“Ногоон хэрэм” хөтөлбөртэй танилцав

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

“Ногоон хэрэм” хөтөлбөртэй танилцав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллаж, баруун бүсэд зохион байгуулсан “Байгаль хамгаалал-бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох үеэрээ тус аймгийн Жаргалант, Буянт, Манхан сумдад хэрэгжиж буй “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн эхний таван жилийн ажлын явц байдалтай танилцлаа.

    “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2005 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор баталсан билээ. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 2009 оны байдлаар 11 сумын нутагт 382.1 мянган га талбайд буюу нийт нутаг дэвсгэрийнхээ 1.9 хувьд ойтой юм байна. Ой бүхий нутгийн ихэнх талбайг Алтайн өвөр говийн заг, Их нууруудын хотгорын харгана, тэсэг эзлэх ба Алтайн нуруу дагуу шинэс, Булган, Буянт, Ховд голын савд улиас, бургас, хус, чацаргана, багахан талбайд ургадаг.

    “Ногоон хэрэм” зурвасын анхны шанг 2005 онд Ховд аймагт Чандмань, Зэрэг сумдад татаж, хөтөлбөрийн нээлт, үзүүлэх сургуулийг хийж байв. Тус аймагт “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг Ховд Сафари ХХК, Үр жимс хоршоо, Ачит алтан хундага нөхөрлөл, Тольтон бургуйд нөхөрлөл, Хишиг шагай ХХК, Ховд тур ХХК, Батмодмөнх ХХК, Ой ан интернэйшнл ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа ажээ. Одоо нийт 95 га талбайд хөтөлбөрийн үйл ажиллагаа хийгдэж, орон нутгийн уур амьсгалд зохицсон мод бут сөөгийг таван мод үржүүлгийн газарт үржүүлж байна. Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн талбайн хэмжээ 34.5 га-д хүрч, төрөл бүрийн навчит модны 700 мянга гаруй тарьц, суулгац ургуулж, булаг шандны эхийн хамгаалалт, тариалангийн газрын хамгаалалтын зурвас, ойжуулалт, “Ногоон хэрэм”-д  тарих сайн чанарын суулгацын хангалттай нөөцтэй болсон. Хамгийн чухал нь, байгуулсан ногоон хэрмийн үр шимийг олон хүн хүртэж, амьдрал ахуйгаа дээшлүүлж буй талаараа салбарын сайдад биечлэн танилцуулав.

    Ховд аймагт хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн үр дүнд салбарын сайд сэтгэл тун өндөр буцсан юм.       

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж