Малчдад нөхөн төлбөр олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Малчдад нөхөн төлбөр олгожээ

Зуд
болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгааг хамгаалах
зорилгоор хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгал” төслийн хэрэгжилт
сайн байгаа ажээ. Малын индексжүүлсэн даатгал төсөл нь 2005 оноос
Баянхонгор, Увс, Хэнтий аймагт 2009 оноос Сүхбаатар аймагт, 2010 оноос
Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ аймгуудад хэрэгжиж
байгаа ажээ. Энэхүү даатгалыг  Бодь даатгал, Монгол даатгал, Прайм
даатгал, Практикал даатгал, Түшиг даатгал зэрэг компаниуд таван удаагийн
даатгалын борлуулалтыг амжилттай зохион байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд
давхардсан тоогоор 23 000 гаруй малчин өрхийн гурван сая гаруй толгой
малыг даатгалд хамруулаад байна. Эдгээрээс 8 700 гаруй малчин нийт 2.6
тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт авчээ.

Тухайлбал, 2009 онд 5 628
малчдаас Хэнтий аймгийн 15 сумын 269 малчин, Баянхонгор аймгийн есөн
сумын 823 малчин, Увс аймгийн 18 сумын 1 025 малчин, Сүхбаатар аймгийн
гурван сумын 44 малчин, нийт 57 сумын 4 706 малчинд нэг тэрбум 900 сая
орчим төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна.

2010 оны
даатгалын борлуулалтаар Баянхонгор, Увс, Хэнтий, Сүхбаатар, Булган,
Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ аймгуудын нийт 6 947 малчин
малаа даатгуулж 413 сая төгрөгийг нөхөн төлбөрийн дундын дансанд
төвлөрүүлсэн байна. Энэ нь 2009 оны Үндсэн даатгалын бүтээгдэхүүний
борлуулалттай харьцуулахад борлуулалтын орлого 232 сая буюу 56 хувиар,
даатгуулагчдын тоо 2 657 буюу 38  хувиар өссөн үзүүлэлт юм.

2010 оны байдлаар төсөл хэрэгжиж байгаа есөн аймгийн нийт малчдын  /66
438 өрх/  10,5 хувь /6 947/ нь, нийт мал  сүргийн /18,6 сая толгой мал/ 
6,2 хувь /1 156 168 толгой мал/ нь даатгалд хамрагдаад байна.

 Засгийн
газраас жилд 5-6 аймаг нэмж хамруулах замаар 2012 он гэхэд уг төслийг
үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Үүний дагуу 2011 оноос
Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгуудыг нэмж
төсөлд хамруулахаар шийдвэрлээд байна.   Малын индексжүүлсэн даатгал нь
нэгж малчны малын хорогдлоор бус сумын хэмжээнд хорогдсон малын тоог
үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг индексжүүлэн
тооцоолдог онцлогтой юм байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж