Төвлөрсөн хогийн цэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Төвлөрсөн хогийн цэгтэй боллоо

Баянхонгор аймаг төвлөрсөн хогийн цэгтэй боллоо. Баянхонгор хотын хэмжээнд агаарын бохирдол, тоосжилт гээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс сүүлийн жилүүдэд ихэссэн. Үүний зэрэгцээ хог хаягдалыг устгах, шинэ нэгдсэн хогийн цэгтэй болох шаардага тулгараад байсан юм. Өнөөдрийг хүртэл ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаа төвлөрсөн цэгт хаядаг байсан ч тавиад жилийн түүхтэй тус хогийн цэг хашаа хамгаалалтгүйн улмаас хүрээ нь улам тэлсээр байсан. “Баянхонгор хотын нэгдсэн хогийн цэг байгуулах тухай” аймгийн Засаг даргын захирамж 2009 онд гарч, үүний дагуу хаяа тэлсэн хогийг түрэн, хүрээг нь багасгах, шуудуу татаж хориглох ажил хийгджээ. Хуучин хогийн цэгийг дарж, төлөвлөсөн газарт хогийн шинэ цэг байгуулах ажлыг “Баянхонгор-Чандмань” компани хийж гүйцэтгэсэн  юм. Тус компани нийт гурван га газрыг хоёр метр гүн ухаж, гаргасан шороогоороо тойруулан далан босгожээ. Зураг төлөвлөгөөний дагуу шороон далангийн дээгүүр хоёр метрийн өндөр     төмөр хашааг тойруулан татжээ.Уг хашаа шороон далангийн өндөртэй нийлээд дөрвөн метрийн өндөртэй  учир хог хаягдал салхинд тарж хийсэх, хүрээ нь тэлэх зэрэг сөрөг үр дагавар гарахгүй юм байна. Шинэ хогийн цэг байгуулахад нийтдээ 150,0 сая төгрөгийн хөрөнгө оржээ. Нэгдсэн хогийн цэгт хог хаягдлыг булж дарах аргаар устгана. Түүнчлэн дахин боловсруулах боломжтой хуванцар сав, лааз болон төмрийг ангилан ялгах нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн эмнэлгийн аюултай хог хаягдалыг тусад нь устгах зориулалт бүхий талбайг дөрвөн метрийн гүнтэй ухаж бэлджээ. Тус хогийн цэг аймгийн төвөөс баруун тийш арав гаруй км-ийн зайд Баян-Овоо сумын нутагт байрлаж байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж