Хаваржилт хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндэрч байна

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн хэмжээнд мал өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт малчдын бүх сууриар явж газар дээр нь байдалтай танилцсан байна. Ингэхдээ хүн малын эмч, багийн Иргэдийн нийтийн хурлын болон Засаг дарга нарыг оролцуулан зохион байгуулсан бөгөөд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын малчдад тусламжийн бараа хүргэн хүн, мал эмнэлэг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг үзүүлсэн аж. Мөн гаднаас ирж отроор өвөлжиж байгаа малчдын байршил, малын тоо, хорогдол зэргийг тогтоожээ. Нийт 394 өрх суурьт хүрч бэлчээр, өвс тэжээл, түлээ түлшний нөөцтэй танилцаж, өрх бүрд гурил 12.6 кг, лаа шүдэнз тус бүр нэг толгой, элгэвч нэмнээ, хуучин хувцас, сармис, гоймон, нүдний шилийг тэнцүү хэмжээгээр хуваарилан олгож, маш хүнд нөхцөлд байгаа нэр бүхий өрх сууриудад “Нутгийн зөвлөл”-өөс тусгайлан хүргүүлсэн тусламжийн бараа, хамгийн өндөр настан зарим хүмүүст аймгийн хандивыг малчны хотонд хүргэж өгчээ. Отроор яваа өрх суурьт бололцооны хэрээр лаа шүдэнз хуваарилж мал тэжээх арчлах талаар харилцан ярилцаж иргэдэд нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж цаашид сэг зэм устгах зэргээр хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрчээ. Мөн энэ сарын 19-нд болсон цасан шуурганы улмаас олон тооны адуу шуурганд уруудсан ч одоог хүртэл сураггүй байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж