Хэнд цалингийн нэмэгдэл очив

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хэнд цалингийн нэмэгдэл очив

Бага цалинтай гэж гоочлох хэрнээ хүмүүс төрийн алба руу зүтгэх нь хачирхалтай. Энэ оны эхэнд  Монголд 144100 төрийн албан хаагч байжээ. Үүний олонх нь буюу 102600 нь төрийн үйлчилгээний ажилтан. Өөрөөр хэлбэл,  бага цалинтнууд нь олонх. Мөн Үндэсний статистикийн хорооноос төрийн тусгай албанд 25700, төрийн захиргааны албанд 13100, төрийн улс төрийн албанд 2700 албан хаагч байдаг гэж мэдээлжээ.

Харин энэ тоо өдгөө 154 мянгыг давсан гэх. Уг нь гаднаас нь харахад гар чанга, шаардлага өндөр “төр” гэх энэ байгууллагад ажиллахыг дурлах үндэслэл тун бага харагдана. Гэвч жил ирэх тусам олширсоор байгаа төрийн албаныхны цалинг ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс 30 хувиар нэмнэ. Зөвхөн цалин  төдийгүй албан тушаалын цалингаас тооцдог бүх төрлийн нэмэгдэл мөн тийм хэмжээгээр өснө гэсэн үг. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар одоогийн дундаж цалин нэмэгдвэл хэд болохыг харъя.

Төрийн албан хаагчдын дундаж цалин одоогийн байдлаар 323 мянган төгрөг байгаа. Түүн дотроо төрийн захиргааны албан хаагчийнх 336,7 мянган төгрөгөөс 437,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчийнх 321,3  мянган төгрөгөөс 417,7 мянган төгрөг, төрийн тусгай албан хаагчийнх 310 мянгаас 403,9 мянган төгрөг болон нэмэгдэх аж.

Харин дээр өгүүлсэн төрийн албан хаагчдын олонхыг эзэлдэг төрийн үйлчилгээний албан хаагчид ажил мэргэжлийн хувьд хэд хэдэн бүлэгт хуваагддаг. Үйлчилгээний албаны бага тушаалын албан хаагчдын цалин 145 134 төгрөг байснаа 188 674 болж нэмэгдэж байгаа юм. Гэтэл төрийн захиргааны албан тушаалтны доод цалин 262 мянгад хүрч байгаа бөгөөд ТЗ-14 зэрэглэлийн дарга нарын цалин 566131 мянга болно.

Хэдийгээр төрийн албаныхны хамгийн бага цалин 188 мянган төгрөг болж өнөөдөр мөрдөж буй цалингийн доод хэмжээг хол хаясан ч энэ нь  дээд албан тушаалтнуудынхаа цалингийн 30 орчим хувийг л эзэлж байгаа нь дэндүү харьцангуй үзүүлэлт гэж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар хатуу мэдэгдсээр байгаа. Тиймээс цалинг ялгавартай тогтоох нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлээд хараахан үр дүнд хүрээгүй. Үүнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүд “Урьд нь ялгаатай тогтоож байсан. Төрийн албан хаагчдын дээд доод албан тушаалтны цалинг ялгаа багатай тогтоосноор ажил үүргийн хуваарь алдагдаж, түүнийгээ засахын тулд илүү их зардал гаргаж байсан” хэмээн тайлбарлан ам таглаж байгаа юм. Үүнийг үгүйсгэх аргагүй ч бүрэн дүүрэн тайлбар гэж  итгэхэд бэрх. Ийнхүү нэг хэсэг хүмүүсийг төрийн нэрээр түрээ барин хөлжүүлж, нөгөө хэсгийг нь улам л доройтуулж орхидог нь гачлантай. Төрийн дунд, дээд зэрэглэлийн албан хаагчдын авдаг цалин нь ахиу, зэрэг дэвийн нэмэгдэл нь төдий хэмжээгээр илүү байдаг. Гэвч тэд тэр хэрээрээ ажиллаж, илүү ихийг амжуулж байна уу гэдэг эргэлзээтэй. Ажиглаад байхад доод шатандаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан төрийн дээд албан тушаалтны ажлын үзүүлэлт болоод мэдээлэгдэх нь олонтаа. Ийм нөхцөлд хөдөлмөрийн бүтээмжийн асуудал ч хөндөгдөх л учиртай. Хэн ажиллаж чадаж байгаа нь илүү цалин авдаг шударга зарчим төрийн албанд хэзээ нэвтрэх бол оо. Зиндаа ахиухан нэгэнтэй нөхөрлөж, хааяа нэг хатуу дарс хамт шимж чадсан нь тушаал ахиж, ард нь хамаг ажлыг нь амжуулдаг “ажилчин зөгийнүүд” нь ойн медаль төдийхнөөр энгэрээ цоолон түүндээ сэтгэл ханан гавьяаныхаа амралтад гарсаар.
Өнөөдөр төрийн албыг олон жилийн туршлагатай цөөхөн хэдхэн ахмадууд үүрч явна. Харин халхавчинд нь дарга, сайд нарын ах дүү хамаатан садан, танил найз нөхөд нь сэмхэн “паразит” маягаар өсөн бойжсоор байна. Төрийн албаны ажилтнуудын цалинг ажлын бүтээмжээр нь үнэлж дүгнэдэг болсон цагт хэн нь хэн байв гэдэг нь ялгаран харагдах нь мэдээж. Гэвч тэр цаг тийм ч ойрхон биш бололтой. Эцэст нь дахин хэлэхэд цалин нэмлээ гэж  хйи сүржигнэчихээд, яг тэр нэмэгдэл нь л хэрэгтэй байгаа эгэл борчуудад дуслын төдийхнийг амсуулж байгаа юм биш үү?  

Таны цалин хэд болж нэмэгдэх вэ?

Тэгвэл хэний цалин хэдэн хувиар нэмэгдэж, хэд болж байна вэ гэдгийг мэдэхийг хичээлээ. Тухайлбал, эмч багш нар, дарга, сайд тэргүүтэн ер нь ямар цалинтай байдаг юм бол? Хэдийгээр ойр тойрныхныхоо жишээнээс авахуулаад хэн хэдэн төгрөгний цалин авч байгааг ихэнх нь мэдэх ч яг нарийвчилсан тоо харахыг хүсч байгаа биз дээ. Үүнд мэдээж хэрэг холбогдох яамнаас нь гаргасан нарийвчилсан тоо, хүснэгт байгаа ч энгийн нэгэн ойлгоход бэрх юм билээ. Энэ нь ТЗ, ТҮ гэх мэт харь гэмээр үсгээр томьёолсон есөн ангилалтай уртын урт жагсаалт байдаг аж. Эдгээр нь дотроо арваас дээш зэрэглэлтэй, зэрэглэл болгон тусдаа цалинтай. Үүнийг нь цааш жаахан ойлгохыг хичээх ахул багш нар гэхэд л төрийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа, ямар цол зэрэгтэйгээсээ хамаараад ангилал нь өөрчлөгддөг юм байна.  Иймээс эмч, багш, УИХ-ын гишүүн гэхчилэн мэргэжил цохож асуусан асуултад хариулт олдсонгүй ээ. Гэхдээ бидний хажууханд байгаа жишээнээс харцгаая. Энд нэр дурдаагүй ч бусад баримт бол яг л бодит байдал юм шүү.

Клиникийн эмнэлгийн хагалгааны сувилагч Л.

Тэрбээр эмнэлэгтээ зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Түүний сарын үндсэн цалин 235 мянган төгрөг. Үүн дээр хүнд нөхцөлийн нэмэгдэл гэж сард 10 мянган төгрөг, үүнээс нь суутгал тооцон хагас сард 4500 төгрөг авдаг байна. Харин үйлчлүүлэгчдээс элдэв гомдол гаргахгүй байх юм бол харьцаа хандлагын урамшуулал гэж 15 мянган төгрөг өгдөг. Автобус унаа болон өдрийн хоолны мөнгө болох 50 мянган төгрөгийг нэмбэл хагалгааны сувилагчийн цалин 300 орчим мянган төгрөгт дөхөж очно. Үүнийг 30 хувь нэмвэл 390 төгрөг болох нь. Гэхдээ үүнээс эрүүл, мэнд, нийгмийн даатгал зэргийг хасаад сардаа хоёр хувааж авна гэдгийг хүн болгон мэдэх буй за.  

Дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.

Багшаар 10 жил ажиллаж байгаа, магистр цолтой. Үндсэн цалин 237 мянган төгрөг. Үүн дээр анги даасан болон, дэвтэр зассаны 10 мянган төгрөг, цолны нэмэгдэл 10 мянган төгрөг. Нийт 257 мянган төгрөг. Энэ нэмэгдээд 334 мянга орчим төгрөг болох нь.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгч Д.

Нийт 20 гаруй жил ажиллсан, гэхдээ төсвийн байгууллагад ажиллаад хоёр жил болж байгаа. Сарын цалин 185 мянга. Ямар нэгэн нэмэгдэл урамшуулал үгүй. Түүний цалин 240 төгрөг болно.

УИХ-ын гишүүний туслах Э.

Ажиллаад гурван сар болж байгаа, бакалавр зэрэгтэй. Сарын цалин 350 мянган төгрөг. Нэмэгдээд 405 мянган төгрөг.

Улс төрийн дээгүүр албан тушаалтны цалингийн доод жишиг 550 мянган төгрөг гэснээр бол тэдний цалин дунджаар 715 мянган төгрөг болох юм байна. Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан ч биелэхдээ тулахаар мөнгө санхүүжилт нь саатах тохиолдол өмнө нь гарч байсан. Тэгвэл энэ удаагийн цалин тэтгэврийн нэмэгдэлд нийтдээ 78.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгааг өнгөрсөн долдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан төсвийн тодотголд суул¬гасан гэж албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа “Он дуустал цалин тэтгэвэр тавих боломжтой байгаа. Харин ирэх жил 300 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай” гэсэн хариуг өгч байна.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хүснэгтээр харуулъя

Төр гэдэг их айлд өнөөдөр 155 мянган хүн хүчин зүтгэж байгаа. Тэднийг төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба, төрийн улстөрийн албан тушаалтнууд гэж ерөнхийд нь хуваан ангилдаг ч цалингийн систем нь маш нарийн олон жишигт хуваагддаг ажээ. Зөвхөн төрийн үйлчилгээний алба л гэхэд дотроо 12 ангилал  зэрэглэлтэй, зэрэглэл дотроо ч ур чадварын нэмэгдэл нь өөр өөр байдаг. МҮЭ-ийн холбооноос төрийн албан хаагчдын цалингийн доод жишгээр судалгаа хийснийг нийтлэв. Доорх хүснэгтэд төрийн албаныхны цалин хөлс одоо ямар байгаа, нэмэгдээд хэдэн төгрөг болох вэ гэдгийг нарийвчлан тусгажээ.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж