
Газраар ямар нэгэн том юм чирснийг гэрчлэх мөр тоосго, блокны үртсүүдийг яран зурайжээ. Үүнээс гадна “Бүсгүй эмнэлэг”-ийн дээд давхрын тагт ч кран нурахад өртсөн нь илэрхий. Тагтных нь шал цөмөрч, хашлага нь хугарсан байлаа.
Энд юу болсон талаар эвдэрсэн краны жолооч Д.Оргилоос тодруулсан юм.
-Кран юунаас болоод хугарчихав аа?
-Дэндүү давчуу зайд элс өргөөд эргэх гэтэл ийм юм болчихлоо. краны өндөр нь 20 метр. Тэгээд 35 метр зайнд өргөгдчихсөн байсан болохоор унахдаа ойр хавийнхаа зүйлсийг бага зэрэг шүргээд өнгөрсөн. Гэхдээ хүн гэмтээгүй.
-Та хэдэн жил кран жолоодсон бэ. Таны хувийн кран уу?
-Би 25 жил кран жолоодож байна. Минийх биш ээ. Өөр хүн “Эко констракшн”-д түрээслүүлдэг юм билээ. Би ердөө л жолооч.
-Сарын хэдэн төгрөгөөр түрээсэлдэг юм бол. Таны цалин хэд вэ?
-Сарын 2.5 сая төгрөгөөр түрээслүүлдэг гэсэн. Би сард 250 мянган төгрөгийн цалин авдаг.
-Урд талын эмнэлэгт хохирол учруулсан юм байна шүү дээ. Удирдлагууд нь ирсэн үү?
-Өчигдөр ирээд явсан. Нэг их тоохгүй л байна билээ. “Бүсгүй эмнэлэг”-ийнхэн гомдол мэдүүлсэн. Гэхдээ таг болчихсоныг бодоход тохиролцоонд хүрчихсэн юм шиг байна.
-Танд арга хэмжээ авах байх даа?
-Кран хугарсан даруй мэргэжлийн хяналтын байцаагч нар ирээд явсан. Эхлээд хэнийх нь бурууг тогтооно гэсэн. Миний буруу гээд байх юу байх вэ гэж бодож байна даа.
“Бүсгүй эмнэлэг”-ийн удирдлагуудтай уулзах гэхэд “Эко констракшн”-тай тохиролцоонд хүрсэн учир хэлэх зүйл байхгүй гэсэн хариултыг хүлээн авагч бүсгүйгээрээ дамжуулан утсаар хэлүүлсэн юм.
Баригдаж буй барилгын баруун талд залгаа орших “Голден парк”-ийн эхний ээжлийн барилгууд ашиглалтад орчихсон байгаа аж. Барилгыг нимгэн блокоор барьж байхыг хараад оршин суугчдаас нь барилгын чанарын талаарх саналыг нь сонсохоор ашиглалтад орсон байрыг чиглэсэн юм. Гаднаас нь харахад өөлөөд байхаар зүйл байхгүй байсан ч хашаанд нь хөл тавив уу үгүй юү өмхий үнэрт нь тэсэхийн аргагүй байв. Барилга ашиглалтад ороод дөнгөж гурван сар болж байгаа гэхэд үнэмшихийн аргагүй. Орцонд ороход плитанууд нь хагарч, таазных нь будаг хуурч, хана нь цуурсан байлаа. Оршин суугчид нь ам сайтай байхгүй байх нь ч аргагүй юм билээ. Эндэхийнхэн барилгын чанарын талаар байнга гомдолтой байдаг. Наад захын жишээ нь гэхэд л жорлонгийнхоо усыг татахад халуун ус гоожоод амар заяаг нь үзүүлдэггүй гэсэн. Мөн угаалтуур, суултуурууд нь зэвэрчихсэн гэж байгаа. Яг иймэрхүү гомдол “Эко констракшн”-ы барилгуудад өмнө нь ч гарч байсан юм. Н.Шастиний нэрэмжит III эмнэлгийн зүүн талын хоёр эгнээ 12 давхар орон сууцыг “Эко”-гийнхон өнгөрсөн онд ашиглалтад оруулж байсан. Энэхүү барилгад орон сууц худалдаж авсан айлуудын цэвэр, бохир усны шугам, хоолой нь чанарын шаардлага хангахгүй, хэврэг муу материалаар хийгдсэнээс тухайн байрны оршин суугчид бохирын үнэр дунд амьдарч байна гэсэн гомдлыг гаргаж байснаар батлагдах биз. Үүнээс гадна цахилгаан шат нь ажилладаггүй, шил, цонх нь хагарсан, барилгын материалууд дунд холилдон амьдарч байгаадаа оршин суугчид сэтгэл дундуур байдаг аж. Тус барилгын нэг давхрын байрнууд ашиглалтад ороогүй учир энэ хавийнхан цемент, шохой, барилгын хог хаягдал дундуур туучин өнгөрдөг аж. Үүний шалтгааныг “Эко”-гийнхон “Нэг давхрын талбайг үйлчилгээний зориулалтаар худалдах учиртай. Одоохондоо худалдаж авах санал ирээгүй учир ашиглалтад ороогүй байгаа. Санал ирсэн даруй засварыг нь хийнэ” гэж тайлбарлав. Худалдаа, үйлчилгээний зориулалттай учир нэг давхрынх нь нэг ам.метрийнх нь үнэ 899 ам.доллар аж. Харин бусад давхрынх нь орон сууцнуудыг нэг ам метр нь нэг сая 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Үүнээс гадна төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны квотод багтсан иргэдэд зориулж нэг ам метрийг нь нэг сая 100 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гэсэн. Ямартай ч энэ барилгыг улсын комисс хүлээж авсан учир иргэд худалдаж авсан гэсэн. Харин бодит байдал дээр дээрх дүр зураг л угтсан юм.
Кран нурсан явдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Өргөх механизмын улсын байцаагч П.Дашдаваатай уулзсан юм.
-”Эко констракшн”-ы барилгын талбайд кран нуржээ. Ямар учраас нурсан гэсэн тодорхойлолт гарсан бэ?
-”Эко констракшн” хувь хүнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр эвдэрхий краныг ашиглаж байсан юм билээ. Сүүлийн үед барилгын компаниуд хямд өртөгтэйг нь бодоод ямар ч баталгаагүй кран ашиглах болсон. Энэ явдал үүний тод жишээ болж өглөө. “Эко констракшн”-ы хувьд краны эзэнтэй гэрээ байгуулахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зэргийг харгалзаж үзээгүй. Зөвшөөрөлгүй, баталгаагүй краныг ашигласан байна. Хоорондоо байгуулсан гэрээгээр бол краны эзэн бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн юм билээ. Гэхдээ хэнийх нь бурууг тогтоохоор ажиллаж байна.
-Хажуу талынх нь эмнэлэг ямар нэгэн гомдол гаргасан уу?
-”Бүсгүй эмнэлэг”-ийн барилгад тодорхой хэмжээний эвдрэл үүсгэсэн юм билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор гомдол гаргасан ч хоорондоо зохицсон юм билээ.
-Баталгаагүй крантай хувь хүмүүстэй барилгын компаниуд гэрээ байгуулж ажиллах явдал ихэссэн гэлээ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж байна вэ?
-Нийслэлд 500-700 өргөгч кран, 200-300 авто кран байдаг. Энэ бүхнийг манай байгууллага хянаж чадахгүй байгаа. Гэхдээ хувь хүмүүсийг баталгаагүй кранаар үйл ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээ авч байгаа. Гэсэн ч сэмхэн ажиллаад байгаа нь дээрх явдлаар батлагдаж байна. Тэгэхээр барилгын компаниуд хямд төсрийг нь бодож баталгаагүй кранаар ажил хийж байхаас татгалзах хэрэгтэй байгаа юм.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "Улс төрйин тойм" сонин