Бенто Португалийн шигшээг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Бенто Португалийн шигшээг дасгалжуулна

Португалийн шигшээ багийг дасгалжуулах эрхэм хүндтэй үүргийг “Спортинг Лисбон” клубыг дасгалжуулж байсан Пауло Бенто хүлээх болжээ. Португалийн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн дасгалжуулагч Карлош Куэйрозыг ажлаас нь чөлөөлсний дараа Жозе Моуриньод санал тавьсан ч татгалзсан учир Бентог сонгосон байна.
Өдгөө 41 настай Бенто Португалийн шигшээ багийн төлөө 35 тоглолтод оролцож явсан юм. Тэрбээр “Евро-2012”-ыг дуустал шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд анхны тоглолт нь ирэх сарын 8-нд Данийн багтай хийх “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын тоглолт байх ажээ. Мөн үүнээс дөрөв хоногийн дараа Исландын багтай тоглоно.
Бентогийн тухайд 2005-2009 онд “Спортинг Лисбон”-ы дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа Португалийн цомд хоёр удаа түрүүлж, лигийн хоёрдугаарт байрт дараалан дөрвөн улирал шалгарснаас гадна 2009 онд Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч байлаа. Харамсалтай нь, түүний баг хоёр сарын турш лигийн ганц ч тоглолтод ялалт байгуулаагүй учир өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж