
“Үдийн цай”-нд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд тендер зарлан, сонгон шалгаруулж бүтээгдэхүүнд нь “Батламж” олгосон нь өмнөх жилүүдээс илүү чанартай бүтээгдэхүүнээр сурагчдад үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Үдийн цайнд бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйл явцтай тухайн бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн хяналтын зөвлөл эцэг эх, сурагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг зохион байгуулан хяналтыг үе үе хийдэг нь бүтээгдэхүүний чанар сайжрах, технологийн горим зөрчигдөхгүй байх нэг нөхцөл болжээ. Энэ бүхний үр дүнд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тэр үеэс манай аймагт нэг ч удаа хоолны хордлого болон ямар нэг ноцтой зөрчил илэрч гараагүй байгааг шалгалтын комисс үнэлж, цаашид ч хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.