200 настай цэл залуухан “Севилийн үсчин”

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

200 настай цэл залуухан “Севилийн үсчин”

Тэртээ 1816 онд “Ашиггүй сэрэмжлүүлэг” буюу “Альмавива” гэсэн
нэртэйгээр Ромын Аргентино театрт анх удаа тоглогдож байсан дэлхийн
хамгийн алдартай хошин дуурь өнгөрсөн бямба гаригт сонгодог урлагт
дуртай үзэгчдийг ДБЭТ-д цуглууллаа.
Цэл залуухан хөгжмийн зохиолч Gioachino Rossini “Севилийн үсчин” гэх
энэхүү агуу бүтээлээ Францын жүжгийн зохиолч Pierre Beaumarchais-ын
1775 онд бичсэн хошин жүжгийн зохиол дээр сэдэвлэн туурвижээ. Бүх цаг
үеийн хошин дуурийн тэргүүнд бичигдэх энэ суут дуурийг бичихдээ Rossini
дөнгөж 30 настай байсан гэдэг. Rossini гайхмаар хурдтай хөгжмийн
зохиолч гэдгээрээ цуутай. 19 жилийн хугацаанд тэрбээр нийт 38 дуурь
туурвисан гэхээр нэг жилд дунджаар хоёр дуурь зохиодог байсан гэсэн
тооцоо гарна. Мэдээж түүнд авъяас, оюунаа “амрааж”, хөгжим, нооттой
зууралдаагүй жил, сарууд бий. Зарим жилд Rossini дөрвөн ч дуурь туурвиж
байсан гэдэг юм билээ. Жилд дунджаар хоёр дуурь туурвиж байсан сод
авъяастай Rossini “Севилийн үсчин” дууриа бүр итгэхийн аргагүй богино
хугацаанд бичсэн гэдэг. Хагас жил биш, бүр гурван сар ч биш… Ердөө
гуравхан долоо хоногт бүхий л цаг үеийн хамгийн алдартай хошин дуурь
“Севилийн үсчин” цаасан дээр ноот болон амилсан гэхэд одоо итгэмгүй.
“Севилийн үсчин”-ий удиртгал хөгжим үнэхээр яруу тансаг. Удирдаач
Н.Туулайхүүгээр удирдуулсан симфони оркестр удиртгал хөгжмийг тоглож
эхлэхэд л шууд суудлаасаа өндөлзмөөр болж, сэтгэл хөдөлсөн. Сонгодог
урлагийн хамгийн алдартай хошин дуурийг үзэх гэж байгаа нь, дуурийн
хамгийн алдартай удиртгал хөгжмийг сонсч байгаа нь нэр төрийн хэрэг
байв. Энэхүү эрчтэй, бадрангуй, товчхондоо бол дэндүү бишрэм яруу
удиртгал хөгжмийг Rossini өөрийнхөө огт амжилт олоогүй “Aureliano in
Palmira”, “Elisabetta, regina d"Inghilterra” дууриудаасаа зээлсэн
гэдэг.
Амраг хайртай Розинагаа өөрийн болгохын тулд гүн Альмавива өмнө нь
түүний туслах байсан сэргэлэн, эрч хүчтэй, заль цогтой үсчин Фигарогоос
тусламж хүснэ. Үзэсгэлэнт сайхан Розинаг гэртээ тэжээн тэтгэж,
асрамжлан хамгаалдаг гэсэн нэрийдлийн доор өөрийн болгон авч суух далд
санаа өвөрлөсөн өвгөн доктор Бартологоос гүн Альмавива, үсчин
Фигарогийн тусламжтайгаар хайртай бүсгүйгээ авч чаддаг тухай өгүүлэх
энэхүү дуурийн гол орц найрлага нь хайр дурлал, заль мэх, нууц явуулга.
ДБЭТ-ын цээл хоолойтнуудын нэг, меццо сопрано Ө.Уянга үзэсгэлэнт испани
бүсгүй Розинад, СТА Ц.Баттөр үсчин Фигарод, Ц.Доржсүрэн Альмавива
гүнтэнд тус, тус тоглосон. Розинагийн каватинагаар эхэлдэг нэгдүгээр
бүлгийн хоёрдугаар үзэгдэл дуурь сонирхогчдын сонирхлыг эрхгүй татсан
нь мэдээж. Энэ нь дуурийн хамгийн алдартай каватинагийн нэгт тооцогддог
билээ.
Ө.Уянга Розинагийн каватинаг гайхалтай цар хүрээтэй дуулж, үзэгчдийн
халуун алга ташилтаар шагнуулсан. /Каватина нь аритай харьцуулвал илүү
энгийн хөгжмийн хэлбэр бөгөөд ямар ч дахилт, хоёрдугаар хэсэггүй дуу
юм/.
Хэдийгээр Розинагийн дүр колоратура контральто /coloratura contralto/
хоолойтой дуучинд зориулагдсан ч энэ төрлийн хоолой маш ховор байдаг
учраас ихэвчлэн колоратура меццо сопрано /mezzo soprano/ хоолойтнууд
дуулдаг байна.

Энэхүү дуурь мандан бадарч эхэлсэн тэр үед Россинигоос даруй хорин
насаар ах суут Бетховен түүнд хандан “Ай, Россини минь. Чи Севилийн
үсчинг зохиосон шүү дээ. Зөвхөн үүний чинь төлөө л би чамд талархал
илэрхийлэхэд хангалттай. Севилийн үсчин хэдэн зуун жилийн турш
тоглогдсоор л байх болно. Үүнээс өөр хошин дуурь бичих гэж хэзээ ч
оролдоод хэрэггүй дээ. Дуурийн ямар ч төрлөөр бичих ур чадвар чамд
байна” гэж 30 настай цэл залуухан Россинид чин сэтгэлийн урмын үг
хайрлаж байсан гэдэг.
Өдгөө энэ дуурь хоёр зуун настай. Гэсэн ч одоо хэр нь 20 наст шиг “цэл залуухан” хэвээр л байна.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж