Амьдралдаа алдсан ч хамгийн үнэтэй эрдэнээ олсон Солонго охины түүх

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Амьдралдаа алдсан ч хамгийн үнэтэй эрдэнээ олсон Солонго охины түүх

Драмын урлагийн оны шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Гэгээн Муза-2009” наадам долоо дахь удаагаа болох гэж байна. Наадамд нэр дэвшиж буй жүжиг, уран бүтээлчдийн шилдгийн шилдгийг шалгаруулах өдөр ойртсоор байна. Тус наадамд нэр дэвшиж буй “Надтай яриач, ээжээ” хэмээх Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театрын эмгэнэлт драмын жүжиг өчигдөр Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа тоглолоо. Хөшиг нээгдэхэд тайзнаа ахлах сургуулийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нэг нэгэнтэйгээ үнсэлцэж байгаагаар жүжиг эхэллээ. Ахлах сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Солонго сургуулийнхаа Ганаа гэх залуутай үерхдэг. Гэтэл нэг өдөр Солонго жирэмсэн болсноо мэдэж найз хөвгүүн Ганаадаа хэлнэ.

Харамсалтай нь, Ганаа Солонгод үл итгэн “Энэ хүүхэд минийх биш, чи миний найз Мөрөнтэй юу болсныг би яаж мэдэх юм, хэрэв үнэхээр жирэмсэн болсон бол Цогоо гэдэг ах минь байдаг юм. Чи түүн дээр оч. Хорхой идсэн шүдийг авч болдогтой адил хормын дотор авчихаж болдог юм, за” хэмээн Солонгоог хүүхдээ авахуулахыг шаарддаг. Солонго үргэлж хажууд нь байж, өөрт нь үнэнч байна хэмээн боддог байсан Ганаад урам нь хугарна. Тэрбээр дотроо ганцаардмал нэгэн бөгөөд ээжтэйгээ ярилцаж, бусад найз нөхдийнхөө адилаар ээжтэйгээ найзууд шиг дотно байхыг хүсдэг охин. Гэвч түүний ээж үргэлж завгүй, ажил ихтэй байдаг учир Солонгоотой ярилцах нь байтугай үргэлж л загнаж, муудалцдаг аж.

Солонго өөрт тохиолдоод буй асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй ээжийгээ ажлаас нь ирэхийг хүлээнэ. Түүний ээж Дэнсмаа шөнө ирлээ, Солонгоо “Ээжээ нөгөө юу, би танд нэг юм хэлэх гэсэн юм, нөгөө би…” хэмээн ээрч муурахад ээжийнх нь уур хүрч “Юу гээд амандаа бувтнаад байгаа юм бэ, хичээлээ хийсэн үү, ажил ихтэй ядарч байна. Одоо наад гэрлээ унтраа, мөнгийг нь би төлж байна. Одоо унт” хэмээн зандрахад Солонго хэлэхийг хүссэн зүйлээ ээждээ хэлж чадахгүй сэтгэлдээ нууна. Солонго дотроо шаналан, зөв ч байсан, буруу ч байсан найз хөвгүүн Ганаагийн хэлснээр Цогоо гэх ах дээр нь ангийнхаа найз охинтой хамт очиж, хүүхдээ авахуулахаар шийднэ. Солонго энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө ээждээ захиа үлдээжээ. Дэнсмааг гэртээ ирэхэд охиных нь бичсэн хэдхэн үгтэй захиа ширээн дээр байна… ”Би ингэе гэж бодоогүй. Тандаа хайртай. Таны охин байсан Солонго” хэмээн бичжээ. Солонгоогийн ээж сандран охиноо хайх боловч хаанаас хайх, охиноо хаагуур явдаг, ямар хүүхдүүдтэй найзалдаг гээд охиныхоо талаар мэдэх зүйл дэндүү хомс байна. 

Энэ үед Солонгоотой хамт явсан ангийнх нь найзууд ээж рүү нь залгаж Солонгоогийн бие муу байгааг юу болсныг хэлэх аж. Дэнсмаа охиноо эмнэлэгт хүргэсэн ч Солонгоогийн сав нь идээлсэн учир түүнийг нь авахаас өөр арга байсангүй. Эмгэнэлтэй хэдий ч Солонго охин энэ явдлын ачаар хэзээ ч ярилцаж чаддаггүй байсан ээжтэйгээ ойлголцож, Дэнсмаа ч охиноо бага багаар алдаж байгаагаа ухаарчээ. Солонгоогийн хувьд хэдийгээр хүүхэд гаргаж, ээж болж чадахгүй ч амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй ээжийгээ олж авсан нь энэ жүжгийн гол утга санаа юм.

Солонго гэх 16 настай охины дүрийг Баянхонгор аймгийн хүүхдийн ”Тэмүүжин” театрын жүжигчин Д.Долгорсүрэн бүтээжээ. Энэ дүр нь түүний анхны гол дүр бөгөөд ахлах сургуулийн сурагчийн дүрд арай л хөгшидсөн санагдав. Илэрхийлэх гэсэн утга, санаа нь магтууштай байсан ч сайны хажуугаар муу гэгчээр жүжиглэлт, тайз засалт нь цаанаа л нэг дутмаг. “Гэгээн муза-2009” наадам бол драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг. Гэтэл энэ том наадамд нэр дэвших хэмжээний мундаг, сайн бүтээл шиг санагдсангүй. Хөдөө орон нутгийн уран бүтээлчдээ дэмжиж байгааг нь ойлгож байгаа ч дэлхийн томоохон орнууд шилдгүүдээ шалгаруулахдаа жижиг мужаас оролцож байгаа юм гээд харж үзээд байдаггүй л байх.

М.Дөлгөөн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж