Тавантолгойн тендерт “Монгол 999” оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тендерт “Монгол 999” оролцсонгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тавантолгойн нүүрсний ордод олборлолтын ажил гэрээгээр гүйцэтгэгчийг сонгох   тендерийн эхний шалгаруулалт саналаа ирүүлэгсдийн материалыг хүлээн авч дууслаа. Эдгээрээс дараагийн шатанд шалгарагсдад маргааш бичгээр урилга илгээх юм. Хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа стратегийн том ордын шалгаруулалтад “Пибоди Энержи”, “Пибоди Энержи”, “Мицуй” гээд томчууд оролцоно гэж хэдийнээс яригдаж байсан. Тэгвэл эхний шатны шалгаруулалтад

    • “Жи Эм Эс Си” ХХК (JMSC LLC)
    • “Эрдос” хөрөнгө оруулалтын групп  (Erdos investment holding group)
    • “Корес” консорциум (Kores  consortium )
    • “Шанси Коул ” групп (Shaanxi Coal and Chimecal Industry Group)
    • “Таван Толгой Транс” ХХК (Tavan Tolgoi Trans LLC)
    • “Макмахон” Лимитэд  (Macmahon Holding Limited )
    • “Кану” ХХК     (Kanu LLC )
    • “Би Би Эм Оперта” групп    (BBM Operta group )
    • “Лейтон Ази” Лимитэд (Leighton Asia Limited) гэсэн есөн оролцогч мэдүүлгээ ирүүлжээ.

    Монголын компаниудаа нэгтгэн оролцоно гэж байсан “Монгол 999 үндэсний нэгдэл” алга. Дангаараа “фракц” болон оролцоно гэж байсан Монголын том гэгддэг компаниуд ч алга. Ямартаа ч Тавантолгойн орд газрын нэгээхэн хэсэгт одоо нүүрс олборлож байгаа “Ажнай” Б.Бат-Эрдэнийн гэгддэг “Тавантолгой транс” саналаа ирүүлжээ. Монголчууд ярианы хэллэгээр “Жижиг Тавантолгой” гэж нэрлэгддэг энэ компани орон нутгийн 51, хувийн 49 хувийн хөрөнгө оруулалттай. Хэдэн жилийн өмнөөс нүүрс олборлож, орон нутгийн иргэдэд 50 мянган төгрөгний хувь олгож байсан. Саяхан эрх баригчдын ярианы бас нэг сэдэв, хэтийн төлөв болоод байгаа нүүрс коксжүүлэх үйлдвэр байгуулсан. Бас хөрөнгө оруулагч УИХ-ын экс гишүүн Д.Бат-Эрдэнэ Тавантолгойд хүч үзнэ гэж байгаа “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж байгаа. Дээр саналаа ирүүлсэн компаниудын талаар одоо ямар нэгэн албан ёсны танилцуулга, мэдээлэл хийгээгүй байна. “Эрдэнэс МГЛ” компанийнхны хувьд тендерийн материалтай нарийн танилцаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм. Ингээд дээрх компаниудын талаарх интернэт сайтуудаар гарсан зарим мэдээллийг хүргэе.

    • “Эрдос” хөрөнгө оруулалтын групп.  Erdoc Xijin Kuangye нэрээр Хятадын сайтад бүртгэгдсэн мэдээллээр бол БНХАУ-ын энэ компани долоон мянган ажилтантай, 13 охин компани салбартай. Өвөрмонголд байдаг төвийнх нь гол ажил нь манганы силикон. Нэг жилийн хугацаанд 150 мянган тонн манганы силикон олборлодог. Төмөрлөгийн олборлолтоор нэлээд тэргүүлдэг нэг жилд нэг сая тонн төмрийн хүдэр олборлосон гэжээ. Бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос зэрэг 20 гаруй оронд гаргадаг гэсэн байна.

    • Өмнөд Солонгосын “Корес”. Korean Resources corporation гэсэн нэрийн товчлол. Уул, уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Саяхан “LG” групптэй хамтран Мексикийн уул уурхайн томоохон компанийн хувьцааны 30 хувийг авах санал гаргаад байгаа гэжээ.

    • “Шанси Коул ” групп. БНХАУ-д уул уурхайн том компанийн зургадугаарт бичигдэж байгаа. 2004 онд байгуулагдсан. Хамгийн сүүлийн мэдээгээр оны эхний найман сард Хятадын хойд мужийн нүүрсний ордуудаас 228,7 сая тонн нүүрс олборлосон.  

    • “Макмахон” Авсралийн 45 жилийн түүхтэй компани. Уул уурхай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Австрали, Шинэ Зеланд, Зүүн өмнөд Ази, Африкийн орнуудад 2,2 тэрбумын өртөгтэй төслүүд хэрэгжүүлж байгаа. Зам, төмөр зам, усан доогуурх харилцаа холбооны бүтэц, уул уурхайн ашиглалт олборлолтын бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Би Эйч Би”, “Рио Тинто”, “Победи Энержи” компаниудтай нүүрс, зэс, алт, алмаз, хар төмөрлөгийн ордуудыг эзэмших чиглэлээр хамтран ажилладаг.

    • “Би Би Эм Оперта” групп. 1990 оноос голдуу “BBM” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төв удирдлага нь Герман болон Боснын Герцоговинд байрладаг гэжээ. Европт голчлон үйл ажиллагаа явуулдаг. Германы нүүрсний уурхайд олборлогч оператороор ажиллаж байсан. Уул уурхай, ховор металын олборлолт иргэний болон газар доорх инженерийн бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  

    • “Лейтон Ази” лимитед.  Тус компанийнхан Засгийн газраар Тавантолгойн орд газрын талаарх асуудлыг хэлэлцэж эхлээ ч үгүй байхад “Бид Тавантолгойд ажиллана” гэсэн утгатай утгатай мэдээлэл хийж монголчуудыг гайхашруулж байсан. Гэхдээ тухайн үедээ бид Тавантолгойн ордын нэг хэсэг “Энержи ресурс” олборлолт хийж байгаа Ухаа худагт хамтран ажиллахаа ийн илэрхийлсэн биз гэсэн “тайлал” хийж байсан юм. Тэд Ухаа худагт 940 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан мэдээлэл дараа нь гарсан. 1949 онд Австралид байгуулагдсан “Leighton Holdings ltd” группийн хүрээнд 1975 онд Гонгконгод “Leighton Asia Ltd” байгуулагдсан. Австралийн хамгийн том уул уурхайн төсөл, гэрээний гүйцэтгэлийн компани.
    • Мөн “Жамп” группийн  “Жи Эм Эс Си” ХХК, Монгол-Канадын хамтарсан “Кану” ХХК мэдүүлгээ ирүүлээд байгаа.

    Эхний удаад товчхон мэдээлэхэд ийм. Маргааш дараагийн шатанд тэнцсэн компаниудын нэрс тодорхой болох учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжтой болох буй за. Ийнхүү Монгол-Канадын хамтарсан нэг болон хоёр Монгол, хоёр Хятад, хоёр Австрали, нэг Герман, нэг Өмнөд Солонгосын компани Тавантолгойн олборлолтын эрхийг авахаар хүч үзэх нь.

    Харин Тавантолгойд хүч үзнэ гэж байсан “Монгол 999 үндэсний нэгдэл” энэхүү сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж байгаа аж. Тиймээс тэд хууль бус тендерт оролцохгүй гэжээ. Тэд энэхүү сонгон шалгаруулалт нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс сонгон шалгаруулалтыг цуцалж дахин явуулж магадгүй гэсэн шивнээ дэгдээд амжжээ. Чингэх ахул дахиад л нэг дажин дэгдэх буй за. Харин “Эрдэнэс МГЛ”-ийнхний хувьд бүх зүйл хууль, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа. Тэд мэдээж албан ёсны тайлбараа өгнө биз. Ямартаа ч байнга л дуулиан дэгдээж байдаг асан Тавантолгойн эхний сонгон шалгаруулалтын эргэн тойронд дахиад л нэг маргаан, эргэлзээ дэгдэх нь ээ.

    А.ТУЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж