Ч.Сангарагчаагийн суудлыг хөндөхөөс халгасаар

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн суудлыг хөндөхөөс халгасаар

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д тавиад зуныг үдэж, намартаа золголоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түр хөндийрүүлэх төдий асуудлыг чуулган завсарлахаас өмнө гурван ч удаа хэлэлцэж тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Улмаар Тусгай хяналтын дэд хороонд “Албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зөв үү, буруу юу судал” гэж даалгавар өгөөд орон нутгийг зорьцгоосон билээ. Тусгай хяналтын дэд хороо дээрх асуудлыг зунжин судалж Р.Амаржаргал гишүүний өрөөнд нууцын зэрэглэлтэй хуралдсан. Хуралдааныхаа шийдвэрийг ч нууцын зэрэглэлтэйгээр 20 хоногийн өмнө Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Нууц шалгалтын ил болсон дүнгээр бол Ч.Сангарагчаа гүйцэтгэх ажлын хууль зөрчиж ажилтнуудаа нууцаар чагнаж тагнасныг нь Тусгай хяналтын дэд хороо судалж баталжээ. Гэтэл “Тусгай хяналтын дэд хороо хариугаа өгчихвөл хуралдахад бэлэн” гэж мэдэгдэж байсан Хууль зүйн байнгын хороо өнөөг хүртэл таг чиг. Тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ долоо хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийхдээ гишүүдийн ирц бүрдэхгүй байгааг учирлаад өөрөө тойрогтоо ажиллахаар явсан билээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн уржигдар Хэнтий аймгаас иржээ. Гэсэн ч Хууль зүйн байнгын хороо хурлаа хэзээ хийх нь тодорхойгүй хэвээр байна. “Судалж байна”, “Ирц бүрдэхгүй байгаагаас хурал хойшиллоо” гэх мэтээр УИХ-ын гишүүд Ч.Сангарагчаагийн суудлыг хөндөхөөс халгасаар байгааг цаг хожих гэсэн башир арга гэж хууль сахиулагчид хардаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Ч.Сангарагчаа төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх хавтаст хэрэгт холбогдох нотлох баримтыг устгасан талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Мөн Ч.Сангарагчаа “Шалга, шалга бас дахин шалга” гэж мэдэгдсэн ч сэжигтнээр тогтоогоод дөрвөн сар шахам болж байхад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй аж. Ч.Сангарагчаа даргад ингэж том загнах, мөрдөн байцаагчдыг эсэргүүцэх эрхийг УИХ хуулиа зөрчин байж олгосон. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлэхгүй байх тодорхой шийдвэрийг УИХ 14 хоногийн дотор гаргах учиртай. Гэтэл өнөөг хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй байгаа. Бүр УИХ-ын намрын чуулган хүртэл “Ч.Сангарагчаагийн албан тушаал” гэсэн сэдэв дарагдана гэж ярих ч гишүүд байгаа. Тэгэхээр Ч.Сангарагчаад холбогдох дуулиан УИХ-ын намрын чуулганы нээлтийн чимэг байх бололтой.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж