Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирэх долоо хоногоос хуралдаанаа эхлүүлж, Улсын ерөнхий прокурорын зүгээс тавьсан Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай хүсэлтийг үргэлжлүүлэн авч хэлэлцэхээр болжээ. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх болсон үндэслэлээ Улсын ерөнхий прокурор дараах байдлаар гаргасан юм. Үүнд нэгдүгээрт, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, хоёрдугаарт, гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчин ажилтнаа хууль бусаар тагнаж чагнасан гэж үзсэн билээ. Энэ асуудлыг мөн Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газраас байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг ч шалгаж эхэлсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуулийн байгууллагуудын шалгалтын дүн эцэслэн гарахыг хүлээх ёстой. Тэгэж байж, Авлигатай тэмцэх газрын дарга нар хууль зөрчиж үү, үгүй юу гэдгийг баттай мэдэж, бид шийдвэр гаргахад дөхөмтэй болно. Түүнээс одоо байгаа мэдээллээр ямар нэг шийдвэр гаргахад хангалттай бус байна” гэж үзэн эл асуудлыг намрын чуулганаар хэлэлцэхээр болж, мөн Тусгай хяналын дэд хороонд шилжүүлээд байсан билээ. Харин Тусгай Хяналтын дэд хороо нь арав гаруй хоногийн өмнө хуралдаад Авлигатай тэмцэх газрын дарга нар Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарган, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд ирүүлээд байгаа юм. Тиймээс УИХ-ын намрын чуулганыг хүлээж байсан эл асуудал удахгүй нэг тийш шийдвэрлэгдэх цаг хугацаа ойртож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж