Ардчилсан нам хаачив аа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам хаачив аа

Саяхан хуралдсан МАХН-ын залуучуудын байгууллагын дарга нар шинэ үеийнхэндээ байраа тавьж өгч гэнэ.  Г.Занданшатар, Я.Содбаатар нар ахмад үедээ орчихож. Тэдний ард  дугаараа хүлээн зогсож байсан залуучууд тийнхүү нэг алхам урагшилжээ.  Сонин юм шүү. Хэдийдээ Г.Занданшатар, Я.Содбаатар нар хөгширчихөө вэ. Саяхан л залуучуудын тоонд цохиж явсан хүмүүс. Биологийн нас нь ч залуу. Дөнгөж 70-аад оныхон. МАСЗХ нэр, үзэл баримтлалаа солиод  НАМЗХ боллоо. Даргаар  нь дөнгөж 80 оны төлөөлөл болсон “хүүхэд”сонгогдов. Гэвч 80-аад оны “хүүхдүүд”өдгөө 30 хүрч явна шүү дээ.  

Тэгэхээр залуучуудын байгууллагыг толгойлох хэмжээнд оччихсон байж таарлаа.  МАХН бол  өтөл хөгшнөөрөө дуудуулж үзэл баримтлал нь хуучирсан гэж тоймчдын шүүмжлэлд байнга л өртөж байдаг нам. Гэтэл энэ том цул дотор цус сэлбэлт, уураг тархины шинэчлэлт  асар хурдан явагдаж байгаа нь анхаарал татаж байна. Үндсэндээ 50-аад оныхон нь халаагаа өгөөд шувтрах тийшээ хандав. Хэдхэн жилийн өмнө залуу халуунаараа дуудуулж улс төрд үзэгдэл болох шахаж байсан Сү.Батболд, У.Хүрэлсүх нар энэ намын удирдлага  болчихсон байхад арга ч үгүй юм уу.  Тэд эхнээсээ Ерөнхийлөгчийн насанд хүрч явна.  Одоо 60 –аад оныхны араас 70- аад оныхон ахиж  байна.  Тэд бас дүү нараа өөд нь татаж байх юм.  Ганцхан Хувьсгалт намд ч биш Ардчилсан намд ч бас залуучуудын төлөөлөл дээшээ гарах гэж тэмүүлж байгаа нь ажиглагдана.  Х.Тэмүүжин, Лу. Гантөмөр,  Жадамба, Ж.Батзандан гээд л залуусын нэр нүүр олноо танигдаж явна. УИХ, яам, ТББ ер нь хаана ч гэлээ залуучуудын төлөөлөл хав­рын цасан дороос цухуйх яргуй мэт “цэнхэртэж” эхлэв.  Харин залуучуудаа дэмжих намын удирдлагуудынх нь хүсэл сонирхол,  ур ухаан  харил­цан адилгүй юм.   Элд­вээр хэлүүлж байдаг ч МАХН залгамжлагчдаа бэлтгэж чадаж байна. Тэд хойд үеэ байнга чирч төрийн хүнд ачааг үүрүүлэхэд нь үүрүүлж, ажилд нухлаж, аргыг нь олохыг хичээж ирлээ.  Харин энэ үзэгдэл Ардчилсан намд нэг л хойрго.  Аль 20 жилийн өмнөх  1990 оны хувьсгал ярьсан хууччуул нь  хоорондоо хэрэлдэж “их нь ичиж бага нь уйлна” гэдэг шиг юм болсоор удлаа. Одоо тэд барьсан гэрийнхээ унийг нэг нэгээр нь тулаад   хэдэн тийшээ салж нүүхээр  шийдэж ядан байна. Ардчилсан намынхны хувьд Ц.Элбэгдорж л төрийн дээд албан тушаалд бүх ард түмний саналаар очсоноос биш бусад нь байнга эрх баригч намын идэж дууссан хаягдал сэг зэмээр  хооллосоор өнөөг хүрэв. Үгүй гээч. Хэдхэн хоногийн өмнө Ардчиллын өдөр боллоо.  Гудамжаар нэг  “Ардчиллын өдрийн мэнд дэвшүүлье”гэсэн МАХН-ын самбараас өөр юу байв. Ардчилсан нам юу хийв. Монгол дахь ардчиллын бэлгэ тэмдэг болсон энэ намын Нийслэлийн намын дарга асан С.Эрдэнэ л хэвлэлийн бага хурал хийж Э.Бат-Үүл гишүүнтэй хийсэн  хэрүүлээ үргэлжлүүлснийг эс тооцвол таг чимээгүй өнгөрөөв. Намын дарга нь хаана байв аа.   МАХН хуучинсаг үзэл баримтлалаасаа салж өөрсдийгөө муухай хараг­дуулаад байгаа “Хувьс­галт” гэдэг үгээ цээрлэхийг хүсч нийгэмд маргаан өрнүүлэв. Гэтэл Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлөө ч хуралдуулж чадахгүй нармийж хэвтэх болов.  Ардчилал хэмээх брэндийг МАХН хүсэмжилж, тэр шошгыг өөртөө нааж өнө мөнхөд засгийн эрх барьж байхын төлөө аль байдгаараа хичээж байхад Ардчилсан нам байхгүй. Эрээд ч олдохгүй. Үхсэн амьд нь бүү мэд. Нийслэлийн намын даргаа сольж том шинэчлэл хийлээ гэнэ. Чааваас нөгөө л Түвдэндорж. “Түнтгэр өвгөн түмэн жадтай, Түвдэндорж хоёр жадтай”гэж хэлц үгийг байсныг санаж байна уу. Боль л доо. Алтан гудсыг эрдэнийн гудсаар солих гэлээ гэдэг шиг С.Эрдэнийг Ш.Түвдэндоржоор солихын ашиг юу юм бэ. Бас нэг хэрүүлч амбицтай өвгөнийг авчирч тавилаа гээд Ардчилсан намын уруудаж буй рейтинг өсөх  үү.  Ардчилсан намд  80-аад оноо байя гэхэд ядаж 70-аад оны төлөөлөл алга уу. Тэмүүжин, Жадамба ер нь Уянга ч байсан арай л өөр харагдах байсан даа. Тэдний юу хийхийг нь мэдэхгүй ч харагдах өнгөнөөсөө лав өөрчлөгдөх нь гарцаагүй.  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  хувийн амбицаа ч номхотгож чадаагүй яваа Ардчилсан намын хууччуул зайгаа тавьж өгч яагаад болдоггүй юм бэ. Намаа өөрсөдтэйгөө хамт үгүй хийх гээгүй л юм бол нэг ч гэсэн залуу хүнд , залуу уураг тархинд найдаж яагаад болохгүй гэж.  МАХН уураг тархиа тордож ирсэн бол Ардчилсан нам тархиа гоожуулсаар амьсгаа хураах нь. Барууны үзэл баримтлалтай, эрдэм, боловсролтой мундаг залуус яагаад Ардчилсан намын хаяагаар өнгөрч МАХН-ын хаалгыг тогших болов. Учир нь тэнд юм хийж болж байна. Барагтай бол гадагшаа юм гаргадаггүй, удирдагч төрүүлэхийг эрмэлздэг энэ нам унаж боссоор нүдний өмнө шинэчлэгдэж байна. Одоо тэд өмнөх муу муухай үйлдлээ хуучин нэр,  үзэл баримтлалтайгаа хог дээр хаячихаад Ардчилсан шошготой шинэ нам болоод л босоод ирнэ.  Тэр цагт Ардчилсан нам яасан байх вэ. “Бид 20 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийсэн” гэж ярьсаар хоорондоо хэмлэлдсээр байх уу. Хувьсгалын үнэ цэнийг хэн ч үгүйсгээгүй. Харин одоо төлөвшиж, шинэчлэгдэж жаахан ч гэсэн юм хиймээр байх юм. Ардчилсан намд хандтай залуус МАХН руу гүйхийн оронд хүзүүвчин байшинд суух сандалгүй ч гэсэн зогсож байгаад өөрчилмөөр байна шүү дээ. Гэтэл нөгөө Ардчилсан нам нь байхгүй. Хайгаад ч олдохгүй. Хаана унтаж байгаа нь ч мэдэгдэхгүй… 
 
Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж