
Улсын үрийн нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих санд хянан баталгаа хийлээ. Ирэх жилийн тариалалтанд сайн чанарын сортын үр нөөцлүүлэх, торгон ба сортын үр үржүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн гэрээний биелэлтийг хангуулах, үр үржүүлгийн технологийн хэрэгжилтэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, зөрчил дутагдалыг арилгах зорилгоор зохион байгуулсан уг шалгалтанд Хархорин сумын “Хархорин” ХК, “Алтантэрэм” ХХК, “Мөнгөт хайрхан уул” ХХК, иргэн С.Жамьяансүрэн, Д.Гантулга, Богд сумын иргэн Д.Чулуунбат, Хайрхандулаан сумын иргэн Н.Адьяасүрэн, Баруунбаян-Улаан сумын иргэн Д.Төмөрчөдөр нарын үйл ажиллагааг хамруулсан юм. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг “Алтантэрэм” ХХК-ны 500 га, “Хархорин” ХК-ны 100 га, “Мөнгөт хайрхан уул” ХХК-ны 100 га-гийн Сэлэнгэ сорт, 130 га-ийн “Алтайский-100” сортын үрийн тариалангийн талбайд болон “Монголын төмс” хөтөлбөрт хамрагдан үр үржүүлж байгаа нэг аж ахуйн нэгж, зургаан иргэний үрийн тариалангийн талбайд зааврын дагуу хянан баталгааг хийлээ. Одоогоор аймгийн хэмжээнд Сэлэнгэ сортын улаан буудайн үр 590 тонн, Алтайский-100 сортын улаан буудайн үр 104 тонн, Импала сортын үр 907 цн, Витара сортын үр 115 цн-ыг хураан авах боломжтой байна. Шалгалтын үеэр тариаланчдад “Үрийн тариалангийн даатгалын”, “Таримал ургамлын үр сортын” тухай хуулийн зохих заалтуудыг сурталчилан таниулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн, зоорийг ариутгах зааврыг боловсруулан тараав.
Б.Батчимэг