
Дундговь аймгийн Сайнцагаан сумын өндөр настан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Аюур аймгийнхаа боловсролын байгууллага, сургуулиудын түүхийг туурвин олон арван боть болгон хэвлүүлээд байна. Тэр энэ онд гэхэд Луус сумын сургуулийн 70 жилийн ойд зориулан “Гэгээн номы нэгэн асар”, өөрийн амьдралын замнал, овог ургийн тухай “Ухаарлаас үүдсэн бодролын тэмдэглэл” ном хэвлүүлжээ. Үүнээс өмнө “Дундговийн сургууль, багш нар” “Эргэн дурсах он жилүүд”, “Монгол гутал урлах арга, ухаан” зэрэг 20 гаруй ном бичиж хэвлүүлэн олны хүртээл болгожээ. Ийнхүү олон ном бичиж хойч үед үлдээж буйгаа ирээдүйнхээ өмнө үйлдэж буй их буян, оюуны том хөрөнгө оруулалт гэж ахмад сурган хүмүүжүүлэгч Д.Аюур үзэж байна.
С.Пүрэвсүрэн