Ц.Чимэдцэрэн хохирлоо барагдуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Ц.Чимэдцэрэн хохирлоо барагдуулаагүй гэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих ангиудаас сүүлийн үед ноцтой зөрчил илэрч, олныг гайхшруулах боллоо. Сонин хэвлэлээр ч энэ тухай хангалттай мэдээлж буй. Тухайлбал хянагч, ялтнууд архидан согтуурч хоорондоо зодолдон нэгнийгээ хүнд гэмтээсэн, хүний амь нас санаатай бүрэлгэсэн этгээд хорих ангиас гадуур хөдөлмөр эрхэлсэн, хорих ангийн удирдлагууд ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан зэрэг олон зөрчлийг нэрлэж болно. Бид хорих ангиудаас гарсан зөрчлийн талаар тус газрын Захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Х.Пүрэвсүрэнтэй уулзаж дараахь асуултад хариулт авсан юм.

-ШШГЕГ-ын  харьяа цагдан хорих ангиудаас ноцтой зөрчлүүд илэрсэн талаархи мэдээллийг тодруулах гэсэн юм?

-Манай ШШГЕГ-аас энэ онд  албан хаагчид болон иргэдийн мэдээллийн дагуу хорих ангиудад хэд хэдэн удаа  шалгалт хийсэн. Зөрчил илэрсэн цагдан хорих ангиудад зохих хариуцлагыг тооцсон гэж ойлгож болно. Тухайлбал ялтнууд нь бүлэглэж оргосон  Мааньт дахь цагдан хорих  ангийн холбогдох албан тушаалтанд  хуулийн дагуу хариуцлага тооцсон. Мөн  Зүүн хараа дахь хорих ангийн хүмүүжигч Ц.Чимэдцэрэн ял эдлэх хугацаандаа  улсад учруулсан 14 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байхад  магадланд оруулж дэглэм бууруулсан  зөрчилд нь тус ангийн удирдлага хурандаа н.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авсан байгаа.

-Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга Л.Туяаг ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ?

– Тус ангийн албан хаагчдаас манай газрын удирдлагад өргөдөл гомдол ирсэн. Бид зохих журмын дагуу шалгалт хийхэд хорих ангийн  алба хаагчид хоорондоо ойлголцохгүйн улмаас зөрчил үүссэн байдаг. Тиймээс хорих ангийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ер нь манайхаас хийсэн хяналт шалгалтын хүрээнд 65 албан хаагчид хариуцлага тооцсон.

-407 дугаар ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүд өлсгөлөн зарласан тухай эх сурвалжийн мэдээлэл байна л даа?

-Эмэгтэйчүүдийн хорих ангид өлсгөлөн зарлаагүй.

-Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс  ШШГЕГ-ын  харьяа хорих ангиуд шалгахад ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан хэрэг ч гарсан байх аа?

-Ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан гэх мэдээлэл сонин хэвлэлээр  нэлээд гарсан. Зарим нэг цагдан хорих ангиуд ялтны нэрийн дансанд байршуулах ёстой мөнгийг хорих ангийн дулаан, цахилгааны хөлсөнд төлсөн гэх зөрчил илэрсэн.Эл зөрчилд холбогдох газраас нь хэрэг үүсгэсэн байгаа.

-ШШГЕГ харьяа хорих ангиудаас ялтны хөдөлмөрийн хөлс болох 20 орчим сая төгрөгийг дансандаа хийлгэсэн гэх мэдээлэл ч байна, ер нь хүмүүжигчдийн хөдөлмөр эрхэлж олсон мөнгийг тэдний нэрийн дансанд нь байршуулах ёстой биз дээ?

-Ялтан ял эдлэх хугацаанд хө­дөлмөр эрхэлсэн мөнгөний тодор­хой хувийг эм, хоол хүнс, хувцас хэрэглэлд зарцуулахаар хуульд заасан байдаг. Хэрэв ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан хэрэг үйлдсэн алба хаагч бий бол хууль хяналтын байгууллага шалгаж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэх байх. Дээрх мэдээллээр бол  манай дансанд орж ирсэн 20 сая төгрөг эргээд хүмүүжигч нарт зарцуулагдсан. Ер нь ялтны хөдөлмөрийн хөлснөөс үндсэн  таван зардлыг суутган  үлдсэн мөнгийг нэрийн дансанд байршуулна. Эл хөдөлмөрийн хөлсний маргаантай холбоотой өнгөрсөн наймдугаар сараас бүх ялтныг хөдөлмөр эрхлүүлж цалингаас нь  бусдад учруулсан хохирлыг барагдуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор1067 ял­танд 42 сая төгрөгийн цалин өгсөн байна. Цаашдаа бүх ангиудын ялтныг хөдөлмөр эрхлүүлж цалингаас нь хохирол барагдуулна. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс ялтны учруулсан хохирлыг барагдуулахад тэднийг ажлын байраар хангаж хуульд заасны дагуу зориулалтаар ашиглах нь зүйтэй.

                                                                                                                               Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж