэг гүйцэтгэгч байдаг. Түүний санаачилгаар Яармагийн зам дагуу япончууд жил бүр мод тарьдаг уламжлалтай болсон. Монголчуудын хэзээний танил Ишико Нобуаки уржигдар хотын мээртэй уулзаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Дэнжийн 1000”-г барилгажуулахад хөрөнгө оруулах сонирхлоо дуулгалаа. Бас “Бид барилга барих сонирхолтой байна. Тиймээс “Гэр хорооллыг барилгажуулах төсөл”-ийн талаар мэдээлэл шаардлагатай” гээд хотын даргын дэмжлэгийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Хашир, буурьтайгаараа имижээ бүрдүүлдэг япончууд барилга барих тухай төслийг сонирхох төдийхнөөр хотын мээрийн цагийг үрээгүй нь тодорхой.

Япончууд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Дэнжийн мянга”, тэр тусмаа “Далан давхар”-ын оршуулгын газарт барилга барих сураг сонсогдоод удаж байгаа. Тэд “Дэнжийн 1000” орчимд барилга барих төслийн талаарх мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сард Бизнес хөгжлийн төвийн дарга Н.Ганбаатараас авчээ. Мөн барилга барихад шаардагдах баримт, бичгийг Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас авсан байна.   “Далан давхар”-ын оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг хамардаг. “Гэр хорооллыг барилгажуулах төсөл”-д дурьдсанаар Чингэлтэй дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэр алсдаа орон сууцны хороолол болох аж. Өөрөөр хэлбэл, төсөлд тусгаснаар “Далан давхар”-ын оршуулгын газарт орон сууцны хороолол сүндэрлэнэ гэсэн үг. Хорооллын бүтээн байгуулалтыг япончууд хийх нь гэсэн аман яриаг дээрх төлөөлөгчид “Барилга барих сонирхол” гэдгээр халхалсан уулзалтаараа батлав. Япончуудад оршуулгын газарт барилга барьдаг арвин туршлага бий. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд газар үнэд орсон өнөө үед шарил чандарлаж, орон сууц барих нь харьцангуй зардал багатай гэдгийг барилгын инженерүүд хэлж байгаа. “Далан давхар”-ын оршуулгын газарт 137 мянган айлын орон сууцны хороолол барих бүрэн боломжтой гэсэн судалгаа ч байдаг аж. Өдгөө тус оршуулгын газрыг хашаалж байгаа. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачилснаар “Дурсамж” цэцэрлэгт хүрээлэн барих бэлтгэл ажил гэж мэргэжилтнүүд хэлсэн. Наанаа цэцэрлэгт хүрээлэн гэж халхавч хийж байгаа ч ачир дээрээ Японы бизнесмэнүүд хороолол барихаар бэлтгэж, холбогдох баримт бичгүүдийг судалсан нь тодорхой байна. 

Цэцэрлэгт хүрээлэн барьснаас орон сууцны хороолол байгуулах нь нийслэлчүүдэд ашигтай. Харин хотын төвийн газарт барьсан гэх шалтгаанаар гүйцэгдэхээ больсон орон сууцны үнийг хазаарлах, гацаанд орсон барилгын салбарынхны сэргэх боломж нь “Далан давхар”-ын газар байх учиртай. Гэтэл хямд үнээр олдох сул газрын сургаар сумогийн их аваргын түншүүд гэнэт Монголд ирж, хотын захирагчид “Японы компаниуд танай улсын хот төлөвлөлт, барилгажуулах ажилд оролцох гэж байна. Тиймээс хотын удирдлагуудын зүгээс хөнгөлөлт туслалцаа үзүүлэх боломж байна уу” гэсэн асуултыг тулгав. Хариуд нь Г.Мөнхбаяр “Та бүхний ажилд дэмжлэг туслалцаа болох зүйлсийг гаргаж өгөх боломжтой” гэж уриалгахан хариулжээ. Ингээд зорилгоо биелүүлж, санаагаа тулгасан япон бизнесмэнүүд уржигдар үдэш хотын удирдлагуудыг хүлээн авалтад урьж, өчигдөр нутаг буцсан аж.

Уналтад орж, дампуурлын ирмэгт тулсан барилгын салбар дахь дотоодын компаниуд төрөөс аврал эрээд хэдэн жилийг үдэж байгаа. Хариуд нь төр “4000 айлын орон сууц” хөтөлбөр баталж, бонд гарган банкин дахь зээлийн дарамтаас заримыг нь чөлөөлсөн. Гэвч төсөл, хөтөлбөр боловсруулсан ч газраа чөлөөлдөггүй гэр хорооллынхон, чамгүй үнээр олддог бага хэмжээний газраас үүдэлтэй чанаргүй, өндөр үнэтэй орон сууц байсаар байгаа. Тийм ч учраас оршуулгын газрын сул газрыг тендер зарлаж, нээлттэйгээр худалдвал барилгын компаниуд нэгнээсээ өрсөн хямд үнэ, чанар амлана. Гэтэл япон түншүүд өрсөлдөгчгүйгээр газар авах сонирхлоо тулгаж эхэллээ. Гэхдээ тэд шууд газар нэхээгүй, санаагаа тулгаад буцсан. Хотын мээр  ч тодорхой хариу өгөөгүй. Гэхдээ нийслэлийн Засаг даргын “Дэмжиж байна” гэсэн хариу арлын орны бизнесмэнүүдийн анхны ялалт. Тэд цаашдаа хотын удирдлага, төрийн түшээдэд санаагаа тулгахаар олон ирэх нь тодорхой. Гэхдээ “Вако”-ийн залилагч солонгосчууд шиг, “40 мянган айлын орон сууц” бариулна гэж Монголбанкнаас 200 сая ам.доллар залилаад зугтсан Жорж Чайлмерс шиг сураггүй болохгүй гэх баталгаа япончуудад бий юү. Ямартай ч ноён Ишико Нобуакигаар зуучлуулсан япон бизнесмэнүүд үндэсний компаниудаас давуу эрхтэйгээр газар авах сонирхлоо илэрхийлээд буцлаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж