Орос ертөнцийн оюутнууд хөтөлбөр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Орос ертөнцийн оюутнууд хөтөлбөр өндөрлөлөө

“Орос ертөнцийн оюутнууд-2010” сургалтын хөтөлбөрийн хаалтын ёслолын үйл ажиллагаа Москва хотын олон нийтийн байгууллагуудын ордонд  өнгөрсөн баасан гаригт болов.

“Орос ертөнц” сангийн дэмжлэгтэйгээр Ази, Африк, Европ, Латин Америкийн 22 орны орос хэлний мэргэжлээр сурч буй  50 оюутан  А.С.Пушкины нэрэмжит орос хэлний улсын дээд сургуульд 17 хоногийн дадлага хийж хэлний мэдлэг, орос орны тухай  ойлголтоо бэхжүүлжээ. Энэхүү сургалтад манай Боловсролын их сургуулийн оюутан Б.Энхцэцэг, МУИС-ийн оюутан Х.Оюунцэцэг нар хамрагдсан байна.

Арга хэмжээний үеэр оюутнууд  дадлага хийх хугацаандаа олж авсан мэдлэгээ  уран сайхны аргаар толилуулж, орос хэл, орос орны тухай санал   сэтгэгдэлээ илэн далангүй илэрхийлж байв.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн  оролцсон бөгөөд тэрбээр сургалтын хөтөлбөрт хамрагдсан орнуудын Москва  дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг төлөөлөн үг хэлэв.

Элчин сайд Д.Идэвхтэн хэлсэн үгэндээ “Хэл бол зөвхөн харилцааны  хэрэглүүр төдийгүй даян дэлхийд энх тайванг хадгалах, улс орнуудын болон бүс нутгийн  харилцаа, хамтын ажиллагааны бүхий л  хэлбэрийг үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн чухал хөшүүрэг билээ. Орос хэл бол НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг. Эх орондоо эзэмшсэн орос хэлний мэдлэгээ төрөлх орчинд нь дээшлүүлж, дадлага хийх  боломжоо та бүхэн бүрэн дүүрэн ашигласан гэдэгт итгэлтэй байна”  хэмээн    тэмдэглэсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж