Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Тоглоомын дүрэм

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ямар ч тоглоомонд дүрэм гэж нэг чухал юм байдаг. Тэр дүрмийг уг тоглоомд
    оролцож байгаа талууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсний дараа тоглоомоо
    эхэлдэг шүү дээ. Тоглоомын дүрэм заримдаа тун энгийн байх нь ч бий.
    Америкийн ковбойчуудын тухай нэг шог яриа байдаг даа.

    “-Тэр гурван бүсгүйн аль нь чиний эхнэр юм бэ?

    -Хамгийн царайлаг нь.

    -Гурвуулаа л царайлаг юм байна шүү дээ?

    -/буугаа гаргаж гохыг нь дараад/ Унаж байгаа нь…”

    Мэдээж аливаа тоглоомын дүрэм оршин байгаа цаг үе хийгээд орчин
    нөхцөлөөсөө шалтгаалан шударга, шударга бус, боловсронгуй, бүдүүлэг гээд
    янз бүр л байдаг. Америкийн ковбойчуудын хувьд гар буу хэр сайн
    эзэмшсэн нь тоглоомын дүрмийг тогтоодог ч юм уу, бас л нэг шалгуур байж л
    таарна.
     
    Өнгөрөгч бямба гаригт Нийслэлийн Ардчилсан нам хуралдаж, намын даргынхаа
    асуудлыг хэлэлцжээ. Дөрвөн жил тус намыг удирдсан С.Эрдэнэ гэдэг хүний
    ажлын тайланг сонсоод намын хорооны гишүүдийн олонх нь “муу” дүн тавьсан
    тул намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
    Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар С.Эрдэнийг намын даргаас
    огцруулахаар болж, харин түүнийг дагалдаж ирсэн 20 гаруй хүн
    хуралдааныг орхин гарч. Харин танхимд үлдсэн гишүүд хурлаа үргэлжлүүлэн
    шинэ даргаа сонгожээ. Үүний дараа нийслэлийн С.Эрдэнэ гишүүн хэвлэлийн
    бага хурал зарлаж, “намын хороо ирцгүй хуралдсан тул сонгуулийн дүн
    хүчингүй” хэмээн мэдэгдэв. Тэгээд энэ талаарх гомдлоо Ардчилсан намын
    Хяналтын ерөнхий хороонд өгч шийдвэрлүүлэх гэнэ.

    Хяналтын ерөнхий хороо гэдэг нь анх тус намд Үндсэн дүрмийн хороо
    нэртэйгээр байгуулагдаад, өнгөрсөн намар нэрээ өөрчлөн Хяналтын ерөнхий
    хороо болсон, намын анхан, дунд, дээд шатны бүх байгууллагад намын
    дүрмийг сахиулах, энэ талаар гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх ёстой
    байгууллага л даа. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуулийн Цэц шиг л үүрэг
    функцтай.

    Намын дүрэм ёсоор аливаа хуралдааныг зарлан хуралдуулахдаа хуралдааны
    эхэнд гишүүдийн ирцийг бүртгэдэг. Нийт гишүүдийн 51 хувиас дээш ирцтэй
    бол уг хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэйд тооцогдох бөгөөд харин
    хуралдаан эхэлсний дараа хурал хаясан хүмүүсийг хэлэлцэж буй асуудлыг
    дэмжсэнд тооцох дүрэмтэй. Ямар нэг маргаантай асуудал гарахад хэлэлцэн
    шийдвэрлэхийн оронд хурал хаяж гацаагаад сурчихсан нөхдүүдийг барьж
    байхын тулд дүрэмд оруулсан өөрчлөлт л дөө. Хэрэв та ямарваа нэг
    асуудлаар цөөнх болж байгаа бол түүнийгээ эцсийн мөч хүртэл хамгаал,
    цөөнх болсныхоо төлөө олонхио бүү саатуул л гэсэн үг. Тэр ч зарчмаар С.Эрдэнэ өөрийнхөө хүмүүсийг дагуулан хурал хаясны дараа
    хуралдаан үргэлжилж, намын шинэ даргын сонгуулийг явуулан нэр
    дэвшигчдийг тодруулсан аж. Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Ш.Түвдэндорж нарын
    нэрийг дэвшүүлсэн боловч, Х.Тэмүүжинг хуралдаанд ирээгүй гэдэг
    шалтгаанаар нэр дэвшигчийн жагсаалтаас хасч /Намын дүрэмд зааснаар нэр
    дэвшигч өөрийн биеэр хуралдаанд оролцож, нэрээ дэвшүүлэх ёстой/,
    Ж.Батзандан өөрөө нэрээ татсан байна. Ингээд МоАХ-ны дэд тэргүүн
    Ш.Түвдэндорж ганцаараа үлдэж, 91 хувийн саналаар нийслэлийн Ардчилсан
    намын даргаар сонгогджээ. Энэ сонгуулийн дараа С.Эрдэнэ гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэн үг
    хэлсний минь төлөө миний амыг барих гэж энэ дүрмийн бус хуралдааныг
    зохион байгууллаа” хэмээн мэдэгдсэн. Гэвч эх сурвалжууд өөр зүйлийг хэлж
    байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хуралдааныг нийслэлийн Ардчилсан
    намын дарга өөрөө зарлан хуралдуулсан аж. Өнгөрөгч дөрөвдүгээр сард
    болсон хуралдаанаар намын хорооны зарим гишүүний зүгээс бас л өөрт нь
    итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн боловч санал
    хураалтаар цөөнх болж, асуудлыг хэлэлцэлгүй өнгөрсөн. Энэ удаад ч бас уг
    асуудлыг оруулж ирж магадгүй гэсэн болгоомжлол түүнд байсан тул намын
    хороог хуралдуулах цаг хугацааг хүртэл нэлээд тооцсон юм шиг билээ.

    Намын хорооны хурлыг баасан гаригт зарлаж, маргааш нь хуралдуулсан.
    Тодруулбал, сүүлийн үед түүний зүгээс ихээхэн шүүмжлэл сонсч буй
    Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэр үед Өмнөговь аймагт намын анхан
    шатныхантайгаа уулзахаар явсан байв. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард
    болсон хурлын үеэр С.Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирсэн
    залуучуудын “Нэг ардчилал” клубын Х.Тэмүүжин Ховд аймгийн зүүн бүсийн
    сумдад чуулга уулзалт зохион байгуулахаар явсан байж. Гэвч нийслэлийн
    намын хороо хуралдах гэж байна гэсэн “шум” аль хэдийн намын дарга болоод
    зарим нэг хүний чихэнд очсон нь мэдээж. Тиймээс хамтарсан Засгийн газар
    болоод Ардчилсан намынхаа удирдлагад /уг нь бол намын удирдлагын бүтцэд
    Нийслэлийн намын дарга өөрөө ч бас ордог л доо/ илтэд “аллергитах”
    болсон С.Эрдэнэд хариуг нь барихаар нам доторх зарим нэг бүлэг фракц
    нэгдсэн бололтой юм.

    С.Эрдэнэ Ардчилсан хүчний холбооны нэрийг барин Алтангадас фракц болон
    Н.Алтанхуяг даргатай “дайн зарлаад” байгаа ч гэсэн “Алтангадас”
    дангаараа түүнийг хөдөлгөж чадахгүй нь тодорхой. Тэгэхээр энэ удаад
    түүний холбоотон МоАХ-ын тэргүүн Х.Баттулга болсон байна. Энэ нь
    АХХ-ноос сүүлийн үед явуулж буй зарим нэг үйл ажиллагаатай холбоотой
    байх л даа. Х.Баттулгын хувьд анх тус холбоог байгуулахад хөрөнгө
    санхүүгээр дэмжин, үүсгэн байгуулагчдынх нь нэг болж явсан хүн. Гэвч
    АХХ-ны холбоо анхныхаа хуралдаанаасаа л “МоАХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн,
    одоо АХХ түүний орон зайг эзлэх ёстой” гэж зарлаад эхэлсэн нь МоАХ-ын
    удирдагчид тэгтлээ таалагдах нь юу л бол. Илтэд МоАХ дээр түшиглэн улс
    төр хийж, өөрийнх нь фракцийг ямар нэг хэмжээгээр хагалаад эхлэнгүүт
    “хорхой ч гэсэн биедээ хүрэхээр атирдаг” гэдэг дээ.

    Тэгээд л чухам МоАХ хаана байгаа юм, С.Эрдэнэд үү, Х.Баттулгад уу
    гэдгийг харуулахын тулд намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг зориуд
    оруулж, Ш.Түвдэндоржийг намын даргад нэр дэвшүүлсэн хэрэг. Харин
    Х.Тэмүүжинг нэр дэвшүүлээд хассан, Ж.Батзандан өөрөө нэрээ татсан энэ
    тэр бол зүгээр л тоглоомыг илүү бодитой, сонирхолтой болгох үүднээс
    зориудаар зохион байгуулсан сценари байхыг үгүйсгэхгүй. Намын хорооны
    хуралдаан болохоос хоёрхон хоногийн өмнө Ж.Батзандан Тэргүүн шадар
    сайдын өрөөгөөр ороод гарч харагдсан. Бодвол тэр үед нийслэлийн намын
    хороо хуралдах нь гэдэг мэдээ намын даргын чихэнд хүрчихээд байсан биз.

    Бичвэрийн эхэнд хэлсэн тоглоомын дүрэм гэдэг энэ л дээ. Улс төрд багийн
    тоглолт л явдаг. Асуудлыг олонхиороо шийддэг. Өөрөөр хэлбэл, хэн чанга
    хашгирсан нь биш, хэнд олонхи байна тэр л асуудлыг шийддэг гэсэн үг.
    Цөөн хүний гаргасан шийдвэрийг ч гэсэн олонхи нь дэмжиж байж
    баталгааждаг. С.Эрдэнэ дарга энэ удаагийн сонгуулийн дүнг намын Хяналтын
    ерөнхий хороогоор шийдүүлнэ гэж байгаа. Хяналтын ерөнхий хорооны даргын
    хувьд бол яалт ч үгүй С.Эрдэнийн өөрийнх нь зүтгүүлж байж томилуулсан
    хүн. Өнгөрсөн намар Хяналтын ерөнхй хорооны даргыг томилж, бүрэлдэхүүнд
    нь өөрчлөлт оруулснаар МоАХ олонхи, Алтангадас цөөнх болсон. Гэвч МоАХ
    гэдэг С.Эрдэнэ биш гэдгийг фракцийн тэргүүн нотолж өглөө. Тэгэхээр тэр
    Хяналтын ерөнхий хороонд гомдол гаргах уу?

    Б.СЭМҮҮН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж