Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Батсууриуд

Батсууриудыг энэ удаа онцолж байна. Хамгийн эхлээд парламентын гишүүдээс эхлэх нь зөв байх гэж бодлоо. Одоогийн Их хуралд хоёр Батсуурь бий. Намаараа өөр боловч сонгогдсон тойргийн хувьд адилхан. Хоёулаа Дорноговийнх. Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагаар овоглодог  нутгаасаа Сууриуд өнгөрсөн сонгуулиар ана мана үзэж гарч ирсэн. Тэднээр дамжуулж Дорноговийнхон парламентад цоо шинэ төлөөллөө оруулж ирсэн  юм. Д.Одончимэд нарын хууччуулаа Сууриудаар сольж, “жийсэн” гэхэд болно. Ж.Батсуурийн хувьд амьдаагаасаа гурван насаар ах, МАХН-ын кадр.

1960 оны намрын сүүл сард буюу арваннэгдүгээр сарын 10-нд төрсөн гэж намтартаа тэмдэглэсэн байсан.  Гэхдээ намрын сүүл сар гэснийг бодоход арваннэгдүгээр сарын 10-н  гэдэг бол багцаалсан өдөр байж мэднэ. Угаасаа тэр үеийн хөгшчүүд европ тооллоор хүүхдийнхээ төрсөн өдрийг яг таг мэддэггүй шүү дээ. “Хаваржаанаас нүүж байхад л төрсөн юмдаг” гэх мэтийн тойм юм л ярьдаг. Энэ жишиг Ж.Батсуурь гишүүний төрсөн өдрийг тогтооход давтагдсан байж магадгүй л юм.  Түүний аав Жамьянсүрэн нь  насаараа адуу малтай ноцолдсон уяач хүн байжээ. Нэгдэл, нийгэмдээ нэр хүндтэй явсных  аймгийнхаа аварга уяач хүн байсан. Тэгэхээр мань хүн ч гэсэн  хурдан морины  уяа сойлгоос авахуулаад энэ талын эрдэмд одоо ч хоосонгүй байж мэднэ. Боловсролын хувьд Орос школ гэдэг шиг Чехсловакаар дагнасан нөхөр.  Нэгэн үе бараг л хоёр дахь эх орон нь  Чех байжээ. Анх хөл тавьсан нь гэвэл 1978 он аж. Тэр энд таван жил Братислав хотын Техникийн их сургуульд “нүдүүлээд”барилгын инженер, эдийн засагчийн  хос мэргэжил эзэмшин нутаг буцжээ. Харин үүнээс арван жилийн дараа  Чехэд дахин хөл тавив. Яг тэгэхэд ганзагын наймаачид Польш, Унгар, Герман гээд л Европын орнууд руу цувж байсан үе. Ингээд 1994 онд хоёр дахиа очиж Прагын Их сургуульд дахин дөрвөн жил эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан байна. Гэхдээ номын дуу сонсохын сацуу сургуульдаа давхар багшилж байсан их эд. Ерөнхийдөө 1983 онд Монголд буцаж ирснээсээ  хойш дахин Чех рүү докторын зэрэг хамгаалахаар явах  хүртлээ Ж.Батсуурь тухайн үеийн Политехникийн дээдэд багш, дэд захирлаар ажилласан аж.

 Ингээд 2000 он хүртэл Улаанбаатар хотод “Ус орчин “ компанийн Ерөнхий захирлаар хоёр жил гаруй ажиллаад 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа төрсөн нутаг руугаа  Засаг даргаар томилогдож очжээ. Эндээс түүний улстөрийн карьер эхэлсэн гэхэд болно. Гэхдээ 2004 онд Засаг даргын ажлаа өгснөөс хойш өнгөрсөн сонгуульд нэр дэвших хүртэлх хугацаанд тэр Японд хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс төгссөнийг нь эс тооцвол нам гүмхэн байсан билээ. Тэрбээр эхнэр, хүүгийн хамт ам бүл гурвуул. Эхнэр Д.Гэрэл нь Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар ажилладаг. АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон  Я.Батсуурийн хувьд  хэдийгээр аав Д.Яйчил нь адуучин, уяач хүн байгаагүй ч Зүүнбаянгийн нефть бааз, аймгийнхаа усны аж ахуйд насаараа жолооч хийжээ. Харин өдгөө тэр Ж.Батсууриасаа илүү моринд хорхойсч, зундаа хусуур бүсэлдэг гишүүдийн нэг. Өнгөрсөн наадмаар л гэхэд Я.Батсуурь гишүүн нутагтаа очиж  их насны хурдан буянынхаа тоосыг өргөөд ирсэн гэсэн. Тэрбээр бас багаасаа шагайн харваагаар хичээллэсэн, шаггүй сайн харваач гэж байгаа. Угаасаа говийнхны ганц хорхойсдог зүйл шүү дээ. Тийм ч учраас Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгчөөр зүгээр ч нэг түүнийг  сонгоогүй гэсэн үг. Хурдан морины  тухайд “А”-гүй хүн биш бөгөөд багаасаа хурдан морь унаж, аймагтаа айраг түрүү нэг бус удаа авч байсан нь ч адуунд дуртай болоход нь нөлөөлсөн биз ээ. Я.Батсуурь гишүүн эхнэр, гурван хүүхэдтэй. Алтанширээ суманд наймдугаар анги дүүргэснийг эс тооцвол Дорноговь аймгийн төв Сайншандын уугуул. Энд 10-р анги төгсөөд дипломатч болох хуваарь өвөртлөн алтан Москвагийн  Олон улсын харилцааны Дээд сургуульд 6 жил сурч төгссөн аж.

Үүнээс хойш дандаа гадаад харилцааны чиглэлээр ажиллажээ. Монгол Улсаас Тайландад Элчин сайдаар , АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны нарийн бичгийн даргаар гээд тоочвол албаны намтар нь чамгүй урт. Хамгийн сүүлд гэхэд л парламентын гишүүн болохоосоо өмнөх жилүүдэд  ГХЯ-ны Ази, Америкийн газрын дэд дарга, даргаар ажиллаж байсан байна. Дипломатч хүний, бас төрийн түшээгийн хувьд үндсэн ажлаасаа гадна өдгөө  төрийн болон төрийн бус хэд хэдэн газарт тэргүүлэгч, Ерөнхийлөгчийн  сонгуульт алба хашдаг. 

Өөр бас нэг Батсуурийг энд онцолмоор байна. Сүүлийн жилүүдэд хоёр ч яаманд Төрийн нарийнаар томилогдож ажиллаад байгаа гуравдахь амидаа нь бол Нанцагийн Батсуурь. Ерөнхийдөө түүний хувьд өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр ажиллаж байсан гэхэд болно.  Дунд нь 90-ээд оны эхээр Москва хотын Нийгэм-Улс төрийн Дээд сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөнийг эс тооцвол энэ салбарт тасралтгүй ажилласан байна. Гэхдээ давхар улс төрийн салбарт хэсэг хугацаанд ажиллаж үзжээ. МАХН-ын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтнаар 1994 он хүртэл гурван жил, харин ХХААЯ-ны Төрийн нарийнаар томилогдон 2003 оноос хойш зургаан жил ажилласан байх юм. Одоо бол БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг аваад бараг хоёр жил болох гэж  буй. Хэдийгээр түүнийг яам сэлгэж энд ирэхэд салбарын бус хүн томиллоо гэж нэг хэсэг шуугисан тал бий.

Гэвч  аль ч яамны Төрийн нарийн гэдэг бол мэргэжил, мэдлэг гэхээсээ илүү улс төрийн албан тушаал учраас яах ч аргагүй. Н.Батсуурийн хувьд хүмүүст Төрийн нарийнаас гадна сүүлийн арваад жил Улсын баяр наадмаар эчнээ танил болсон хүн. Учир нь тэр Наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар комисст хадагдчихсан юм шиг удаж байгаа. Өөрөө ч залуудаа ноцолдож, дээлээ урж явсан гэх юм билээ. Гэхдээ нэр нэгт аваргынхаа дайд яаж хүрэх вэ. Гол нь бөхөд дуртайг нь Үндэсний бөхийн комиссынхон бодолцож үздэг байх л даа. Түүнээс бус Мал эмнэлгийн газрын дарга, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын албаны дарга байсан өөр салбарын хүн үндэсний бөхөд ямар ч хамаагүй баймаар. Гэхдээ ямар нэг шалгуур байдаг л биз дээ. Эцэст нь Батсууриудын хувьд товчхондоо ийм.  Улс төрд өнгөлж яваа гэдгээр нь дээрх  гурван Суурийг энэ удаа ийн нэрийг нь нэгтгэлээ. Цаана нь өөр бусад салбарт өөдрөг яваа, магадгүй гундуухан алхаж яваа Батсууриуд ч олон бий байх. Хүний л амьдрал хойно доо.                  

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж