Хүүхэд тоглоомоо эвдвэл бүү загнаарай

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хүүхэд тоглоомоо эвдвэл бүү загнаарай

Нэг:  Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв хүүхэд хооллох дургүй байгаа бол өлсөөгүй байна л гэсэн үг.

Хоёр:
Хүүхэд тань тоглоомоо эвдчихвэл бүү уурла. Ялангуяа эрэгтэй хүүхэд багаасаа янз бүрийн тоглоомыг эвлүүлж, эвдэлж тоглох дуртай байдаг. Энэ нь сахилгагүйтэл биш, танин мэдэхүйн сэтгэлгээ нь нөлөөлж буй хэрэг. Яагаад чухам ингэж хийв, дотор нь юу байгаа бол гэх мэтийн сониуч зандаа хөтлөгдөж байгаа нь тэр. Хүүхэд сониуч зантай байна гэдэг сайшаалтай. Та түүнийг зэмлэхийн оронд хамтарч, тоглоомын учрыг олох гэж хичээвэл нөгөө яриад байдаг хүүхдийн хүмүүжил үргэлж яншихгүйгээр зөв гольдрол руугаа явж байна гэсэн үг. Мөн хүүхдийн сэтгэлгээ, уран зөгнөлийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь нэн чухал юм шүү.

Гурав:
Та хүүхдээ байнга удирдаж "тэрийг тэг", "энийг ингэ" гэх мэтчилэн командалдаг бол үүнийгээ боль. Өөрийн үзэл бодолгүй, бусдын нөлөөнд амархан ордог иргэнийг төлөвшүүлэх гээгүй биз дээ. Хүүхдэд аливаа юмыг зааж зааварлахдаа өөрөө биечлэн үзүүл. Ороо хураа гэж үглэхээс өмнө яаж хураавал зохимжтойг харуул. Харин энэ үедээ уурлах, уцаарлах байдал огт гаргаж болохгүй. Хэрэв та хүүхдэд уурлаж юм заадаг бол бүр больсон нь дээр. Учир нь хүүхэд ууртай хүний үгэнд орохоо больчихдог юм.

Дөрөв: Хүүхдэд талархах сэтгэлийг суулга. Хожим хүүхэд тань сайн хүн болоосой, таныг асраасай гэж хүсдэг бол ийм сэтгэлийг төлөвшүүл. Хүмүүжлийн тухай зузаан ном барихаас илүү хүүхдэд хүнтэй мэндлэх, баярлах, уучлах үгсийг хэлж сургах нь шалихгүй мэт боловч хожмын их ач холбогдолтой.
Цэг.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж