Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг танаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг танаа

Ил захидал

Сүүлийн үед веб сайт, цахим хуудсууд олноор нээгдэж, сэтгүүлчид, зохиолчдын бүтээлийг ил цагаан хуулбарлаж, хулгайлж байна. Хамгийн харамсалтай нь тэд зохиогчийн эрхийг уландаа гишгэж, ямар ч  нэр ус, эх сурвалжгүйгээр дамжуулдаг болсоор хэдэн жилийн нүүр үзлээ. Сэтгүүлчид энэ талаар Оюуны өмчийн газар, түүний хяналтын албанд удаа дараа хандаж, асуудал дэвшүүлсэн нийтлэл хэвлүүлээд ч үр дүнд хүрэхгүй байна.

Оюуны бүтээлийг хамгаалах ёстой газар маань өнөөдөр хулгайлдаг газар болон хувирчихаад байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.  Хамгийн гол нь ямар нэг судалгаа, шинжилгээ хийлгүйгээр янз бүрийн гэрчилгээ олгож байна.

Баримт 1. Оюуны өмчийн газар хууль зөрчиж ашигтай загварын гэрчилгээ олгосон  учраас өнөөдөр зарим нэг этгээдүүд “Эрдэнэт” УБҮ-ээс 300 гаруй сая төгрөг нэхэмжилж, энэ маргаан Улсын дээд шүүх хүртэл дэгдээд байна. Гэвч хуулиа зөрчин гэрчилгээ олгосон Оюуны өмчийн газрынхан  учир битүүлэг шалтгаанаар хүчин төгөлдөр бус гэрчилгээ өвөртөлсөн этгээдийг хамгаалж, шүүхэд байнга давж заалдаж, Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийнхэнд төвөг чирэгдэл удсаар удаж байна. Ийм жишээ ТЭЦ-4 дээр ч давтагдаад байна.
Ашигтай загварын гэрчилгээ авахыг хүссэн уран бүтээлчид, эрдэмтэд асар их цаг хугацаа, хөлс хүч зарцуулж байж авдаг. Тэгвэл Оюуны өмчийн газарт танил талтай бол хэн ч энэ гэрчилгээг авч болдог болчихоод байна. Тэр ч бүү хэл тус байгууллагынхан энэ ажилд тун идэвхитэй оролцдог болж.

Баримт 2.
Саяхан Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат өөртөө ашигтай загварын гэрчилгээ олгожээ.  Патентын тухай хуулийн 3.1.3-т зааснаар “ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад  хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг хэлнэ гэж заажээ.  Эндээс үзвэл ашигтай загварын патент бол техникийн нэлээдгүй нарийн шийдэл төдийгүй хэр барагтайхан инженер техникийн мэргэжилтэний ч хийчихдэг ажил биш бололтой. Тооны ухаанаас төө хол хуульч мэргэжилтэй Н.Чинбат дарга гайгүйхэн инженерээс ч илүү техник мэддэг байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч гарын үсэг зурдаг дарга өөрөө өөртөө гэрчилгээ олгоод сууж байгаа нь ёс зүйд хэр нийцдэг юм болоо.

Оюуны өмчийн газар хэмээх энэ байгууллага өөрөө хууль тогтоомжоо уландаа гишгэн ажиллаж байна
Баримт 3. Монголын  томоохон аж ахуй нэгжүүд “Чингэс” нэртэй бараа бүтээгдэхүүн олноор гаргадаг ч  өөрийнхөө бүтээгдэхүүнд  барааны тэмдэгт авч чаддаггүй.  Гэтэл Оюуны өмчийн газар нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” зөрчиж, Чингэсийн нэрийг Монголын татварт төлөгч нарт өгдөггүй хэрнээ  дэлхий даяар ашиглах онцгой давуу эрхийг зөвхөн Казахстаны тамхины үйлдвэр эрхэлдэг нэгэн бизнесмэнд өгсөн болохыг дараах эх сурвалжаас үзэж болно. http://www.wipo.int/romarin/searchAction.do;jsessionid=4D5EA800A08419FE9EB9E65A1F3FA7B6 . 

Баримт 4. Төлбөр тооцоог төгрөгөөр хийх тухай МУ-ын хууль батлагдаж аливаа ажил, үйлчилгээний төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийх болсоор хоёр жилийн нүүр үзэж байна. Төр, хувийн хэвшил, иргэд, хуулийг мөрдөж өөрийн үйлчилгээнийхээ үнэ, тарифыг төгрөгт шилжүүлсэн билээ. Гэтэл Оюуны өмчийн газар үйлчилгээнийхээ хураамжийг ам.доллараар авсаар байна. Тэр ч бүү хэл Оюуны өмчийн газрын дарга өөрөө  2010 онд 55 тоот тушаал гаргаж оюуны өмчийн газарт төлөх хураамжийн хэмжээг нэмэгдүүлж, төлбөр тооцоог доллараар хийх зарлиг буулгачихаад сууж байна.  Оюуны өмчийн газарт төрийн хууль хамаагүй биш байлтай.

Баримт 5. Аж Ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9-р зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл буюу лицензийг олгохдоо ил тод, шударга байх зарчмыг баримтлахаар заасан.  Гэтэл тус газар нь 2010 онд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах тусгай зөвшөөрлийг олгохдоо хуулийн энэ шаардлагыг үл биелүүлж, нийтэд хангалттай зарлалгүйгээр цөөн хэдэн хүний хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан болоод лиценз өгчээ. Хамгийн сонирхолтой нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах лиценз авсан хүмүүс нь дарга нарын хүн, сайдын хүргэн гэх мэт хүмүүс байх юм.

Баримт 6. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас манай оронтой байгуулсан гэрээний дагуу оюуны өмчийн салбарыг хөгжүүлээрэй гэж жил бүр хэдэн зуун мянган ам.долларын санхүүжилт өгдөг ба энэ их мөнгө нэгэн арилжааны банкинд байршдаг. Үүнээс гадна Оюуны өмчийн газар нь төсвөөс давхар санхүүжилт авдаг Засгийн газрын агентлаг. Гэтэл энэ их хөрөнгийг захиран зарцуулдаг атлаа  Оюуны өмчийн газрынхан нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой ажил хийж чадахгүй суусаар байна.

Баримт 8. “Би чамд хайртай-2” киноны зохиогчид киногоо баталгаажуулах гэж Оюуны өмчийг газарт хандаад өөрийн бүтээлийг Оюуны өмчийн газраас хулгайд алдагдсаныг мэдэж, уран бүтээлчид асар их хэмжээний хохирол амссан ч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй суусаар л байна.

МУ-ын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг аа

Саяхан л Засгийн газар оюуны өмчийг хамгаална хэмээн зарлаж, хуурамч хуурцаг сүр дуулиантайгаар устгаж, сэтгүүлчдийг цуглуулан мэдэгдэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр оюуны өмчийг хамгаалахын тулд эхлээд Оюуны өмчийн  газрыг хууль зөрчдөг шударга бус, хүнд сурталтай эрхмүүдээс хамгаалах цаг болжээ гэдгийг танд сануулан энэхүү ил захидлыг илгээж байна.

Дээрх баримтууд  Таны шууд удирдлаган дор байдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа ямархуухан түвшинд байгааг хангалттай нотлож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА,
ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж