Цалингийн доод хэмжээг өөрчилнө гээгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Цалингийн доод хэмжээг өөрчилнө гээгүй

Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх Засгийн газрын шийдвэр аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Төрийн албан хаагчид дотроо маш олон зэрэглэл дараалалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүний ажилласан жил, мэргэжлийн зэрэг дэв, боловсролын төвшин зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Гэтэл бүх төрлийн цалинг ижил хэмжээгээр нэмэх нь шударга биш гэж МҮЭ-ийн холбооноос мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ижил хэмжээнд нэмснээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, төрийн захиргааны албан хаагчдын цалингийн зөрүү асар ялгаатай болж байгаа талаар хөндөж байгаа. Энэ тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди ямар бодолтой явдгийг нь тодруулан лавлалаа. Тэрбээр хэлэхдээ:
-Цалинг 30 хувиар нэмэх шийдвэрийг бид нийгмийн зөвшилцлийн байгууллагуудтайгаа хамтарч гаргасан гэж ойлгож байгаа. Ер нь бол төрийн албан хаагчид ажил үүргийнхээ онцлогоос шалтгаалаад ялгаварлагдах учиргүй юм. Төрийн захиргааны албан тушаалтан гэдэг тодорхой хэмжээнд шийдвэр гаргадаг. Түүнийхээ хариуцлагыг ч өөрөө хүлээж байдаг. Цаг хязгааргүй ажиллах, онцгой нөхцөлд илүү үүрэг хүлээх зэргээр ажлын ачаалал нь бага байдаггүй. Түүнчлэн төрийн үйлчилгээнд ажиллаж буй хүмүүс төрийн захиргаанд ажиллаж буй хүмүүсээс илүү хэмжээгээр цалингаа нэмэгдүүлэх эрхтэй гэсэн хууль эрхзүйн заалт ч байхгүй. Тиймээс нийгмийн зөвшилцлийн байгууллагуудтай бид цалинг хэдэн хувиар, хэдийнээс эхлэн нэмэгдүүлэх талаар зөвшилцөн хамтын гэрээндээ гарын үсэг зурсан.

-Төрийн албан хаагчдын цалинг хөдөлмөрийн бүтээмжээр нь олгодог болох нь шударга мэт санагддаг. Ийм боломж бий юү?

-Хойшдоо ауил мэргэжлийн төвшин, хөдөлмөрийн бүтээмжийг нь харгалзан цалин хөлсийг нь нэмэгдүүлдэг болохыг үгүйсгэхгүй. Тодорхой стандартыг бий болгох, бүтээмжид нийцсэн үнэлэмжийн системтэй болох, мэргэжлийн ур чадварт тааруулан цалингийн системд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа.

-Төрийн албан хаагчдын цалин болоод тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон амьжиргааны баталгаажих төвшинд өөрчлөлт орох уу. Одоогоор мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байгаа нь дэндүү бага биш үү?

-Амжиргааны баталгаажих төвшний хэмжээг Үндэсний статистикийн газраас гаргадаг. Энэ нь Монгол Улсын нэг хүн амд ногдож буй ДНБ-ний хэмжээ, өргөн хэрэглээний бараа амьжиргааны чанарт яаж нөлөөлж байгаа зэргийг харгалзан бүс бүсээр нь ялгамжтай тогтоосон байдаг. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны баталгаажих төвшинтэй ойрхон байгаа. 108 мянган төгрөг гэдэг бага мэт санагдаж ч болно. Гэхдээ ажил олгогчийн төвшинд аваад үзвэл тийм ч бага үнэлгээ биш гэж үздэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг Засгийн газар л шийддэг. Одоогоор энэ талаар огт яриагүй байгаа. Улс орны нийгэм эдийн засгийн өсөлтөд тулгуурлан энэ хэмжээг нэмэх эсэхийг шийддэг онцлогтой. Ер нь бол хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг барилга, хүнд үйлдвэрүүд, уул уурхай, ашигт малтмал, дэд бүтцийн салбарт ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд өөрчлөх бололцоотой байдаг.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж