С.Эрдэнэ Хяналтын хороонд гомдол мэдүүлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ Хяналтын хороонд гомдол мэдүүлээгүй байна

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ш.Түвдэндорж сонгогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хяналтын хороонд хараахан гомдол гаргаагүй байна. Тэрбээр Хяналтын хороонд хандана гэдгээ өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болоход хэлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл Хяналтын хороонд хандаж, гомдол гаргаагүй байгаа түүнийг Монголын Ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж өөртэй нь холбоотой асуудлаар хэвлэлд чухам яриа өгөхөөс шалтгаалж, хандах эсэхээ шийднэ гэсэн ойрынх нь мэдээлэл ч  байна.

Нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо нь 138 гишүүнтэй, түүнээс 90 гаруй нь өнгөрсөн бямба гаригт болсон хуралдаанд оролцож, 78 хувь нь “нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэд итгэл үзүүлэхгүй” гэсэн санал өгсөн гэж тус хуралдаанд оролцогч мэдээлсэн бол УИХ-ын гишүүн арай өөр тайлбар хийж буй. Тэрбээр энэ удаагийн хуралдаанд 101 гишүүн ирж, 50-иад нь хуралд оролцсон. Намайг хурал орхиж гарахад мөн 50 гаруй гишүүн цуг гарсан” гэсэн ярилцлага өгөөд буй. Мөн тэрбээр миний үүрэгт хугацаа ирэх аравдугаар сард дуусах байсан учраас тэр үед нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг дахин зарлаж, даргыг шинээр сонгоно гэж мэдэгдээд байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж