“Дурсамж” уулзалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

“Дурсамж” уулзалт зохион байгууллаа

Говьсүмбэр аймагт улсдаа байтугай Ази тивд ганцхан байсан каракулийн улсын үржлийн Сангийн аж ахуйн үе, үеийн ажилчин, албан хаагч, малчид налгархан намрын эхэн сарын учрал ерөөлт нарлаг өдөр “Дурсамж” уулзалт зохион байгууллаа. 1980-аад оны үед 80 гаруй мянган толгой каракул хоньтой болж байсан томоохон САА-н автогражийн хамт олон намрын намарт хаа байгаа газраасаа хуран цугларч амьдрал ахуй, ажил төрлийнхөө талаар ярилцдаг нь уламжлал болжээ. Уг дурсамж уулзалтыг Д. Төмөртогоо, Д. Ирина, Ж. Юүгэрмаа нар санаачлан зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Ж. Насанбат, улсын сайн малчин, мянгат малчин, ММАХ-ны “Малчны алдар” одонт Г. Майнбаяр, Орон нутгийн өмчит цөм сүргийн “Сүмбэр хонь” үржлийн төвийн захирал С. Сайнзаяа нар дэмжлэг үзүүлэх оролцсон байна. Тус уулзалтын үеэр болсон дааганы уралдаанд аймгийн алдарт уяач Г.Адъяасүрэнгийн уяж сойсон хонгор алаг магнайлсан бол шүдлэн насны морьдын уралдаанд А. Энхбаярын цагаан зүсмийн шүдлэн өнгөлжээ. Мөн 32 бөх барилдаж сумын начин З. Олонбат түрүүлж, аймгийн арслан Д. Баянжаргал үзүүрлэв.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж