Н.Оюунбат: Монгол хүүхдүүд үнэхээр хатуужил, тэвчээртэй

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Н.Оюунбат: Монгол хүүхдүүд үнэхээр хатуужил, тэвчээртэй


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 9-15-ны өдрүүдэд болж өнгөрсөн Монгол туургатны хүүхдийн спортын II наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, медалийн хур буулгасан билээ. Тус наадамд Монголын баг тамирчдыг ахлан оролцсон БТСГ-ын Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбаттай уулзаж, ярилцлаа.

-Монголын маань өсвөрийн тамирчид Монгол туургатны хоёрдугаар наадамд амжилттай оролцоод ирлээ. Баг тамирчдыг ахлан тус наадамд оролцоод ирсний хувьд та Монгол туургатны II наадмын талаар сонирхуулаа?

-Монгол туургатны хүүхдийн спортын II наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хүүхдийн наадамд Монгол, Буриад, Өвөр Монголын нийт 533 өсвөрийн тамирчин спортын зургаан төрлөөр өрсөлдсөн. ӨМӨЗО-ны гурван мужийн зургаан баг мөн Монгол, Буриад гээд нийт найман баг оролцлоо.

-Наадамд оролцсон Монголын баг тамирчид, тэдний амжилтын талаар танилцуулбал?

-Манай улсын тухайд тамирчин, дасгалжуулагчид, албаны хүмүүс гээд нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөх хотыг зорьсон. Манай тамирчид спортын зургаан төрөлд 166 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс  10 алт, 12 мөнгө, 15 хүрэл, нийт 37 медаль хүртэж, бахдам амжилт гаргалаа. Ур чадварын хувьд манай тамирчид, нэн ялангуяа жүдо, бокс, чөлөөт бөхийн төрөлд үнэхээр онцгой, бусдаас ялгарч байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-Өрсөлдөгч багуудын тухайд?

-Наадамд оролцсон найман багийн тамирчид бүгд хүчтэй өрсөлдөгчид байсан. Сая болж өнгөрсөн “Сингапур-2010” хүүхдийн наадамд амжилттай оролцсон байт харваачид Буриадын багийн бүрэлдэхүүнд байсан, мөн Өвөр Монголын хөнгөн атлетикийн багийн тамирчин нь Сингапурын олимпийн спорт алхааны мөнгөн медальтай тамирчин байх жишээтэй.

-Манай улсаас төрсөн өсвөрийн олимпийн аварга Б.Батцэцэг Монгол туургатны наадамд мөн эх орноо төлөөлөн оролцсон шүү дээ?

-Тийм ээ. Харамсалтай нь, эхний барилдааны дараа гэмтэж, биеийн байдлын улмаас дараа дараагийнхаа тэмцээнд оролцох боломжгүй болсон. Бид нар ч хоорондоо зөвлөлдөөд барилдахгүй байх нь зүйтэй гэж шийдсэн. Гэхдээ наадмын төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс олимпийн аваргыг маань хүндэлж, Б.Батцэцэгт дурсгалын алтан медаль гардуулсан байгаа.

-Нэгэнт хүүхдийн гэсэн тодотголтой өсвөрийн тамирчдын наадам учраас тэмцээний үеэр бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан гэж сонссон. Энэ талаар?

-Тийм ээ. Энэхүү наадмын үеэр зөвхөн спортын уралдаан, тэмцээнээс гадна хүүхдийн эв найрамдлыг нэгтгэх, хоорондоо найз нөхдийн дотно харилцаатай болох, тэдний нөхөрлөл үерхлийг бататгах, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс зохион байгуулагчдын зүгээс олон арга хэмжээг зохион байгуулсан.

-Тухайлбал?

-Сагсан бөмбөгийн тэмцээн, Өвөр Монголын ёс заншил, өв соёлтой танилцах, үндэсний, түүхийн музей үзэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн тамирчдыг Хятадын номер нэг сүүний үйлдвэр Mon Niu компанийн үйлдвэрт урьж, хүүхдүүдийг танилцуулах гэх мэтчилэн спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсан нь наадамд оролцсон тамирчин хүүхдүүдэд ихэд таалагдсан.

-Наадмын үеэр оролцогч орнуудын биеийн тамир, спортын салбарын удирдлагуудын уулзалт болж, чухал асуудлуудын талаар санал солилцсон гэж байсан. Энэхүү уулзалт, хурлын талаар сонирхуулаач.

-Гурван орны спортын салбарын удирдлагууд ажлын уулзалт хийсэн байгаа. Энэ үеэр 2011 онд Буриад улсад болох Монгол туургатны хүүхдийн спортын III наадмыг зохион байгуулах, наадмын дүрэм журамд оруулах өөрчлөлт, шүүгчдийн зөвлөл, байнгын зөвлөл байгуулах зэрэг олон асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсон. Цаашдаа наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд анхаарч, олон улсын төвшинд мэргэшсэн шүүгч нарыг сонгон ажиллуулах тал дээр түлхүү анхаарах талаар ярилцлаа. Мөн наадмын уриа, лого, цаашдаа зуны олимпийн наадам болох жилүүдийг өнжих нь зүйтэй юу гэхчлэн олон сэдвийг хөндсөн л дөө. Энэ дашрамд хэлэхэд, ирээдүйд энэхүү Монгол туургатны наадмыг зөвхөн зуны гэлтгүй өвлийн наадам болгож өргөжүүлэх тал дээр ярилцсан байгаа.

-Монгол туургатны наадмыг зохион байгуулах санаачлагыг анх хаанаас гаргав. Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болж байсан шүү дээ?

-Наадмыг зохион байгуулах санаачлагыг анх 2007 онд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар гаргаж, дараа нь 2008 онд Өвөр Монголд үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу уг саналаа дэвшүүлж, гурван орны хооронд зохион байгуулахаар болсон юм. Манай улс санаачлагч гэдэг утгаараа анхдугаар наадмыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

-Эх орондоо зохион байгуулсан анхдугаар наадмыг эргэн сөхвөл?

-Монгол туургатны хүүхдийн спортын анхдугаар наадмыг зохион байгуулахдаа оролцогч гурван оронд түлхүү хөгжсөн гэсэн спортын таван төрлөөр зохион байгуулж байлаа. Жүдо, чөлөөт, бокс, ширээний теннис болон байт харваа гэсэн төрлүүд байсан. Харин энэ жил зургаан төрлөөр зхоион байгуулсан бол ирэх жилийн наадмыг долоон төрлөөр зохион байгуулахаар саяын уулзалт хурлаар ярилцсан байгаа. Мөн ирэх арванхоёрдугаар сард Буриад улсад оролцогч орнуудын биеийн тамир, спортын газрын удирдлагуудын хоёрдугаар уулзалт болж, тэндээс III наадмын хөтөлбөр албан ёсоор баталгаажиж гарах учиртай.


-Өнгөрсөн жилийн наадамд манай баг тамирчид ямар амжилттай оролцож байв?

-Баг тамирчид маань багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан. Тухайн улс оронд түлхүү хөгжсөн спортын төрлүүдээр тамирчид илүү өндөр амжилт гаргаж байна. Үүнд манай улсын тухайд жүдо, чөлөөт бөх, боксын тамирчид маань үнэхээр давамгайлж, гайхалтай амжилт гаргасан. Тэгэхээр ер нь спортын салбарын маань залгамж, хойч үе сайн бэлтгэгдэж байгаа нь харагдаж байлаа. Түүнчлэн энэ жил хэдийгээр манай баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан ч тамирчдын ур чадвар, чанар чансаа илт өссөн нь анзаарагдаж байсан. Статистик мэдээнээс үзэхэд нийт тамирчдын маань гуравны нэг нь медаль хүртсэн, тэр тусмаа боксын төрөлд 13 тамирчнаас 11 нь медалийн тавцанд гарна гэдэг гайхалтай.

-Монгол туургатны наадамд Монгол, Буриад, Өвөр Монгол гэсэн гурван улсаас өөр орнууд оролцох боломжтой юу?

-Ажлын хэсгийн уулзалтаар яг энэ талаар ярилцсан. Монгол туургатан гэдэг утгаараа зөвхөн энэ гурван улсын тамирчид биш, Монгол туургатан маань дэлхий даяар тархсан байгаа. Тиймээс зөвхөн БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад гэлтгүй Якут, Халимаг, Саха, цаашилбал Өвөр Монголоос гадна Шиньжян зэрэг мужуудыг хамруулах санал тавьсан. Цаашдаа аль болох олон улсыг хамруулж, спортын олон төрлөөр зохион байгуулж, Монгол туургатны наадмын хамрах цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Энд нэг зүйлийг онцолж хэлье гэж бодлоо.

-За?

-Жүдогийн 40 кг-д барилдсан манай тамирчин н.Буянхишиг барилдааны үеэр гэмтэл авсан юм. Мөрөө хугалчихсан. Тэгээд бид тэндхийн эмнэлэгт хандахад зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай, эсвэл даруй Монголдоо буцаж, тэндээ хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгтэл Хөх хотод хагалгаа хийлгэх төлбөр нь 12-13 мянган юань болно гэж байсан. Гэтэл тухайн үед бидэнд тийм их хэмжээний мөнгө байгаагүй. Хэдийгээр тамирчид маань даатгалтай байсан боловч эхлээд бид эмчилгээнийхээ төлбөрийг төлөх ёстой, дараа нь даатгалаа авах ёстой байсан. Тиймээс бид зохион байгуулагчдад энэ асуудлаа дэвшүүлсэн юм. Харин тэд үнэхээр сайхан сэтгэл гаргаж, ердөө 30-хан минутын дотор зардал мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгсөн.

-Тийм үү?

-Тийм ээ. Тэгээд л маргааш нь шууд хагалгаандаа ороод, наадам дууссаны дараа бид нартай хамт эх орондоо ирсэн. Н.Буянхишиг маань 13-хан настай гэхэд үнэхээр тэсвэр тэвчээртэй, зоригтой байж, тэгж хүнд бэрчихээд байж бараг дусал нулимс ч гаргаагүй. Хагалгаа хийлгэх эмнэлэгт нь биднийг очиход тус эмнэлгийн зөвлөл “Энэ хүүхэд олон улсын хүүхдийн наадамд оролцож байгаа хүүхэд байна. Бид бүх зардлынх нь 20 хувийг хөнгөлье” гэсэн шийдвэр гаргасан. Мөн тамирчин хүүхэд учраас хойч ирээдүйг нь бодож, мөрнийх нь ясыг хадахдаа уян, цаашдын хөдөлгөөнд нь саад болохооргүй уян хатан хадаас хэрэглэсэн. Мөн Өвөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн өсвөрийн тамирчид 5000 юань хандивласан юм. Түүгээр ч зогсохгүй Өвөр Монголын тамирчид хоёр хоёроороо ээлжлэн, бэлтгэл сургуулилтаа ч ардаа орхиод, манай тамирчинг эмнэлэгт долоо хоногийн турш сахисан. Тэр үед үнэхээр сайхан санагдаж байлаа. Хэдийгээр тэмцээний үеэр нэг нэгэнтэйгээ ширүүн өрсөлдөж байгаа ч хүнд хэцүү үед эв нэгдэл гаргаж, нэгэндээ тусалж, дэмжиж чаддагийг харуулсан юм. Зөвхөн санхүүгийн хувьд төдийгүй, сэтгэлийн асар их дэм өгч байсныг онцлох нь зүйтэй гэж бодож байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж