
“Монгол хэн бэ”. Дэлхийн улсууд биднийг хэрхэн төсөөлөх вэ, энэ улсад хүний эрхийн төлөв байдал ямар байна вэ гэдгийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл арваннэгдүгээр сард хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар гаргасан Засгийн газрын Үндэсний илтгэл, ТББ-уудын Форумын илтгэл, НҮБ-ын агентлагуудын гаргасан илтгэлүүдийг хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн гол онцлог нь эдгээр гурван талын гэрээг ижил түвшинд хүлээн авдгаараа ялгаатай аж. Хэлэлцүүлэгт зориулсан илтгэлүүд хэзээний очих газартаа хүрчээ. Энэ талаар ТББ-уудын Форум болон Засгийн газрын Үндэсний илтгэлд хүний эрхийн талаар хэрхэн тусгасан талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрхийн төслийн зөвлөх, UPR-ын нөлөөллийн үйл ажиллагааны зөвлөх Б.Хишигсайхантай уулзаж ярилцлаа.
-Яриагаа НҮБ-ын энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар эхлэе. Үүнд бид илтгэлүүдээ илгээснээр ямар үр дүн гарах бол?
-UPR буюу Түгээмэл, тогтмол хэлэлцүүлгийн механизм нь НҮБ-ын цоо шинэ үйл ажиллагаа гэж ойлгож болно. Урьд өмнө нь ямар нэгэн улсын Засгийн газрууд нь өөрсдийн нэгдэн орсон гэрээ, конвенцийнхээ хэрэгжилтийн талаар тайлан, илтгэлээ явуулаад хэлэлцүүлдэг байсан. Тэр үед Засгийн газар нь илтгэлээ бичээд явуулдаг. Түүнтэй нь иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд санал нэгдээгүй тохиолдолд сөрөг илтгэл бичиж сүүлд нь явуулдаг байсан. Түүнийг нь сүүдрийн илтгэл гэж хүлээн авдаг юм. Харин энэ удаагийн UPR-ын онцлог нь төрийн бус байгууллагуудын мэдээлэл нь Үндэсний илтгэлтэй ижил түвшинд хэлэлцэгдэхээрээ ялгаатай. Нөгөө талаасаа түрүүн цухас хэлсэн сүүдрийн илтгэл нь Засгийн газрын хариуцан явуулж буй Үндэсний илтгэлийн дараа гардаг байсан бол энэ удаагийнх өөр. ТББ-уудын илтгэлийг Үндэсний илтгэлээс түрүүлж авч байгаа юм. Саяхан НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн вейб сайтад Монголоос иргэний нийгмийн байгууллагуудын явуулсан мэдээллийг нэгтгээд гаргачихсан байна.
-Юу гэж гаргасан байх уу?
-Монголын хүний эрхийн нөхцөл байдлын талаар 14 мэдээлэл очсон байна. Тэдгээр мэдээллээс 9 нь төрийн бус байгууллагуудын бэлтгэж явуулсан мэдээлэл. Тиймээс Монголын талаарх мэдээлэл НҮБ-ын Дээд комисарын газарт очсон гэж ойлгож болно.
-Хүний эрх судлаачийн хувьд Засгийн газрын Үндэсний итгэл, ТББ-уудын форумын итгэл хоёрыг харицуулбал ямар байдлаар асуудлаа тусгасан юм бол?
-ТББ-уудын Форум хамтарсан мэдээлэл явуулсан. Энэ илтгэлд хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр эрх зүйн орчин хэр бүрдсэн байна вэ. Энэ чиглэлийн үндэсний механизм, бүтэц хэр зохион байгуулалттай байна. Хэр алдаа гарч байгааг тусгаснаас гадна хүний эрхийн нийтлэг ямар зөрчилүүд байгаа талаар илтгэлээ хүргүүлсэн. Мөн “Долдугаар сарын 1 ба хүний эрхийн зөрчил”, “Сонгох сонгогдох эрхийн хэрэгжилт”, “Хүн худалдаалах гэмт хэргийн тайлан”, “Монголын шилжин суурьшигчдын эрхийн төлөв” байдал гэх мэт найман сэдэвчилсэн илтгэл явуулсан. Судлаачийн хувьд Үндэсний илтгэл болон ТББ-ын Форумын илтгэлүүдийг харицуулан судалж байна. Удахгүй дуусах юм.
-Энэ хоёр илтгэлийн хувьд урьдчилсан байдлаар ямар ялгаа харагдсан бол. Огт адилгүй л байгаа байх даа?
-Үндэсний илтгэлт шүүмжлэлтэй хандахад агуулгын хувьд энэ илтгэлийг бэлтгэх явц нь өргөн хүрээнд, олон нийтийг хамарч гарч ирэх ёстой. Гэтэл бэлгэхдээ төрийн байгууллагуудтай хоёрхон удаа уулзсан байгаа юм. Уулзахдаа тэднийг сонссоноос биш илтгэлийг боловсруулахдаа оролцуулаагүй. Илтгэлийн төслөө вейб хуудсандаа тавьсан гээд байгаа боловч олон нийтийн санааг тусгах ажлыг хийгээгүй. Энэ талаасаа Үндэсний илтгэх гэх утга гарч ирсэнгүй.
-Магадгүй тэд Монгол Улсад хүний эрхийн зөрчил алга гэсэн илтгэл явуулсан болохоороо олон нийтийг хамруулсангүй юу. Эсвэл бүдүүн тойм л явуулсан болохоороо тэгэв үү?
-Үндэсний илтгэлд хүний эрхийг хамгаалах төрийн механизмын бүтэц бий болсон. Чадавхитай байна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд бол энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа.
-Жишээ нь тэд ямар учраас эсэргүүцээд байгаа юм бол?
-Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Тиймээс хүний эрхийг хангах, хамгаалах байгууллага Монголд бий гэж Засгийн газар дүгнээд байдаг. Харин ТББ-уудын илтгэлд энэ талаар хэрхэн орсон бэ гэхээр “Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг хамгаалах чиг үүргээ биелүүлж чадахгүй байна” гэж дүгнэсэн. Энэ асуудалд хамгийн их шүүмжлэлтэй хандсан нь 2008 оны долдугаар сарын 1-тэй холбогдуулж шүүмжлэл өрнөөд байгаа юм. Тэр үед Хүний эрхийн үндэсний комисс “Хүний эрх зөрчигдөөгүй” гэж хариуцлагагүй мэдэгдэл хийсний төлөө маш олон хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шалтгаан болчихсон гээд шүүмжлэлтэй хандаж байх жишээтэй. Ер нь иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн үндэсний комиссын хууль нь өөрөө Парисын зарчимд нийцээгүйгээс бие даасан хараат бус байдал бүрдээгүй байна гэж шүүмжилсэн. Дараагийн шатанд Хүний эрхийн комиссын гишүүдийн томилгоонд шүүмлэлтэй хандсан. Энэ комиссын гишүүдийг томилохдоо улс төрийн нөлөөлөл байна. Жишээлэхэд, томилогдож буй хүмүүс нь өмнө нь хүний эрхийн чиглэлээр ажилласан туршлагатай эсэх талаас нь харахгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байх жишээтэй. Түүнээс гадна Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатанд тодорхой төсөв санхүүгийн дутагдалтай байдал, хэрэгжилтийн явцыг хянах дотоод хяналт зэрэг байхгүй гээд шүүмжлэлийг иргэний нийгмийнхэн тавьсан. Ер нь хүний эрхийг хамгаалах төрийн механизм сайн ажиллах байна гэж илтгэлдээ тусгасан нь зөрүүтэй байр суурь юм.
-Засгийн газрын хариуцсан Үндэсний илтгэлийг бэлтгэхдээ хүний эрхийн асуудлыг болж байна, шийдсэн гэх өнцгөөс хандсан гэж ойлгож болох уу?
-Урьд өмнө нь гэрээний хороодод явуулдаг илтгэлтэй төстэй илтгэл болсон. Тэр нь ямар байдаг вэ гэхээр, манай улсад хүний эрхийг хамгаалах ийм хууль байна. Тийм хууль баталж, тэр чиглэлийн байгууллага байгуулсан гэх мэтээр тусгачихсан. Гэтэл ТББ-ууд болохоор эсэргээр нь баримт, факт дээр тулгуурлан үүнийг үгүйсгэсэн байдлаар зарим асуудалд гарч ирж байна.
-Санал нийлсэн асуудал байх юм уу?
-Бий. Байгаль орчны асуудалд гэхэд Засгийн газар ч сэтгэл зовинож буйгаа илэрхийсэн. Уул уурхайн салбар байгаль орчинд хэрхэн хор, хохирол, гамшигт үзэгдэл хүн амын амжиргаанд нөлөөлж байгааг гэдгийг илэрхийлсэн. Ялгаатай тал нь юу вэ гэхээр ТББ-ууд бодлогыг шүүмжилсэн. Уул уурхайн салбарт баримтлаж буй бодлого буруугаас байгаль орчин сүйдэж, хүмүүсийн амжиргаанд аюул учраад байна гэж гаргаж ирж байна л даа. Нөгөөтэйгүүр ТББ-ууд хуулиудын уялдаа холбоо, хийдлүүд нь эргээд хүний эрхийн зөрчлийг бий болгох үндсэн шалтгаан болж байна гээд шүүмжлэлтэй хандсан нь ажиглагдсан. Засгийн газрын илтгэл дээр гарснаар хүний эрхийн чиглэлээр санаа зовоож буй асуудлыг төсөв, мөнгө хүрэлцэхгүйтэй холбон тайлбарласан. Тэгвэл ТББ-ууд үүнийг үр нөлөөгүй мөнгө зарцуулж байна гэж шүүмжилсэн байгаа юм. Иймэрхүү зөрүүтэй байр сууриуд бий.
-Төрийн бус байгууллагуудын илтгэлд “долдугаар сарын 1”-ний талаар нэлээд дурдсан байсан. Харин Засгийн газрын илтгэлд энэ талаар юу гэж тусгасан бол?
-Засгийн газар дурдахын хувьд дурдсан. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхийн хэрэгжилт гэсэн хүрээнд оруулсан.
-Яг юу гэж оруулсан юм бэ?
-“Долдугаар сарын 1”-ний жагсаал цуглаан нь эмх, замбараагүй байдалд хүрсэнээс онц байдал зарлаж дөрвөн иргэн галт суманд өртөж, нэг иргэн угаартаж нас барсан. Үүнтэй холбогдуулж цагдаагийн албан хаагчдыг шалгасан. Шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч оруулсан байгаа юм. Бусад асуудал тусгагдаагүй байсан.
-Иргэдийг олноор нь баривчилж, хомроголон ял оноосноо дурдаагүй хэрэг үү?
-Энэ талаар үүнээс илүү нарийн мэдээлэл оруулаагүй. Харин ТББ-уудын илтгэлд долдугаар сарын 1-ны үймээнтэй холбоотой бүхэл бүтэн мэдээлэл бэлтгэсэн. Үүндээ шүүхийн өмнөх шатанд, шүүх шатанд хүний эрх яаж зөрчигдөв. Хүний амь хохироосон албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй гэдгийг ч оруулсан.
-Байгаль орчинтой холбоотой хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан бол. Бас л зөрүүтэй бэлтгэсэн байх, тийм үү?
-Эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийн хүрээнд энэ асуудлыг оруулж ирсэн байгаа юм. Гэхдээ нөгөөх л уламжлалт илтгэл бичдэг аргаараа хууль баталсан, хот суурин газрын хөрс, агаарын бохирдол их байна. Ундны цэвэр усны хомсдол нийт нутгаар ямар байгаа талаар бичсэн. Нийт газар нутгийн 72 хувь цөлжилтөд өртсөн. Энэ бүхний эсрэг хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна гэдгийг тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл асуудалтай байна л гэж гаргаж ирсэнээс биш юуны улмаас ингээд хор хохирол учраад байна, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд үр өгөөжтэй байна уу гэх мэтээр өөрсөддөө өгсөн санал дүгнэлтүүд учир дутагдалтай байгаа. Үндэсний илтгэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь дандаа төрийн байгууллагын хүмүүс шүү дээ. Тэгэхээр төрийн байгууллагын, нэг талын байр сууриас л хандсан. Олон талын дуу хоолойг гаргаагүй гэсэн үг л дээ. Энэ нь ч илтгэлийг уншиж байхад харагдлаа.
-Төрийн зарим хүмүүсийн зүгээс нэг болгоомжлол бий. Тэр нь юу вэ гэхээр хэрэв Монгол Улс хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг гээд НҮБ дүгнэчихвэл гадны донор байгууллагууд хөрөнгө оруулалтаа татах аюултай гэж яриад байгаа шүү дээ?
-Мэдээллээ хүргүүлж, UPR-аар яагаад хэлэлцүүлээд байгаа юм бэ. Гол зорилго нь асуудалтай салбартаа доноруудыг татах зорилго байгаа юм. Гэхдээ улстөрийн зорилгоо маш тодорхой харуулах ёстой. Бид нар үнэхээр ядуурлыг бууруулмаар байна. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг хүссэн хэмжээнд болгож чадна. Ингэхэд бидэнд мөнгө хэрэгтэй байна гээд хүсэлтээ илэрхийлвэл туслах донорууд гарч ирнэ. Одоо гэхдээ Засгийн газар боловсруулсан илтгэлдээ энэ талаар тусгаагүйгээс нуугдаад өнгөрнө гэвэл эндүүрэл. Одоо нуух боломжгүй болсон. Өмнө нь нуучихлаа гэхэд сүүдрийн илтгэл бичихтэй, үгүйтэй байсан бол одоо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм чинь гурван мэдээлэлд тулгуурлаж дүгнэлт хийх гээд байгаа юм. Ямар мэдээлэл вэ гэхээр, Үндэсний илтгэл, НҮБ-ын Дээд комисарын газраас гэрээний хороодод явуулсан илтгэл, зөвлөмжийг хураангуйлсан мэдээлэл. Гурав дахь мэдээлэл нь юу вэ гэхээр ТББ-ууд, Хүний эрхийн үндэсний комисс, олон улсын хүний эрхийн байгууллагуудын Монголын эрхийн нөхцөл байдлын талаар явуулсан мэдээллийн хураангуйлал. Энэ бүхэн дээр тулгуурлаж мэдээлэл хийх учраас Засгийн газар нуугаад нэмэргүй. Засгийн газар нуучихлаа гэхэд нөгөө талуудаас нь гараад ирнэ шүү дээ. Ийм болохоос нууцлахаасаа илүүтэй нарийвчилсан дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хүний эрхийн ямар асуудал манайд болохгүй байна. Түүний шалтгаан нь юу юм. Энэ бүхнийг олж илрүүлэн арилгах арга хэмжээг л авах нь чухал байгаа юм.
-Энэ бүхнийг олж харах сонирхол байхгүй юм биш үү?
-Хийсэн дүгнэлтийг харахад, үр дагаврыг олж хараад байна. Ядуурал ихсээд, ажилгүйдэл өсөөд байна гээд. Яагаад энэ бүхэн болоод байна гэдэг нөхцөл, шалтгааныг нь олж арилгах ёстой. Энд л гэрээний тайлангийн зорилго оршиж байна.
– Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын асуудлыг хэлэлцээд ямар нэгэн байдлаар хариу нөлөөлөл үзүүлэх үү?
-Хүний эрхийн зөвлөл гэдэг маань өөрөө улс төрийн механизм шүү дээ. Зөвлөлийн гишүүд нь Засгийн газраас томилсон төлөөлөгчөөс бүрддэг. Энэ үүднээсээ бусад орны тусгаар тогтносон байдлыг харгалзаад санаа зовинож байгаагаа илэрхийдэг. Энэ бол олон улсын тавцанд хангалттай ичгэвтэр хэрэг. Хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаагүй. Төрийн буруу бодлогоос болоод хүний эрхийг зөрчиж байна гэдэг дипломат харилцааны хувьд ч ичгүүртэй. Нөгөөтэйгүүр Засгийн газарт маш сайн зөвлөмжүүдийг өгдөг. Манай ТББ-уудын илтгэлд орсон хамгийн том шүүмжлэл бол олон улсын гэрээ, конвенцэд нэгдээд орчихсон, үүрэг хүлээчихсэн хэрнээ хэрэгжүүлэх тал дээр ямар ч анхаарал тавьдаггүй. Гадныхан зөвлөмжүүдийг хүлээж авдаггүй. Тухайлбал, 2004 онд Хүнсний тусгай илтгэгч Монголд ирэхдээ “Хүнсний хараат улс болчихсон байна” гээд дүгнэлт хийгээд явчихсан. Гэтэл одоо манай улс нийт хүнснийхээ 80 хувийг гадаадаас авдаг болчихсон. Бүр хараат болчихсон гэсэн үг. Одоо үлдсэн хорьхон хувиа алдахад амархан шүү дээ. Энэ мэтээр асуудал үүсч байна. Харин олон улсын механизмыг ашиглаж чадвал Монгол маш том алхам хийх боломжтой. UPR-ын нэг сайн тал нь юу вэ гэхээр дөрвөн жил тутамд болно. Манайх энэ жил анхны удаа орчихлоо гэхэд Монголын Засгийн газар ямар үр дүнд хүрэх талаараа амлалт авна. Дөрвөн жилийнхээ талаар дахиад хэлэлцүүлэгт орж, амлалтынхаа биелэлтийг тайлагнах учраас энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, ахиц гарах магадлал бий юм. Нөгөө талаас нь харвал хүний эрхийн асуудалд цогцоор нь хандах боломжтой болж байгаа юм. Энэ бол зүгээр л нэг удаагийн хэлэлцүүлэг биш. Тиймээс бултах аргагүй.
Л.НАРАНТӨГС