Юанийн ханш тасралтгүй өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Юанийн ханш тасралтгүй өсч байна

“Найман шарга” валютын захад өнөөдөр 12.30 цагийн байдлаар ам.долларыг 1323-1328 төгрөгөөр авч, 1330-аар зарна гэсэн ханштай байлаа. Мөн юанийг 197 төгрөгөөр  авч, 199-өөр зарж, рублийг 41 төгрөгөөр авч, 43,50 төгрөгөөр зарж байв. Еврогийн хувьд 1740 төгрөгөөр аваад 1780-аар зарж байгаа бол паундыг 2030 төгрөгөөр авч, 2070-аар зарж байлаа. Японы иен чангарч, тус улсын Засгийн газар интервенц хийсэн. Монголд тус улсын валютын ханш тогтворгүй байсан тухай ченжүүд ярьж байна. Мөн ханш тогтворжиж эхэлсэн тухай нэмж хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар иенийг 15.50 төгрөгөөр аван, 15.90-ээр зарж байлаа.

Дэлхийн зах зээл дээр юанийн ам.долларын эсрэг ханш өчигдөр өглөөний байдлаар нэг ам.доллар 6.6997 юаньд хүрч, юаний ам.доллартой харьцах ханш тогтмол өсч байгаа тухай гадаадын мэдээллийн сайтууд дурджээ. Хятадын гадаад валютын арилжааны төвийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ долоо хоногийн эхний өдөр юанийн ам.доллартой харьцах ханш 6,7110 юань болж, өмнөх арилжааны өдрийнхөөс 62 нэгжээр өссөн байжээ. Улмаар өчигдөр өглөө дахин нэмэгдэж, 6.6997 болсон нь өмнө өдрийнхөөсөө 113 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн эрсдэлийн шалтгаанаар олон улсын зах зээл дээр ам.долларын ханш өсч байсан боловч Америкийн Конгресс юанийн ханшийг шахаж өсгөх хуулийн төсөл батлах гэж байгаа нөхцөл байдалд юаний ханш сүүлийн үе тасралтгүй өсөхөд нөлөөлсөн гэж эдийн засагчид үзэж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж