Байгаль сүйтгэдэг бол дуугүй суух уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Байгаль сүйтгэдэг бол дуугүй суух уу?

М.Манлайбаатар: Үнэхээр байгаль орчин сүйтгэдэг бол тэнд ажиллаж байгаа монголчууд дуугүй сууна гэж үү

Уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд хүнд нөхцөлд хөдөлмөрлөж, баялаг бүтээж буй. Тиймээс ч түүнд нь тохирсон цалин, ахуйн хангамж байх учиртай. Гэхдээ ихэнх уурхайд ажиллагсдын эрх ашиг хохирох нь цөөнгүй. Харин “Бороо гоулд” компанийн Үйлдвэрчний хороо уул уурхайн салбарт жишиг болохуйц Хамтын гэрээ байгуулжээ. Энэ талаар тус хорооны тэргүүлэгч М.Манлайбаатартай ярилцлаа.

-Жишиг болохуйц гэж тодорхойлоод байгаа гэрээнийхээ онцлох заалтуудаас тодруулна уу. Ер нь ажилчдынхаа цалин хөлсний асуудлыг яаж тусгасан бэ?

-Ажилчдынхаа цалинг зургаан  сар тутамд инфляцийн төвшинтэй уялдуулан нэмэхээр Хамтын гэрээгээ шинэчилж хийгээд баталлаа. Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллагсдынхаа хөдөлмөрийн болон эрүүл ахуйн асуудалд “Бороо гоулд” онцгойлон анхаардаг. Энэ ч үүднээс цалинг зургаан сар тутам нэмэх заалтыг тусгалаа. Мөн шөнийн нэмэгдэл цагт 500 төгрөг байсныг мянга болгож нэмэгдүүлэх, эмчийн үзлэгт иж бүрэн хамруулах зардлыг компани даах, ажлаас халагдсаны дараа хангалттай тэтгэмж олгох, бусад уул уурхайн компанид зуучилж ажлын байртай болгох гэхчилэн тусгаж өгсөн. ХААН банкны, сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломжийг ажиллагсдадаа бүрдүүллээ. Тухайн хүн ажлаас халагдсаны дараа 750 мянган төгрөгт багтах сургалтад хамруулахаар гэрээнд заасан байгаа. Хэлний, компьютерийн гээд ямар ч төрлийн сургалт байж болно. Нэг үгээр “алтыг нь аваад авдрыг нь хаях” бус, ажиллагсдаа цомхтголд орсны дараа ч тэтгэмж олгох, сургалтад хамруулах, өөр компанид зуучлах зэргээр анхаарах юм. Ер нь “Бороо гоулд” өмнөх жилүүдэд цомхтголд орсон ажиллагсдаа дараагийн удаад ажлын байр гармагц эргүүлж авдаг нэг давуу талтай.

-Дундаж цалингийн төвшин хэд бол. Нийт хэчнээн монгол хүн ажилладаг вэ?

-Ажиллагсдын цалингийн дундаж 1.6 сая төгрөг. Энэ нь уул уурхайн бусад компанитай харьцуулахад өндөр. “Бороо гоулд”-ын нийт ажиллагсдын 97 хувь нь монголчууд. Ажиллах нөхцөл, ахуй хангамж сайн. Хөдөлмөрлөж, тодорхой хэмжээний баялаг бүтээж байгаа учраас цалин, хангамж өндөр байх ёстой гэдэгт ч Үйлдвэрчний эвлэлийн хороо анхаарал хандуулдаг.

-Бусадтай харьцуулахад өндөр цалин ч гэлээ тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг үү гэж асуумаар байна.

-Тухайн хүн ямар  хэмжээтэй цалин авна, тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг. Ер нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бусад төлбөр, хураамжийг хуулийн хүрээнд төлдөг юм.

-Уурхайнуудын хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа маш чухал. “Бороо гоулд”-д энэ дүрмийг хэр мөрддөг вэ. Мэргэжлээс шалтгаалах өвчлөл ажиллагсдын дунд байдаг уу?

-Монгол үйл ажиллагаа явуулж буй компаниудаас “Бороо гоулд” хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчин, цалин хангамж илүү.  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал мөрдөхийг ажиллагсдаасаа шаарддаг. Эрүүл орчинд ажиллах бололцоог 100 хувь бүрдүүлсэн. Зарим нэг компанийн үйл ажиллагаатай танилцаад явж байхад нэг бээлийг долоо хоног өмсдөг гэхтэй таарсан. Манайд бол өдөрт хэдийг ч өмсөж болно. Ер нь хүмүүсээ  эрүүл орчинд ажиллуулж, ажлын бүтээмж өндөр байхад анхаардаг. Иймээс 2003 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш нэг ч хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөөгүй.

-Эцэст нь нэг зүйл  тодруулъя. Хөдөлгөөнийхний яриад байгаачлан “Бороо гоулд” хана хэрэм барьчихаад нутгийн хүмүүсийг хөөж туудаг, байгаль орчин сүйтгэдэг бол монгол хүн байна даа та нар дуугарах хэрэгтэй биш үү?

-Үнэхээр байгаль орчин сүйтгэдэг бол тэнд ажиллаж байгаа монголчууд дуугүй сууна гэж үү. Би өөрөө Зүүнхараагийнх. Нутаг ус маань сүйдээд байвал эсэргүүцнэ шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр байдал өөр. Хөдөлгөөнийнхөн өөрсдөө биеэрээ очиж үзсэн. Ажлын орчин нөхцөл, ахуй хангамж, хөдөлмөр хамгааллын хувцас, уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт зэргийг үзсэн, нягталсан. Бүх юм ок байна гээд л явсан. Уурхайн орчимд хана хэрэм бариагүй. Хүнд машин техник явдаг, уул уурхайн үйлдвэрлэл өрнөж байгаа учраас хүмүүсийн аюулгүй байдлын төлөө тодорхой хэмжээний хязгаарлалт, хамгаалалт бий. Бүх уурхайд ийм хязгаарлалт байгаа шүү дээ.

Д.Энэрэл “Үнэн” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж