Санхүүгийн төвүүд саахалтын зайнд

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Санхүүгийн төвүүд саахалтын зайнд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Энэхүү сүүлийн судалгааны дүн нь Лондоны хариуцлагатай албан тушаалтнуудад сануулга болох ёстой. Учир нь дэлхийн санхүүгийн шинэ төв болох өрсөлдөөнд зөвхөн Америк төдийгүй, Азийн улс орнууд ч улам бүр хүч түрж  байна” гэж City of London корпорацийн тэргүүн Стюарт Фрейзер хэлжээ. Олон улсын санхүүгийн төвүүд буурь сэлгэж, суудал зассаар байна. Нью Йорк ба Лондонгийн араас Хонконг гарч ирлээ. Дэлхийн санхүүгийн төвийн индекс тодорхойлох судалгааны дүн тун удахгүй шинэчлэгдэн гарах ба энэхүү есдүгээр сарын үзүүлэлтээр Азийн Хонконг Америк, Европын санхүүгийн нийслэлүүдтэй улам бүр ойртсон индекс харуулах тун магадлалтай. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын судалгааны дүнгээр Дэлхийн санхүүгийн тэргүүлэх 10 төвийн жагсаалт дотор Сингапур гуравдугаар байрт явсан юм. Тэгвэл эдүгээ Сингапур нэг шат доошилж, Хонконг урагш зүтгэсэн амжилт харуулжээ. Ерөөс Азийн санхүүгийн төвүүд дэлхийн хөрөнгө оруулалтын гол цэг болох алхам сүүлийн хоёрхон жилд далайцтай мэдрэгдлээ.

    Нууц нь юунд байна вэ? Энэ үйл явц Монголд хамаатай юу?

    Маш их хамаатай. Дэлхийн санхүүгийн гол төвүүдэд хөрөнгө оруулалтын сан ба банкууд төвлөрөн ажилладаг. Хорвоогийн хамаг мөнгө төгрөг яг тэнд нөөцлөгджээ. Үр ашигтай төслүүд тэндээс санхүүгийн эх үүсвэрээ олж байна. Санхүүгийн сайн эх үүсвэрийн эрэлд Сү. Батболд мордоод удаагүй. Ерөнхий сайд Нью Йорк, Торонтод зочлон, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай уулзана. Хөрөнгө оруулагчид ч түүний морилон саатах цагийг анаж байгаа ба өнөө цагт мөнгийг хамгийн хурдан өсөлттэй залуу эдийн засагт, ашиг өндөр төсөлд шингээх өрсөлдөөн өрнөж байгаа билээ. Шинэ мөнгө буюу Монголынх шиг ирээдүйтэй төслүүдийг санхүүжүүлэх сонирхол дэлхийн түвшинд өрсөлдөөнтэй болж ирлээ гэсэн үг. Монголын уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг бидэнд хамгийн ашигтай хувилбараар санхүүжүүлэх хөрөнгө оруулагч хэн бэ? Засгийн газар өргөн сонголттой ажиллаж байгаа юм. Өдгөө Улаанбаатарт Лондонгийн бирж нээлттэй өдрүүдээ зарлахаар зэхэж, харин Хонконгод “Монголд хөрөнгө оруулах нь” сэдэв дор томоохон хэмжээний уулзалт болох гэж байна. Тэнд аравдугаар сарын эхээр 300 гаруй хөрөнгө оруулагч ирэх ба зорилтот зах зээлээ “Монгол” гэж харсан хүмүүс цуглана.

    Өнгөрсөн зургадугаар сард Австралийн Сиднейд мөн л Монголд хөрөнгө оруулахыг хүсэгч талуудын уулзалт болсон. Сидней нь дэлхийн санхүүгийн топ 10 төвийн жагсаалтад аравдугаарт бичигджээ. Сайн байцгаана уу, санхүүгийн төвүүд ээ. Дээлтэй Монголыг дэлхийд танилцуулах өдрүүд ийн хаяанд иржээ. Сангийн сайд С.Баярцогт  Валютын сангийн Stand Bye хөтөлбөр Монголд амжилттай хэрэгжиж дууссаныг  Вашингтон хотноо мөн л ирэх сарын эхээр зарлах мөчид хөрөнгө оруулалтын цусны эргэлт улам бүр тэлэх юм. Монгол улс арилжааны зээл авах эрх нээгдэх ба Засгийн газар сайн төслүүддээ өөрөө баталгаа гаргах боломж ч гарна. Энэ бүх тэлэлтийн наана монголчууд сайн төслүүдийнхээ ТЭЗҮ-ийг бэлтгэн, чадахыгаа өөрсдөө нухаж, дийлэхгүйгээ гадаадын Зөвлөх компаниудаар хийлгэхээр шийдвэрлэсэн билээ. Монгол орон өдгөө тэр аяараа ТЭЗҮ бэлтгэж байгааг тэмдэглэе. Ерөнхий сайд ч тэрхүү ТЭЗҮ-гээ ярьсаар яваа юм. ТЭЗҮ-ийг сайн хийж чадвал Монголд ашигтай хөрөнгө оруулалт авна. Энэ бол Монголын баялгийг эх нутагт нь шингээх эсэх төслийн өгөөжийн тухай яриа юм.

    Өгөөж гэж юу вэ? Winsway Coking Coal Holdnigs нь Хонконгийн бирж дээр тун удахгүй 990 сая ширхэг хувьцаа арилжих гэж байна. Хувьцаагаа тэд 3.25-4.50 хонконг доллараар зарна. Арилжааны дүнд 574 сая ам. доллар босгох тооцоо бий гэнэ. Энэ бол төслийн өгөөж. Хэний төсөл вэ? Winsway-гийнх. Яадаг төсөл билээ? Монголд ордтой. Хэзээ “авсан” орд гэнэв? Хятадын коксжих нүүрсний магнат Винсвэй Холдинг нь Америкийн Пийбоди Энержитэй ярилцаад, Монголд “Пийбоди-Винсвэй Ресорсиз” нэртэй хамтарсан компани байгуулсныг мэдсэн үү. Нэг жижигхэн мэдээ долдугаар сард Монголын хэвлэлүүдээр үзэгдээд өнгөрсөн ба тэрхүү жижиг мэдээний үндсэн агуулга нь ийнхүү 574 сая ам. долларын өгөөжөөр мөдхөн илэрхийлэгдэх гэж байна. Бид тэр мэдээг тоож уншаагүй.

    “Винсвэй” бол 2009 онд Монголоос хамгийн их нүүрс импортолсон компани. Хилийн дагуу нүүрс тээвэрлэх болоод угаах дэд бүтэцтэй. Харин “Пийбоди” нь дэлхийн нийт эрчим хүчний хоёр хувийг үйлдвэрлэгч, басхүү барууны шилдэг менежменттэй газар. Гол нь Монголд нүүрсний ордын лиценз эзэмшдэг. Ингээд хоёр магнат давуу талуудаа нэгтгэн,  “Монгол” хэмээх брэндээр дэлхийн санхүүгийн төвд мөнгө босгох ажилдаа шуурхайлжээ. Хонконг бол дэлхийн уул уурхайн гол төслүүдийг санхүүжүүлэгч газар. Хямралын оргил өдрүүдэд  буюу 2009 оны ес ба аравдугаар сард зөвхөн уул уурхайн 18 төсөлд зориулсан 10 орчим тэрбум ам. долларын санхүүжилт Хонконгод босч байсан юм. Тиймээс энэ бол дэлхийн мөнгө хуримтлагдсан хамгийн таатай газар. Тэр зүгт гадаадын компаниуд биднээс түрүүлэн хүрч, Монгол дахь ордууд моодонд орж байна.

    Бид хаана явна?

    Монголчууд бодож байна. Хонконг руу гарах уу, Австралийн бирж зүгээр үү, Нью Йорк ямар бол, Лондон шинэ компаниудад таатай юу, Торонтогийн бирж яагаад чимээгүй болчихов? Бодол тээсэн С.Батболд яамны сайд, агентлагийн дарга нараа ийш тийш нь илгээж, “Монголын өдрүүдэд” илтгэл тавиулсаар байна. Лав төрийн өмчийн гурван компанийн хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулах ирээдүйн ажлын бэлтгэл энэ өдрүүдэд эхэлсэн юм шиг байна. Төрийн өмчит компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах эхний зорилготой. Хөрөнгийн зах дээр нээлттэй гарах учир тухайн компанид хариуцлага дээшлэн, авлигаас хамгаалах хяналт сайжирна гэсэн хоёрдугаар ач холбогдол гарч байна. Төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр ашиг дээшилнэ гэсэн хүлээлт бас бий. Санхүү бүртгэл нь олон улсын стандартын дагуу хийгдэнэ. Нэг үгээр, компанийн засаглал сайжирна гэж Засгийн газар үзжээ. Хонконгод болох “Монголд хөрөнгө оруулах нь” уулзалт дээр Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүд улсын мэдлийн үйлдвэрүүдийг олон улсад танилцуулах ажлынхаа төлөвлөгөөг ярих ажээ.

    Дэлхийн санхүүгийн төвүүд уламжлалт бодлогоо өөрчилж эхэллээ. Тэд шинэ тутам хөгжиж буй, өндөр өсөлттэй Монголынх шиг зах зээлийг сонирхох болов. Хөрөнгийн урсгал Ази руу чиглэжээ. “Дэлхийн санхүүгийн төвийн индекс” судалгаанд дурдсанаар энэ онд хамгийн олон шинэ оффис Хонконг ба Шанхайд нээгдсэн байх юм. Сонирхолтой үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын шилдэг банк, сангууд Ази дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэв. Тэндээс “Монгол, Монгол” гэсэн үгс тасралтгүй сонсогдох болжээ. Сайн барааны сурталчилгаа шиг энэ үгний үнэ цэн өссөөр байна. Харин монголчууд өөрсдөө хаана явна аа? Баялгийнхаа өгөөжийг нутагтаа шингээх монгол IPO хаана гарах  вэ.

    Нийтлэлч Л.Болормаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж