Уурхайчдын биологийн цагт анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Уурхайчдын биологийн цагт анхаарч байна

Чили улсын Сан-Хосе уурхайн гүнд гацсан уурхайчдыг ирэх арваннэгдүгээр
сараас өмнө гаргах бо­ломжгүй болоод байна. Өнгөрсөн сарын 5-нд Чили
улсын Копьяпо хотоос холгүй орших уурхайн гүнд осол гарснаас болж, 33
уурхайчин газрын гадаргаас 700 метрийн гүнд түгжигдээд сар хагасын
хугацаа өнгөрч байна. Бэртэж гэмтсэн хүн байхгүй боловч уурхайн гүнд 90
хувийн чийглэгтэй, +34 хэмийн халуунд тэдний бие муудахаас гадна
байгалийн гэрэл нэвтрэхгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байна.

Чили улсын Засгийн газраас аврах ажиллагааг эрчимтэй явуулж байгаа
боловч уурхайчдын биеийн байдал дордож байна. Эрдэмтдийн олон жилийн
судалгаагаар хүний бие организм нь нарны системтэй шууд уялдаа холбоотой
учир  дасан зохицсон байдаг аж. Өөрөөр хэлбэл, нар мандах, жаргах нь
хүний бие организмыг шууд зохицуулдаг гэсэн үг. Яг энэ асуудал Чилийн
уурхайчдад тулгараад байна. Хүний тархи нарны гэрлийн тусгалыг хүлээж
авахаа болиход унтах, сэрэх хуваарь алдагддаг байна. Энэ хэмнэл
алдагдсанаар өдөр тутмын хэвшилд өөрчлөлт орж хооллох, амрах  зэрэг нь
өөрчлөгдсөнөөр хүний биеийн дархлаа суларч, бүх төрлийн өвчин тусах
магадлал өндөрсдөг. Уурхайчдын хоол хүнс, нэмэлт тэжээл, түүн дотроо D
витаминыг найман сантиметрийн голчтой жижиг нүхээр буулган өгч байна.
Жирийн үед хүн D витаминыг нарны туяанаас авдаг юм. Дараагийн нэг том
асуудал бол сэтгэл зүйн хямрал гэж сэтгэл судлаачид үзэж байна. Учир нь
газар доорх харанхуй хонгилд   удаан хугацаанд байснаар сэтгэлийн гүн
хямралд орж уурхайчдыг гүнээс аврах ажиллагаанд саад учруулах, улмаар
өөрийнхөө болон бусдын аминд хүрэх аюул тулгарч болзошгүй гэж үзэж
байна. Уурхайн гүндэх нөхцөл байдал уурхайчдын биеийн байдалд өдрөөс
өдөрт муугаар нөлөөлж чихрийн шижингээр өвчлөх магадлалтай байна.
Тэднийг сэтгэл судлаачид 24 цагийн турш хянаж, дүрст холбоогоор харилцаж
байна.

Уурхайчдын эрүүл мэндийн байдлыг цаашид энэ хэвээр нь хадгалах цорын
ганц арга бол тэдний биологийн цагийг хадгалах явдал гэнэ. Тиймээс
харанхуй хонгилыг уурхайчид хоёр хэсэг болгон тусгаарлаж нэг талд нь
өнгөрөгч долоо хоногт цахилгаан гэрэл оруулсан байна. Уг гэрлийг
оруулснаар уурхайчид цагийн ху­ваариар ажиллаж, ном уншин гим­настик
хийж байгаа ч  уг гэрлийг тэдний биологийн цагийг хадгалахад хангалттай
биш гэж Харвардын их сургуулийн Эрүүл мэндийн тэнхимийн захирал
А.Чеислер мэдэгджээ. Харин энэ долоо хоногт Америкийн Lighting Science
Group Corp-ийнхан уурхайчдыг шинэ тэжээлтэй гэрэл өгчээ.

Чили улсын Засгийн газар уурхайчдыг гурван хэсэг болгож, өдөр тутмынх нь
даалгаврыг  зааварчилж байгаа болохоор хүн бүр сахилга баттай байгаа
ажээ.Хонгилын харалдаа нурж буй шороог өөрсдийн гараар зөөж байгаа нь
тэднийг сэтгэл санааны хямралаас бага ч болов гаргаж байгаа гэж үзэж
байна.
Уурхайчдын биеийн байдлыг өдөр бүр асууж байгаа нь тэдний сэтгэл санааг
өргөж байгаа аж. Тэдэнд санаа тавьж эрүүл мэндэд нь анхаарах нь эмчилгээ
болно гэж НАСА-ын Эрүүл мэндийн яамны орлогч дарга Майкл Дункан
зөвлөжээ.

Уурхайчдын цагийг зөв өнгө­рөөх үүднээс төрөл бүрийн ном сэтгүүл, iPod,
камер зэргийг өгч, тэд өөрсдийн дүрсээ хальсан дээр буулган ар
гэрийнхэндээ үзүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр Чили улс тусгаар
тогтносны 200 жилийн ойн  баярыг тэмдэглэхэд уурхайчид анх удаа газар
доор баяраа  тэмдэглэсэн юм. Энэ үеэр тэдэнд барьсан бас нэг том бэлэг
нь уурхайчдад өдөрт хоёр хайрцаг тамхи татахыг зөвшөөрсөн ч улаан виног
хоригложээ. Тэдний сэтгэл санааг өөдрөг байлгах үүднээс Чили улсын Эрүүл
мэндийн сайд Хайме бололцоотой бүхнийг хийж байгаагаа олон нийтэд
мэдэгдлээ.

Б.БАТТҮВШИН

Зохоигчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж