Хөтөлийн Дулааны станцад арга хэмжээ авахаар болов | News.MN

Хөтөлийн Дулааны станцад арга хэмжээ авахаар болов

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хөтөлийн Дулааны станцад арга хэмжээ авахаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын тэргүүн албан ёсны айлчлалаар гадаад оронд ажиллаж байгаа тул өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргаллаа.

Хөтөл тосгоны Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож, хөлдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.  Хөтөлийн “ Цемент-Шохой” ТӨХК –ийн дулааны станц нь   одоогийн байдлаар иргэд болон төвийн байгууллагын халаалтаас үүдсэн алдагдал нь л гэхэд  1.193.4( нэг тэрбум нэг зуун ерэн гурван сая дөрвөн зуун мянга) сая төгрөг болоод байгаа юм байна. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж  Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Тогтоолоор     783.1 ( долоон зуун наян гурван сая нэг  зуун мянга)  сая төгрөгийг  Засгийн газрын нөөц сангаас гарган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө. Мөн түүнчлэн  “Цемент шохой” ТӨХК-ийн дулааны станцыг цаашид бие даасан аж ахуйн нэгж болгох талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав. Цаашдаа аж ахуйн нэгжийн алдагдлыг төсвөөс нөхдөг практик байж болохгүй гэдгийг танхимын гишүүд шүүмжилж байлаа.

ОХУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Энэ жил ОХУ-ын төв хэсэгт болон бусад зарим нутгаар хэт халж, хур тунадас багатай байсны улмаас ган гачиг бий болж, ой хээрийн түймэр олон жилийн дунджаас 10 дахин их тархаж гамшгийн байдлыг бий болгоод байгаа ажээ. Хүний амь ч хохирч, эд материалын үлэмж хэмжээний хохирол учраад байгаа юм байна. Түймрийн гамшигтай тэмцэхэд ОХУ албан ёсоор гадаадын улс орнуудад хандаагүй ч хоёр талын тохиролцооны хүрээнд 14 орон тусламж үзүүлж, 13 нисэх онгоц , 100 гаруй нэгж техник, 560 мэргэжилтэн ирүүлээд байгаа аж.

Харин манай орны хувьд 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож, уг тусламжийн хүрээнд нөөшилсөн махан бүтээгдэхүүн нийлүүлэн хүргүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт даалгалаа.

Орхон голын бохирдолтод шалгалт хийжээ

 Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллах үеэр Архангай аймгийн иргэд Орхон голдоо хамгийн их санаа зовж, энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг засгийн газрын тэргүүнээс хүсч байсан юм. Баруун аймгуудад ажилласан томилолтын дагуу Ерөнхий сайд төлөвлөгөө гарган, ажил эхлүүлж байгаагийн нэг нь мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Орхон голын бохирдолтын байдалд шалгалт хийсэн  явдал юм. Энэ шалгалтын дүнг МХЕГ-ын дарга Я.Содбаатар  өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа. Тус шалгалтаар  Орхон гол нь хамгийн их бохирдолтын өмнөх шат буюу  III-IV ангиллын бохирдолтой байгаа нь тогтоогджээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Орхон голын урсацыг бүрдүүлэгч, түүнийг тэжээгч болох Өлийн гол, Шийртийн гол, Улаан чулуут, Өлзийт тээлийн голын хөндийд “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-иуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Эдгээр компаниуд одоогийн байдлаар хаягдлын далан сэргээх, бохирдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй ажээ.   Энэ асуудлыг дараагийн хуралдаан дээр дахин хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Товчхон

– “Төв Азийн нүүдэлчдийн анхны төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ. “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв” (дэргэдээ хүүхдийн “Тэмүүжин”цэнгэлдэх хүрээлэн бүхий ) цогцолборыг үе шаттайгаар барьж байгуулахад улсын төсвөөс нэмэгдэл хөрөнгө шаардахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгын үндсэн дээр зохион байгуулах боломжийг судлан үзэх гэсэн саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Энэ ойг тэмдэглэх, зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Монгол улсын 2011 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайдад даалгалаа.

-“Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталж, Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

– Олон улсын гэрээний тухай хуулийн 9.1-д заасны дагуу 2010 оны аравдугаар сарын 4-22-нд  Мексикийн Гуаладахара хотноо хуралдах Олон улсын цахилгаан холбооны байгууллагын байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хуралд оролцох Монгол улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хуралд оролцох болон олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх бүрэн эрх олгохыг Гадаад харилцааны сайдад  зөвшөөрлөө.

– Монгол улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Сяминь хотноо болсон дэлхийн хөрөнгө оруулалтын хоёр дахь удаагийн чуулга уулзалт, Тяньжин хотноо болсон “ Зуны Давос” чуулга уулзалтад удирдамжийн дагуу амжилттай оролцсоныг тэмдэглэлээ.

– Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг 2010 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улс, Канад улсад томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзэн, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-22 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярих Freecall Картыг санал болгож байна Холбоо барих утас 11350550

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж