Хөдөлмөрийн зах зээлд хүнийрхэх үү

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн зах зээлд хүнийрхэх үү

Хөдөлмөрийн зах зээл болон боловсролын тогтолцооны уялдаа холбоогүй байдлаас Монголд ажилгүйдэл газар авах болсон. Зөвхөн хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо л гэхэд 39599 байгаа. Харин томоохон ордыг эргэлтэд оруулахтай зэрэгцэн манай улсын хөдөлмөрийн зах зээл хөл дээрээ босох бүрэн бололцоотой болж байгаа юм. НХХЯ-наас мэдээлснээр ойрын гурван жилд Оюутолгой төсөлд л гэхэд 3300 мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ гараад байгаа аж. Цаашид энэ хэрэгцээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь лавтай. Харин дээрх 3300 мэргэжилтний хэрэгцээг одоо шууд сонгон шалгаруулатаар шийдэж чадахгүй байна. Сонгон шалгаруултад орох мэргэжилтэй ажилчин ч хомс байгаа аж. Тэгэхээр ажилд авна гэж хэчнээн зар тавиад ч нэмэргүй гэсэн үг. Манай улсад хөдөлмөрлөх насны иргэд 1.1 саяд хүрсэн. Тэдгээрийн 50 гаруй хувь нь 16-35 насны залуус байгаа аж. Энэ байдлаар хүн амын өсөлтөөс хөдөлмөрийн насны хүн ам илүү хурдацтай өсч, энэ байдал ойрын 10 жил үргэлжлэх төлөвтэй байгаа. Ажиллах хүчний нийлүүлэлт энэ мэтээр нэмэгдэж байгаа боловч хөдөлмөр эрхлэлтийн түвшин өөрчлөгдөх шинжгүй байсаар байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт ихэсч, уул уурхай, эрчим хүч, зам барилгын салбарт ажиллах мэргэжилтэн манай улсад бараг л өдрийн од болоод байгаа аж. Тэгэхээр хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байрны хэрэгцээтэй нь холбож өгөх хэрэгтэй юм. Мөн ажиллах хүч болон ажлын байрны тэнцвэрийг алдагдуулахгүйгээр мэргэжилтэн бэлтгэх явдал чухал болоод байгаа. Ямар ч байсан Оюутолгойд ажиллах 3300 мэргэжилтнээ яаралтай бэлтгэхээр холбогдох яамд ханцуй шамлан ажилдаа орсон байна. 3300 хүний нэг болохын тулд суралцаж буй залуус сарын 108 мянган төгрөгийн тэтгэмж авч, өдрийн 2500 төгрөгийн хоол идэж хичээлдээ сууна. Хэрвээ гэрээсээ хол бол ирж очих зардлаа бүрэн даалгана гэж байгаа. Тиймээс 3300-гийн нэг болж чадвал цаашдаа өндөр цалинтай ажил хийж амьдралаа дээшлүүлэх бүрэн бололцоотой гэсэн үг. Тавигдах шаардлага ч энгийн аж. Ердөө л Ерөнхий боловсролын сургууль төгссөн, эрүүл мэндийн асуудалгүй, IQ-ийн түвшин нь шаардлага хангасан байхад л болно. Төрөөс ийн анхаарал хандуулж байхад гурван жилийн дараа хэрэг болох боловсон хүчин торох юмгүй бэлтгэгдэх биз. Мөн дээрх мэргэжилтнээ бэлтгэхийн тулд дунд сургуулийн ахлах ангийханд ч энэ төрлийн боловсролыг олгохоор сургалтын хөтөлбөрт оруулж байгаа аж.

Гэхдээ эдгээр боловсон хүчнийг ганц нийслэлээс цуглуулахгүй. Аймаг, орон нутгийн хөдөлмөрийн эрэлтэд тулгуурлан квот тогтоосон байна. Хөдөлмөрлөх хүсэлтэй иргэдийн тоог 3300-даа харьцуулсан аж. Улмаар аймаг, орон нутаг, дүүрэг  бүр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-дөө мэргэжил тутамд тодорхой тооны боловсон хүчин бэлтгэнэ. Бэлтгэгдсэн ажилчдаас ажил олгогчид сонгон шалгаруулах замаар тэднийг ажлын байраар хангах аж. НХХЯ, БСШУЯ-наас ч стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн бэлтгэх, төгссөний дараа ажлын байраар хангах асуудлыг бүрэн хариуцан ажиллаж байгаа. Үүнтэй уялдуулан НХХЯ болон БСШУЯ-наас өчигдөр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, мэргэжлийн ур чадвар” сэдэвт видео ярилцлагыг зохион явууллаа. Уулзалтад НХХ-ийн сайд Т.Ганди, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар оролцсон бөгөөд Аймгуудын Засаг дарга, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнууд зайнаас санал бодлоо илэрхийлэв. Зарим аймгийн удирдлага, мэргэжилтнүүд орон нутагтаа ноогдсон квотыг нэмэгдүүлэх сонирхолтой байсан ч тийм боломжгүйг хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн МСҮТ-ийн хичээлийн программыг шинэчлэх асуудлыг хурлын үеэр ярьсан.

Ямар ч байсан тогтоосон квотдоо тулгуурлаж ойрын гурван жилдээ ажиллах хүчний хэрэгцээг хангах нь тодорхой болоод байна. Үүний дараагаар Тавантолгойн уурхай, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, цахилгаан станц гэх мэтээр шат дараалан боловсон хүчний асуудалд анхаарал хандуулахаа хурлын үеэр мэдээлсэн юм. Тиймээс дээрх зорилтын хүрээнд орчин үеийн мэдээллийн технологид тулгуурлан “Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн улсын нэгдсэн сан” бүрдүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй болоод байгаа аж. Ингэснээр аймаг орон нутгийн Засаг дарга, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтнүүд хөдөлмөрийн орчны шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй авах бололцоог бий болгох юм. Дээрх ажлыг энэ ондоо багтаан гүйцэтгэх шаардлагатай байгааг хурлын үеэр онцолж байлаа. Мөн ажиллах хүчний асуудалд жендерийн харьцааг авч үзэхээр болсон байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ сэдэв багтаж байгааг Т.Ганди сайд хэлж байлаа. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний шаардлагыг авч үзэхдээ мөн л квотдоо шингээх байдлаар шийдсэн байна. Мэдээж манайд газрын гүнд эмэгтэй хүнийг ажиллуулах нь хуулиар хориотой. Тиймээс ажлын байрны бололцоонд  тулгуурлаж тооцоолсон гэдгийг хэлж байлаа. Ингэснээр уул уурхайд зөвхөн эрчүүдийг бэлтгэхгүй гэсэн үг.

Мөн энэ оны аравдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөрийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах болсон байна. Энэхүү чуулгантай зэрэгцэн нийслэлд болон бүх аймагт  “Хөдөлмөрийн бага чуулган”-ыг явуулахаар болсон байна. Чуулганаар яригдах гол асуудлууд нь Бүтээн байгуулалт, Оюутны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал, нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн чуулган зэрэг хэсгүүдээс бүрдэх аж. Дээрх чуулганд НХХЯ нэлээд ач холбогдол өгч байгаа бөгөөд бүх нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа болно хэмээн үзэж байна.

Т.Есөн-Эрдэнэ  

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж