Үдийн цайны цэсэнд хориглосон бүтээгдэхүүнийг өгсөн тул хариуцлагын асуудал хөндөгдөнө

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Үдийн цайны цэсэнд хориглосон бүтээгдэхүүнийг өгсөн тул хариуцлагын асуудал хөндөгдөнө

Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл ,шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар “Үдийн цай” хөтөлбөрийн цэсэнд шkоолад, бялуу, давсалсан самар, мөхөөлдөс, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг оруулахыг хориглодог аж. Харамсалтай нь, энэхүү тушаалыг дунд сургуулийн удирдлагууд тэр бүр мэддэггүй юу, Ховд аймгийн Булган сумын I дунд сургуулийн 120 гаруй сурагч “Үдийн цай”-гаараа наполёон торт идсэнээс хордож, өнөөдрийн байдлаар 18 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Иймд бид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын сургуулийн газрын дарга Д.Эрдэнэчимэгээс дараах асуултад хариулт авав. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байгаа юм.
-Танай яамнаас ажлын хэсэг байгуулагдан, Ховд аймгийн Булган суманд ажиллаж байгаа гэж дууллаа. Хордлогод орсон хүүхдүүдийн бие ямар байна вэ. Хэчнээн хүүхэд өнөөдрийн байдлаар эмчлүүлж байна?
-Нийт 122 хүүхэд хордлогод орж, эмчлүүлж байсан. Тэднээс өнөөдрийн байдлаар 18 сурагч хэвтэн эмчлүүлж байна. Хоёр хүүхдийн бие хүндэвтэр гэсэн оноштой. Гэхдээ тус сумаас ирүүлж байгаа эмч нарын мэдээллээр хүүхдүүдийн бие сайжирч байгаа, одоо онцын хүндрэл гарахгүй гэж хэлсэн. Мөн дотуур байранд эмчийн хяналтад байсан 100 хүүхдээс зургааг нь үлдээн гэр рүү нь буцаасан байна лээ.
-“Үдийн цай”-ны цэсэнд хориглосон бүтээгдэхүүнийг дунд сургуулийн сурагчдад өгсөн гэсэн асуудал яригдаад байгаа. Тэгэхээр Булган сумын дунд сургуулийн удирдлагад хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?
-Үдийн цай”-нд өгөхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурагчдад өгсөн нь тодорхой байгаа.  Тэгэхээр мэдээж хариуцлагын асуудал яригдаж таарна. Одоо Булган суманд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ажиллаж байна. Тэд бас дүгнэлтээ гаргана. Мөн манай яамнаас мэргэжилтэн ажиллаж байгаа. Тэд бүгд хяналт шалгалтаа хийж дууссаны дараа дүгнэлтээ гаргана. Үүний дараа хэнд ямар хариуцлага тооцох вэ гэдэг илүү тодорхой болно.
Дээр нь I дунд сургуульд наполеон торт нийлүүлдэг байсан компанийн асуудал яригдаж таарна. Тус компанийнхан бүтээгдэхүүнээ хүнсний аюулгүй байдлыг хангасан орчинд хийж байв уу үгүй юу гээд шалгах, шинжилгээний хариу гартал хүлээх зүйл ч бас байгаа юм.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж