Алтны үнэ хаа хүртэл хурдлах бол

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Алтны үнэ хаа хүртэл хурдлах бол

Дэлхийн үнэт металлын за­хуудад алтны ханш тас­ралтгүй өсч байна. Алтны үнэ өнгөрсөн наймдугаар са­рын сүүлийн хагасаас эх­лэн өсч эхэл­сэн билээ. Улмаар эрчээ ал­далгүй хурдалсаар энэ са­рын эхний долоо хоногт Нью-Йоркын биржид унци нь 1260 ам.долларт хүрсэн юм. Харин өнгөрсөн долоо хо­ногт ханш бага зэрэг доо­шилж, 1240 рүү орж ирсэн. Гэ­тэл энэхүү уналт нь түр зуурын үзэгдэл байсан бө­гөөд өнөөдрийг хүртэл эр­гээд хангалттай өслөө. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд COMEX биржид унци алт 1280 ам.доллар болж, дээд амжилт тогтоосон. Forex-ийн индексээр өчигдөр үдээс өмнө унци алт 1280.25 ам.доллартай тэнцэж байсан бол үдээс хойш 1275.70 болж ялимгүй буураад байна. Гэхдээ энэ зэргийн бууралт нь өсөлтийн хурдад хэр баргийн нөлөөлөхгүй. Дэлхийн зах зээл дэх өсөлтийг дагаад Монголбанкны алт худалдан авах үнэ ч тогтмол өсч байна. Тодруулбал, төв банк долоо хоногийн өмнө унци алтыг 52.9 ам.доллараар авч байсан бол өнөөдөр 54.7 ам.доллар болж өссөн байна.

Алтны ханшийн энэхүү тогтвортой өсөлтийг цаашид ч үргэлжилнэ хэмээн олон улсын шинжээчид тайл­бар­лаж байгаа. Тухайлбал, Хонг­конгийн “Нова Скотиа” банк­ны үнэт металлын шин­жээч Петер Цэ “Хөрөнгө оруу­лагчид алтанд хамаг ит­гэ­лээ төвлөрүүлж байна. Үүнээс үүдэн алтны зах зээл хэтэрхий том боллоо. Тиймээс ханш буурах бус, өсөх нь гар­цаагүй” гэжээ. Үнэхээр ч Ази болон Европын олон орон эрсдэлээс сэргийлэх гол хэрэгслээр алтыг сонгох бол­сон. Худалдан авалт ч урьд урьдынхаас нэмэгдсээр бай­гаа. Мөн ам.долларын бу­сад валюттай харьцах ханш өдөр ирэх бүр су­ларч буй. Энэ бүхэн шар металлыг “галзууруулахад” голлох үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Санхүүгийн сал­барын олон улсын шин­жээчид гэгддэг хүмүүс хэдий­гээр зөн билэгтэн биш ч ойрын хэдэн жилд өрнөх үйл явцыг нэлээд оновчтой харж чаддаг ажээ. Жишээ нь, дэлхийн алтны зах зээлийн томоохон оператор болох Швейцарын “UBS” банкнаас “Ойрын таван жилд алтны үнэ 2500 ам.долларт хүрнэ” гэсэн таамаглалыг ноднин хавар дэвшүүлж байв. Тэгвэл өнөөдрийн өсөлтийг ойрын таван жилд дундажлаж үзвэл дээрх таамаглал биелэхийг үгүйсгэх газаргүй. “UBS” банк­ны мэргэжилтнүүд “Дэл­хийн эдийн засагт ямар хандлага гарахаас үл хамааран алт капиталыг хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл байсаар байх болно. Тиймээс алтны эрэлт тасралтгүй нэмэгдэх нь гарцаагүй” хэмээн онцол­сон байдаг. Ямартай ч өнөөд­рийн энэхүү хурдацтай өсөлт алтны ханш өнөө маргаашгүй 1300 ам.долларт хүрэх боломжтойг харуулж байна. Ер нь өнгөрсөн хэд­хэн жилийн дотор алтны үнэ хэрхэн өссөнийг эргэн харахад л хангалттай. Олон улсын шинжээчид гэлтгүй монголчууд ч алтны үнийн өсөлтөөс ахиухан ашиг хүр­тэх боломж байгааг олж хар­сан. Тиймээс “Гэнэтийн аш­гийн 68 хувийн” буюу За­рим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулийг баталсан юм. Анх дэлхийн зах зээлд алтны үнэ 500 ам.доллараас дээш гарвал уг татварыг авч байхаар тогтоож байв. Гэвч алтны үнэ юун 500 ам.дол­лар байтугай богино хуга­цаанд суга, нуга өссөн учир татвар тогтоох босгыг 850 ам.долларт хүргэсэн би­лээ. Ингэлээ гээд Монгол Улс ашиг хүртсэн нь ч бий. Ар­битрын шүүхэд дуудагдсан нь ч бий. Харин өнөөдөр алт­ны ханш 1300 ам.доллар руу зүтгэж яваа нь нэн таатай мэдээ. Гэвч хоёрхон сарын дараа буюу шинэ он гараад л дээрх хууль “нүд анина”. Тиймээс бид “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” хэмээх зүйр үгийг эсрэгээр нь хэрэглэх шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэл­бэл, “Маргаашийн өөх­нөөс өнөөдрийн уушги дээр” гэсэн үг. Яагаад гэвэл дэл­хийн зах зээлд унци алт 1300 байтугай, 1500, бүр 2000 ам.доллар хүрлээ ч бид татвараар ашиг олохгүй шүү дээ. Яах вэ, өсөлтийн хаялга байж л таарна.  Гэхдээ тор­мосгүй хурдалж байгаа алт­ны ханшийн өсөлтөд 100 хувь найдаж бас болохгүй. Хэдийгээр “Өснө өснө, бас дахин өснө” гэж өөдрөг өнцгөөс харах хүн олон байгаа ч үндэслэлтэй байж болох тайлбарыг зарим шинжээч хийгээд буй. Сингапур дахь “Филлип Фютерс” төвийн шинжээч Онг Ей Линг саяхан “Алтны үнийн хөөрөгдөл тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир нь өнгөрсөн хоёр долоо хоногт дэлхийн олон банк алтны нөөцөө хангалттай базаасан” хэмээжээ. Үнэхээр ч дэлхийн улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлэхэд онц­гой анхаарах болсон байна. Хятадын төв банк л гэхэд зөвхөн өнгөрсөн онд 454 тонн алт худалдан авчээ. Энэ нь Турк, Грек, Румын, Поль­шийн банкны нийт нөөцтэй тэнцэхүйц хэмжээ юм. Мөн Энэтхэгийн төв банк Олон улсын валютын сангаас 200 тонн алт ху­дал­дан авсан аж. Харин алтны нөө­цөөрөө дэл­хийд тэргүүлдэг АНУ 8100 гаруй тонн ал­таа нэмэл­гүй хэвээр үлдээжээ. Ямар­­тай ч “Дэлхийн алтны зөв­лөл”-өөс гаргасан статис­тикаас харахад энэ онд нийт нөөц 27 мянган тонн болсон байна. Энэ нь өмнөх жи­лийн­хээс даруй 700 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхийн томоохон төв бан­кууд нөөцдөө ийнхүү санаа тавьсан нь алтны ханш тогт­воржих, магадгүй эргээд буу­рах нэг шалтгаан байж болох юм. Гэвч үүнтэй зэрэгцэн валютын ханшийн тогтворгүй байдал алтыг үргэлж “амьтай” байлгана гэх төсөөлөл ч тасрахгүй байгаа. Тэгэхээр алт хэмээх айхтар металлын “ааш аяг”-ийг олно гэдэг амар ажил биш бололтой. Ямартай ч, ойрын үед алтны ханшийн өсөлтийн “хурд” саарахгүй гэдэг нь тодорхой байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж