Жоншны нинжа нарыг нутгийн удирдлагууд өөгшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Жоншны нинжа нарыг нутгийн удирдлагууд өөгшүүлжээ

Дундговь аймгийн Хулд сумаас зүүн тийш 10 гаруй километр дэх Түймэрт гэдэг газар жонш илэрсэн нь нутгийхан төдийгүй хөрш сумынхны анхаарлыг татаад зогсохгүй хоромхон зуур дөрвөн зуугаад нинжа нар цугларчээ. Тэд талыг там болтол бужигнаж хүрз, жоотуу, лоом, зээтүү гээд юу тааралдсанаараа онгичин гаргаж авсан жоншоо борлуулж хэдэн бор төгрөг олох болсон байна. Нинжа нараас жонш бөөнддөг их гарыхан ч тэнд  ирж амжсан болохоор жоншоо борлуулах гэж зовох юмгүй. Тонн жонш газар дээрээ  60 мянган төгрөгийн үнэ хүрнэ.  Харин ченжүүд Чойр хүргээд 150 мянган төгрөгөөр борлуулдаг ажээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаа, татвар, тагнуул гээд хүчний голдуу байгууллагынхан очиж ухуулга таниулга хийж, зарим талаар сүр хүч хэрэглэсэн ч нинжа нарын тэн хагас л тараад байгаа аж. Энэ талаар нь хүчний байгууллагын нэгэн албан тушаалтнаас сонирхоход “Бид очоод нинжа нарт тарах шаардлага тавьсан. Бүгд зөвшөөрсөн. Харин тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон, одоо аймгийн  удирдах албан тушаалд ажилладаг нэг эрхэм бидний шаардлагыг үгүйсгэн үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрснөөр нинжа нар улам олон болж үржээд байна. Тэр хүн дахин сонгогдох замаа зассан ч байгаль нөхөн сэргээгдэнэ гэдэг хэцүү дээ” гэж өгүүллээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж