ХҮЭК-ын даргын асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

ХҮЭК-ын даргын асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Солонгыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн ч,  шийдвэрлэж чадалгүй, намрын чуулганд шилжүүлсэн юм. Иймд дээрх асуудлыг хэзээнээс УИХ-аар хэлэлцэж эхлэх, хэдий хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, шинэ хүн томилох ёстой байдаг талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргаад удаж байгаа ч хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй гэх яриа гараад байна. Энэ тухай та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг УИХ-аас гурван жилийн хугацаатай томилдог. Б.Солонго даргын хувьд өөрөө УИХ-д хүсэлт гаргаж, комиссын дарга болоод гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг юм. Энэ дагуу УИХ-ын дарга Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Д.Алтайг томилуулахаар оруулж ирсэн. Гэтэл түүнийг Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилох боломжгүй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж, завсарлага авсан. Ингээд л байж байна даа.

-Тэгэхээр Б.Солонго дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д хэдийд гаргасан байдаг вэ. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долдугаар сарын 7-нд энэ асуудлаар завсарлага авсан байдаг юм билээ?
 

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Солонго яг хэдний өдөр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тодорхой хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуульд заасан хэмжээнд буюу өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлэн энэ асуудлыг хугацааг нь хоцроож барьсан зүйл үгүй, ном журмынх нь дагуу хэлэлцсэн. Ардчилсан намын бүлэг завсарлага авчихаар яах юм, угаасаа. Хуулиараа бол Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний томилогдсон хугацаа нь дуусч, чөлөөлөгдөх болоход хүсэлтийг нь УИХ 60 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

-Хуульд заасан 60 хоног өнгөрчихсөн байна гэж ойлгож болох уу?

-Би хэлээд байна шүү дээ, УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авчихсан гэж…

-Намын бүлэг завсарлага авахаар хуульд заасан хугацаа хамаарахгүй болчихдог юм уу?

-Ямар янзын хүүхэд вэ.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Д.Алтайн оронд өөр хүнийг нэр дэвшүүлэн оруулж ирж, санал болго гэсэн. Тэгэхээр одоо яах вэ. УИХ-ын дарга дахиад өөр хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг үү?

-Ярилцаж л таарах байх даа.

-УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлыг дахин ярилцаж, ойлголтоо нэгтгэнэ гэсэн үг үү, эсвэл УИХ-ын дарга бас хэн нэгэнтэй зөвшилцөж, дахин өөр хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг юм уу?

-Намын бүлгүүдээр л ярилцаж таарна шүү дээ.

-Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хаврын чуулганд байр сууриа тодорхой илэрхийлсэн. “Хүний эрхийн үндэсний комисс гэдэг онцлогтой байгууллага, мэргэжлийн хүн байх ёстой гэж… Гэтэл УИХ-ын даргын нэр дэвшүүлсэн Д.Алтай нь түүхч мэргэжилтэй байдаг. Тэгэхээр бас л ойлголцохгүй бол яах юм?

-Хуульд заасан хугацаанд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болохоор шийдэж л таарна даа.

-Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэж эхэлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ.

-Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын асуудал ч бас хэлэлцэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, ирэх долоо хоногоос хэлэлцээд эхэлчихнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж