Ким Чен Ир албан тушаалаа шилжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир албан тушаалаа шилжүүлэх үү?

Энэ асуултын хариу энэ сарын сүүлээр тодорхой болох төлөвтэй байна. БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын бага хурал 44 жилийн дараа энэ сарын 28-ны өдөр болох юм. Тус намын сүүлийн их хурал 1980 онд болж байжээ. Удахгүй болох намын бага хурлаар Хөдөлмөрийн намын шинэ удирдах байгууллагыг сонгох ажээ. Харин хурал товлосон хугацаанаасаа яагаад 18 хоногоор хоцорч эхлэх болсныг намын удирдлагаас тайлбарлаагүй байна. Энэ оны найм, есдүгээр сард болсон байгалийн гамшгаас болж хурлыг хойшлуулсан байж болзошгүй хэмээн гадаадын ажиглагчид үзэж буй ажээ. Хүчтэй салхи, үер, ширүүн борооны улмаас хэдэн арван хүн амь үрэгдэж, 3,3 мянган хувийн байшин эвдэрч, найман мянга гаруй хүн гэр оронгүй хоцорчээ. Нийтдээ 30,5 мянган га тариалангийн талбай усанд автсан байна.

Хэдий байдал тийм байгаа ч БНАСАУ-ын Хөдөлмөрийн намынхан ээлжит бага хуралдаа шаргуу бэлтгэн улсын удирдагч Ким Чен Ирийг намын анхан шатны байгууллага бүр намын бага хуралд хүндэт төлөөлөгчөөрөө сонгож буй ажээ.

Гадаадын ажиглагчид олон жилийн дараа болох гэж байгаа энэ бага хурлаар Ким Чен Ир намын удирдлагын ажлаа ирээдүй халаадаа өгч болзошгүй хэмээн бас таамаглаж буй аж. Ким Чен Ир Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга юм. Түүнийг энэ ажлаа хүү Ким Чен Ун-д шилжүүлж магадгүй байгааг ажиглагчид дурджээ. Ким Чен Ир 1994 онд өөрийн эцэг Ким Ир Сенийг нас барснаас хойш улс орныг удирдлаж байгаа юм.

Японы тал БНАСАУ-д болж байгаа үйл явцыг боломж бүрийг ашиглан ажиглаж шуурхай судалж буй талаар тус улсын Сайд нарын танхимын  ерөнхий нарийн бичгийн дарга Йосито Сэнгоку мэдээлжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж