Миний хөөрхөн Бим | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Миний хөөрхөн Бим

Манайх айл болсоор нохой тэжээж явсангүй. Харин нэгэн намрын сүүл сарын зэвэргэн хүйтэн өдөр  хүү маань хөөрхөн цагаан нохой өвөртөлчихсөн ирлээ. Хотоос авчирсан айл нь  маллахаа түвэгшээн манай хүүд 15000 төгрөгөөр зарсан гэнэ. Гарал нь Оросын Эрхүү, Улаан-үд хавийнх гэнэ. Сүүн шүд нь ч бүрэн ургаагүй, эр эм нь мэдэгдэхгүй сагсгар  цагаан хаваа эхний шөнө шоовдорлон галын өрөөний паарнаас уяж дор нь нэг муу гудас эвхэж тавиад хонуулав. Зангий нь мэдэхгүй амьтнаас жийрхсэн, бас энд тэнд шээж баачих вий гэж болгоомжилсных. Өглөө нь босоод очвол урд хоёр хөлөө өргөн өөдөөс царайчлангуй тэмүүлж байх нь тэр.  Гудас нь хуурай, ямар нэг хэрэг тарьсангүй хоножээ.  Ингээд л  шар  тохмон алаг цагаан нохойгоор манайх бүл нэмлээ. Эхнэр бид хоёр нохойдоо нэр өгөх юм боллоо. Санаанд орох юм алга. Гэтэл хэзээ ч билээ, эзэндээ үнэнч нохойн тухай “Хар чихт цагаан Бим” гэж өрөвдөлтэй нэгэн кино  телевизээр үзсэнээ  санангуут “Бим”  гэж зүүн чихэнд нь гурав шивнээд авав. Нэг удаа эхнэр бид хоёр  хоол бэлдэж байгаад нэг нь “Би…” гээд чангахан дуугартал нөгөө өрөөнөөс мань эр чихээ соотойлгочихсон давхин ирж билээ. “Бим” гэж өөрийгөө дуудлаа гэж андуурсан бололтой.

Манай цагаан нохой өглөө ажилд явахад  нүүр лүү царайчлангуй  харсаар биднийг үүдэндээ үдэж хоцорно. Гарангуут цонхон дээрээ үсрэн гарч  хааш явж байгааг харуулдана. Тэгээд өдөржин цонхон дээрээ сууж гадна орчныг ажиглаж хажуугаар явах энэ тэрийг харуулдан хүн амьтны хараа булаана. Бидний хэн нэгний ирж явааг хэдэн арван алхмын цаанаас  таньж ядан ойртонгуут цонх руу нүүрээ наан нүдээ бүлтийлгэн  харснаа үсрэн буух нь харагдана. Үүд онгойлгох хооронд хаалга үүд маажин  үсчиж оронгуут өөдөөс цоройлж нүүр ам долоон бөөн баяр болно.   Өөрт нь ямар нэг баярт үйл явдал тохиолдвол амаа ангайчихсан ийш тийш давхиад байна.  Түүнийг нь “Инээж байгаа нь тэр” гэж амьтан судлаачид үздэг юм билээ.  Харин бидэнд  аль нэг шаардлага тавих бол хойт хоёр хөл дээрээ босч урд хоёр хөлөө өмнөө авч хошгирч байгаа тарвага шиг суун хүслээ нүд амны хөдөлгөөн, дохио зангаагаар түвэггүй ойлгуулна. Гадаа гарах гэсэн үү, ус уух гэсэн үү, тавагтай идээнээс авах гэсэн үү , хэн нэгний идэж байгааг  горьдсон уу, эсвэл миний хөлийг долоомоор байгаа юү, цонхон дээр гарах уу гэхчилэн  бүхнийг үг хэлж байгаа шиг л ойлгуулна. Санаа гэж чинжүү. Бүхнийг мэднэ. Намайг хааяа хот ороход эгч маань “Танай хөөрхөн цагаан нохой үг хэлэх нь холгүй л ааш авир гаргаад байж байна уу” гэдэгсэн.

Өөрийн ганц өмч болсон софт тенисний ногоон бөмбөгтэй. Түүнийгээ харамлана гэж  жигтэйхэн. Түүнээ зуун энд тэнд давхиж шалан дээр шидэн ойлгож  зугаацна.  Есөн жилд нэлээн хэдэн тийм бөмбөг дуусгасан даа. “Бөмбөг нь хаа байна. Аваад ир” гэнгүүт энэ түүгээр эрж, тэгснээ санаж ядан байгаа бололтой толгойгоо гилжийлгэн бодлогоширсноо гэнэт санав бололтой ухасхийн хаа байгаа газраас нь олоод ирнэ. Авч чадахааргүй газар байгаа бол бидний хэн нэгэнд ойлгуулж авахуулна.   Өө бас өндөрт барьсан цагирганы голоор түвэггүйхэн үсрэнэ. Дахиад үсэр гэвэл нүүр лүү харж “Хахуул” горьдоно. Ааруулын хэлтэрхий өгөөд л байвал цагирганд ороод л байна. Хоол унд, бөмбөгөө харамлахаар шүдээ ярзайлган архирна. Тэгэхээрээ яг л чонын бэлтрэг.  Бид цаашлуулаад “Засаагий нь авна” гэж гараа явуулангуут хамраа шантайлган ярзайж өрөвдөлтэйгээр гийнадагсан.

Хөдөө гадаа явах нь түүний хобби. Бөөн баяр баясгалан.  Өвөр дээр ямбалж машины урд бариул дээр хоёр хөлөө  тавьчихаад  энэ тэрийг харж  юмуу цонхоор толгойгоо гаргаж явах дуртай. Ингээд хаа байгаа аймаг хошуу алгасан аялал зугаалгаар ч хамт явна. Ямар гэрт ганцааранг орхилтой биш.

Алс юманд явах гэж байгааг  андахгүй. Аахичаад амаа ангайгаад л давхиад байна. Тэгэхээр “Хоцор. Гэрт үлдэнэ шүү” гэж зандрангуут царай барайлган нүд рүү өрөвдөлтэй ширтэнэ.

    Бүр хүн үнэмшихийн аргагүй ааш авир гаргана гээч. Жаахан муу хувцастай юмуу эд эрхтэн согогтой хүн орж ирвэл гавчаад барьчих шахна. Огт танихгүй хоёр хүн байхад нэгэнд нь эрхлээд нөгөөг нь барьчих гээд байх нь сонин.   Хэн нэг нь эзгүй явсан бол  эргэж гэр лүү ярихдаа “Бим зүгээр үү” гэж заавал асууна. Нэг удаа хотод оччихоод  “Хэдэн хүүхэд нохойг маань  хойт хоёр хөлөөс  өргөн гал дээр амьдаар нь шарж байна” гэж зүүдэлж билээ.  Ямар сайндаа эхнэр маань  том шар нохой Бимийг амьдаар залгичихсан чинь ангайсан аманд нь  нохойны маань хоёр нүд, сайран хамар нь чандмалсан гурван хар цэг харагдаад “Бим” гэж хичнээн дуудсан ч гарч ирж чадахгүй байна” гэж зүүдлэхэв дээ. Хааяа бие нь эвгүйцвэл бид “Түргэн авч”  эм тан болцгооно.  Шөнө дунд унтаж байсан чинь давхиад дээр гарчихсан хавчиганан чичирч байна. Тэгсэн гэдэс нь аягүйрхэж. Идэр есийн хүйтэн шөнө аваад гартал “Сур харваж” байгаа юм даа. Ер нь түүний есөн жилийн амьдралыг бичвэл роман болох биз. Харин хэн нэгэн чанга дуугарах, юмаар чичиж зангахад нохой хачин дургүй юм билээ. “Нохойтой харьцах  10 алтан дүрэм” гэж амьтан сонирхогчид гаргасанд үнэхээр тийм үйлдлийг цээрлэхийг дурьдсан бий.  Эхнэр маань сарын дамжаанд Дорноговь яваад ирэх өдөр би гэрээ ойр ойрхон эргэж тойрч байлаа. Гэтэл түрүүхэн орж ирэхэд үсэрч цовхорч эрхэлж байсан нохой маань нэг ороод иртэл  галын өрөөнд ам нь ангалзаад хэвтэж байлаа. Дор нь мал эмнэлэг орж тариа хийлгэсэн ч сэхсэнгүй. Гэтэл ч эхнэр маань орж ирлээ. Олон хоног эзгүй явсан эзнээдээ амаа ангайн ухасхийхгээд  чадалгүй аахилан бүлтэлзсээр хэл нь тас хар болж өвөр дээр хүүхдийн сэвлэг шиг зөөлөн цагаан  үсээрээ намсхийн унаж амьсгал хураан бид хоёр бөөн гашуудал болж билээ. Хэн нэгэн аль нэг сиймхийгээр түүнд маань хор өгчихөв үү гэж бид хоёр хар санадаг юм.  Бимийгээ Хар овооны баруун хойт суганд  сүүлийг нь таслан “Хөдөөлүүлж”  хэд хоногийн дараа эргэхэд хамраас нь жаахан цус урсаж хатсанаас өөр өөрчлөлтгүй хэвээрээ байсан атал сарын дараа очиход үс ч үлдэлгүй алга болчихжээ. Сайн төрлийг олсон “Үгүй болооч” түргэн алга болдог гэдэг шиг бид бэлгэшээсэн дээ. Би маргааш нь зургийн газар очиж  Бимийнхээ амьдралын нь түршид авахуулсан өчнөөн олон зургийг 5000 төгрөгөөр угаалган цомог хийж хадгалсан. Энэ тухай  юунд нь бичдэг байнаа гэж зарим нь бодож болно.  Тийм биш л дээ. Амьтныг энэрч хайрладаг үзэл  хүүхдүүдэд маань  бүрэлдэнэ. Бидэнд ч гэсэн. Одоо ч хүйтэнд даарч хөрсөн гөлөг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Ер нь багаасаа амьтан тэжээсэн хүүхэд  энэрэнгүй зөөлөн сэтгэлтэн болно доо. Ямар ч байсан тэд хүний өөдөөс мэс байтугай гар далайхгүй дэгээ.

С,ПҮРЭВСҮРЭН

                

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хараа 2010-09-22 202.179.12.6

хав дэндүү хөөрхөн ухаантай өхөөрдөм хайр татмаар амьтан шүү

Avatar

отгоо 2010-09-22 202.179.12.6

манайх анх удаа дэндүү хөөрхөн цагаан хавтай болоод яг 5 жил болоод сая бурхан болсон яг л хүүхэд шигээ өхөөрдөж,хайрлаж байсан болохоор үргэлж бодогдоод хэцүү байна,дэндүү хөөрхөн ,дэндүү ухаантай,дэндүү өхөөрдмөөр амьтан байсан даа хүн төрлийг олж төрөхөд нь туслаач гэж бурханаас хором тутамд залибран гуйж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж