
Эрэгтэй баг тамирчдын тухайд зохион байгуулагч ОХУ-ын шатарчид чансаагаараа тэргүүлж, Украйн, Азербайжаны багууд эхний гуравт багтсан бол манай улсын эрэгтэй шатарчид чансаагаараа 66-рт бичигдээд байна. Харин оюутны дэлхийн аварга Б.Мөнгөнтуул, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шатарчид чансаагаараа 31-рт эрэмбэлэгдээд байна. Энэ ангилалд мөн л ОХУ-ын баг тамирчид тэргүүлж, БНХАУ болон Украйны багууд удаалжээ.
Өчигдөр тэмцээний эхний өргийн тоглолтууд болж, манай эрэгтэйчүүд Мали улсын багтай, харин эмэгтэйчүүд Туркменистаны шатарчидтай тоглолоо. Б.Гүндаваа, Н.Баттулга, Г.Эрдэнэ болон Ц.Батчулуун нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй шатарчид дэлхийд чансаагаараа 143-рт эрэмбэлэгдсэн Малигийн багтай тоглож, дөрвөн тоглолтдоо бүгдэд нь хожсоноор ерөнхий дүнгээр 4:0 харьцаатай хожсон байна.
Харин эмэгтэйчүүдийн тухайд чансаагаараа 44-р байрт бичигдсэн Туркменистаны багтай тоглож, 2:2 харьцаатай тэнцжээ. Манай шатарчдаас У.Лхамсүрэн, А.Энхтуул нар өрсөлдөгчөө хожсон бол Б.Анхчимэг, С.Отгонжаргал нар хожигджээ. Өнөөдөр тэмцээний хоёрдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд манай эрэгтэй шатарчид АНУ-ын багтай, харин эмэгтэйчүүд Шведийн багтай тоглоно.
С.Цэлмэг