Улсын их дэлгүүрт галын аюулгүй байдал хангаагүйгээс хоёр ч удаа гал гарч байжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Улсын их дэлгүүрт галын аюулгүй байдал хангаагүйгээс хоёр ч удаа гал гарч байжээ

Хэдэн жилийн өмнө “Бөмбөгөр”  худалдааны төвд гал гарч, маш их хэмжээний хөрөнгө үнс нурам болж байсан билээ.  Өдгөө нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй талаар Онцгой байдлын байгууллагынхан хэлж байна. Саяхан нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд шалгалт хийхэд цөөнгүй зөрчил илэрчээ.  Галын аюулгүй байдлаа  хангаагүй, өмнө нь тавьсан шаардлага биелүүлээгүй Улсын их дэлгүүр, “Сарны титэм” зэрэг худалдааны газрын үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Нийслэлийн хамгийн томоохон худалдааны төв болох УИД-ийн цахилгааныг таслах талаар Онцгой байдлын газраас харьяа байгууллагад хандаад байгаа аж. УИД-ийн супермаркетын талбайд цахилгааны гэмтлээс болж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоёр ч удаа гал гарсан байна. Үүний дагуу шалгалт хийж, зөрчлийг нь тогтоон засахыг шаардсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Гол зөрчил нь өргөтгөл хийж агуулахаа үйлчилгээний танхим болгосон гэж үзэж байгаа юм байна.  Гал гарсан тохиолдолд унтраах боломжгүй байгаа байдлыг анхааруулах, аюулгүй байдлыг хангах үүднээс шаардаж байгаа нь энэ аж.

Зөрчлөө удаа дараа засч залруулахгүй  байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох эрх байдаг ч ихэвчлэн захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг. Энэ удаа бид торгохгүй харин шууд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна гэж тус дүүргийн галын байцаагч ярьсан юм. Гэтэл УИД-ийн үйл ажиллагааг зогсоосон эсэх талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргатай холбогдсон ч тодорхой хариулт өгсөнгүй. Өнөөдрийн байдлаар “Сарны титэм” худалдааны төвийн цахилгааныг тасалснаар үйл ажиллагааг нь зогсоожээ. Сүхбаатар дүүрэгт хоёрхон галын байцаагч байдаг ч 2000 обьект, 6000 гаруй аж ахуйн нэгж харьяалагддаг гэнэ.

Д.Долгор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж