
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг нам болон хувь улстөрчдийн өрсөлдөөнөөр сонгосны дараа Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох ажил эхлэх аж. Мөн компанийн бүтцийг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа ямар зарчмаар явуулах эсэхээ ярилцах юм байна. Цаг хугацаа өнгөрөх тусам захирлын төлөөх намуудын марафон улам хурдсах нь тодорхой. Магадгүй материалаа ирүүлсэн гадны иргэдийн ард ч манай улстөрчид нуугдаж байж болох. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой”-д суух ноён хувийн болон хэн нэгний ашиг сонирхлоос урьтаж улс орныхоо эрх ашгийг харах хэрэгтэй. Харин ингэж харж чадахаар хүн гарч ирэх үү, үгүй юү гэдэг нь удахгүй тодорно.
Тавантолгойн ордод олборлолт хийх оператор компанийн хувь заяаг шийдэх хугацаа мөн дөхсөөр байна. Тавантолгойн орд төрийн өмч. Үүнийг ашиглахын тулд “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулах ажил ид өрнөж байгаа. Монголчууд Тавантолгойг ашиглахдаа оператор компанийг түшихээс өөр аргагүй. Харин өрсөлдөгч компаниуд уржигдар саналаа ирүүлж дууссан. Нийт есөн компани материалаа ирүүлээд байгаа бөгөөд үүнээс зөвхөн нэг нь Тавантолгойг ашиглахад хамтарч ажиллах юм. Сонгон шалгаруулалтад орж буй компаниуд уул уурхайн салбарт ажилласан туршлагатай, олон улсад болон орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байх ёстой. Мөн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангаа ирүүлэх зэрэг нөхцлийг хангасан байх юм. Харин тендерт материалаа ирүүлсэн компани бүр 8000 ам.долларыг эргэн төлөгдөхгүйгээр тушаажээ. Монголын талаас “Тавантолгой транс”, “Кану”, “Жи Эм Эс Си” зэрэг компани материалаа ирүүлжээ. Өмнөд Солонгос, Герман, Австрали, Хятад зэрэг орноос ч санал ирүүлсэн аж. Үүнд Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдос” хөрөнгө оруулалтын групп, “Шанси Коул” групп, Өмнөд Солонгосын “Корес” консорциум, Германы “Би Би Эм Оперта”, Австралийн “Макмахон”, “Лейтон Ази” зэрэг компани Тавантолгойн нүүрсийг олборлох ажлыг хамтран хийе гэдгээ илэрхийлсэн. Харин эдгээр компаниас сонгож, хэн нь манай улсад хэрэгтэй байж болох вэ гэдгийг зөв харах нь чухал юм. Хамтарч ажиллах материалаа ирүүлсэн эдгээр есөн компанийг дахин сонгон шалгаруулна. Ингэж шалгаруулахдаа ямар техник технологийг хэдээр оруулж ирэн хэрхэн олборлолт явуулах вэ гэх нарийн зүйлийг бүгдийг судалж байж зөвхөн нэгийг нь л сонгоно. Ямартай ч томоохон ордыг ашиглах гэж байгаа учир няхуур хандах хэрэгтэй юм.
Ц.ЭНХЦЭЦЭГЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин